Шакира: Миний хамгийн том мөрөөдөл шагнал цуглуулах биш хүүхдүүдээ аавтай нь өсгөх байсан
Дуучин Шакира “Billboard” сайт ярилцлага өгсөн байна. Тус ярилцлагыг орчуулж хүргэе.
-Хүүхдүүд нь сургуульдаа дуртай байгаа юу?
-Хүүхдүүд маань сайн сурч байгаа.Тэдэнд энд их таалагдаж байгаа. Барселонад байхдаа олны танил хүмүүсийн хүүхдүүд гэсэн утгаараа тэдэнд хэцүү байсан байж магадгүй. Бас папариццичид өдөр бүр манай гэрийн гадаа ирдэг байсан л даа. Харин энд хүүхдүүд маань энгийн амьдралаар амьдарч эхэлсэн. Сургууль нь өөрөөрөө байж чадах газар болсон. Сургууль тийм л газар байх ёстой. Тэд нийтэч, нээлттэй болохоор дасан зохицоход амар байсан.
-Та дасан зохицсон уу?
-Дасан зохицох явцдаа л байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам би оюун ухааны уян хатан чанараа бага зэрэг алдсан. Би энд хамгийн сүүлд 21 настай байхдаа л амьдарч байсан. Майами хот өөрчлөгджээ. Өмнө нь зам ингэж түгжирдэггүй байсан.
-Тэгвэл танд машин барих таалагдаж байна уу?
-Тийм ээ, би өөрөө жолоо барьдаг. "Toyota Sienna" маркийн машинтай. Гоё машин биш л дээ. Манай гэрт сайхан машин байхгүй. Ганц байгаа сайхан зүйл нь би.
-Та гадуур их явж байгаа нь харагддаг. Таныг тийм нээлттэй хүн гэж мэдсэнгүй.
-Би ч бас мэдээгүй л дээ, өмнө нь нэг их гардаггүй байсан болохоор мэддэггүй байсан юм. Гарахдаа унтлагын хувцас өмсөх дуртай. Миний хүүхдүүд “Miami Heats” багийн улаан, ногоон шүтэн бишрэгч болохоор тоглолтуудыг нь үзүүлдэг. Сагсан бөмбөг, хоккейн бүх тоглолтуудыг л дагуулж яваад үзүүлдэг. Хүүхдүүд аавтайгаа байхад нь би өдөржин ажиллаад, орой нь найзуудтайгаа гарч маргарита уусан шиг ээ өнгөрөөх дуртай.
-Өнгөрсөн жилийн хугацаанд таны амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөв үү?
-Маш их. Зөндөө зүйл болсон, тийм болохоор хүүхдүүдтэйгээ өнгөрөөж болох цагуудаа үнэ цэнтэй байлгахыг хичээдэг. Жишээ нь энэ зун тэд над дээр ирэхэд би бүх цагаа тэдэнд зориулсан. Ажлаа ч хийгээгүй, хүүхдүүд маань ч бас зуслан яваагүй. Тэдэнтэй өнгөрөөх цагаа хамгийн дурсамжтай байлгахыг хичээдэг.
-Энэ нь таны хөгжмийн карьерт хэрхэн нөлөөлсөн бэ?
-Сая Лос-Анжелест долоо хоног байлаа. Энэ хугацаандаа чадах бүх зүйлээ хийсэн. Студиэс гараад ажил, уулзалт, ажил, ажил, ажил, шөнө болтол ажилласан. Дараа нь удаан уулзаагүй найзуудтайгаа уулзаад гардаг. Энэ долоо хоногт бүх юмыг л амжуулахыг хичээлээ, ажил, зугаа цэнгээ гээд л, гэхдээ удахгүй дахиад ээж хүний үүргээ гүйцэтгэх хэрэг гарна. Гэрийн эзэн, ээжийн үүргээ гүйцэтгэж байхдаа өөр зүйл хийж чаддаггүй.
-Гэхдээ таны туулсан бүхнээс үүссэн давуу тал нь та сүүлийн жилүүдэд хамгийн амжилттай дуунуудаа гаргасан явдал гэж бодож байна. Та санал нийлэх үү?
-Үнэнийг хэлэхэд, би түүнд (Жерар Пике) амьдралаа зориулсан байсан. Гэр бүлдээ бас түүнд. Барселонад байхдаа өөрийнхөө карьерыг үргэлжлүүлэхэд их хүндрэл тулгарсан. Тэнд байхад хамтран ажиллах хүн олоход логистикийн хувьд хэцүү. Миний мөрийн хөдөлмөр бусадтай давхцах, эсвэл хэн нэгэн ирэхийг хүлээх хэрэг гардаг байсан. Хүүхдүүдээ орхиод гадаад руу хөгжим хийхээр явж чадахгүй. Тийм учраас карьераа нэг хэмнэлтэй авч явахад хэцүү байсан.
-Харин одоо болохоор хамтран ажиллахыг хүссэн хүнтэйгээ шууд холбогдож чадна. АНУ, Майами, Лос-Анжелесийн онцлог бол надад логистик, техникийн дэмжлэг хүн, нөөц, багаж хэрэгсэл нь байгаа. Харин Испанид амьдрахад тийм зүйл байгаагүй юм.
-Би ерөөсөө энэ өнцгөөс нь харж байгаагүй юм байна.
-Ийм учраас карьер бол миний зорилгын гуравт жагсдаг зүйл. Хамгийн сүүлд зургаан жилийн өмнө цомгоо гаргасан. Харин одоо хөгжмөө илүү хурдан бүтээгээд цацаж чадна. Гэхдээ заримдаа ганц бие ээжийн амьдралын хэв маяг уран бүтээлчийнхтэй таардаггүй юм шиг санагддаг. Хүүхдүүдээ оронд нь оруулж унтуулах хэрэгтэй, бас студи руу явж дуугаа бичнэ.
-Гэртээ үлдээд хүүхдүүдээ харах нөхөр байхгүй учраас байнга л гэрээс ажлын хооронд явдаг. Яагаад гэвэл би хүүхдүүдийнхээ амьдралд оролцдог, тэднийг сургуулиас нь авдаг, хамт өглөөний цай уудаг ээж байхыг хүсдэг болохоор. Бас энэ зүйлүүдээс гадна би мөнгө олох хэрэгтэй.
-Ажил эрхэлдэг ээж байх нь хэцүү, нийгэм бидэнд бүхнийг хийж чадна гэсэн ойлголтыг үүсгэсэн. Гэхдээ заримдаа үнэхээр хэцүү байдаг, та энэ талаар юу гэж бодож байна?
-Би фитнест яваагүй нэг жил боллоо. Аан гэхдээ хэдэн удаа явсан юм байна. Бас массаж хийлгэлгүй хэр удаан явснаа мэдэхгүй байна. Тийм ээ бүхнийг амжуулахад хэцүү.
-Энэ бүхэн тохиолдохоос өмнө та шинэ хөгжим гаргах талаар боддог байсан уу, эсвэл та Барселонад амьдардаг байхдаа сэтгэл хангалуун байсан уу?
-Миний хамгийн нандин зүйл бол миний гэр бүл байсан. Би “үхэл биднийг салгах хүртэл” гэдэгт итгэж байсан. Би тэр өөрийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө ч гэсэн тэр бодолдоо итгэсэн. Миний аав ээж хоёр бараг 50 гаруй жил хамтдаа амьдарч байгаа, тэд бие биеэ эхний өдрөөс л эхэлж хайрлаж ирсэн юм. Тэдний хайр дахин давтагдашгүй онцгой. Тийм учраас ийм хайр байх боломжтой гэж би итгэдэг.
-Миний ээж хэзээ ч аавыг минь орхиогүй. Тэд одоо ч гэсэн бие биеэ үнсдэг. Би тэдний хайрыг үлгэр жишээ болгон хардаг. Ийм хайрыг л би өөртөө бас хүүхдүүддээ хүссэн. Гэхдээ бүтсэнгүй л дээ. Амьдрал чамд заримдаа нимбэг өгнө. Тэр үед нимбэгийн шүүс хий гэдэг үг байдаг. Миний одоо хийж байгаа зүйл бол тэр, нимбэгийн шүүс.
-Та одоо аз жаргалтай байна уу?
-Маш том хариулттай богинохон асуулт байна. Хүн болгон аз жаргалтай байх боломжтой гэж би боддоггүй. Зөвхөн цөөн хэдэн хүмүүс л жаргалтай байдаг, тэдний нэг нь би биш. Заримдаа жаргалтай байна, бас эргэцүүлэн бодох ч үе байна. Бас эргэн дурсах гоё мөчүүд ч бий, миний хөгжим үүнд тусалдаг.
-Та таван жилийн дараа болсон зүйлсээ эргээд бодоход, эдгээр мөчүүдийг илүү эергээр харж чадна гэж бодож байна уу?
-Гэр бүл минь нуран унасан зовлонг юу ч эдгээж чадахгүй гэж бодож байна. Мэдээж би хүүхдүүдийнхээ төлөө үргэлжлүүлэн хичээх хэрэгтэй, хүүхдүүд маань миний хамгийн том утга учир. Миний хамгийн том мөрөөдөл бол Грэмми гэх мэт шагнал цуглуулах бус хүүхдүүдээ аавтай нь өсгөх байсан. Хамтдаа саад бэрхшээлийг даван туулж, хамтдаа хөгшрөх. Гэхдээ одоо энэ мөрөөдлөө биелүүлж чадахгүй гэдгээ ойлгосон.
-Энэ үйл явдлын эцэст та өөрийнхөө талаар юун шинээр олж мэдсэн бэ?
-Миний сэтгэлийн хат. Би өөрийгөө тийм ч хүчтэй гэж бодоогүй. Өмнө нь жижигхэн юмнаас болж л сэтгэлээр унаад өгдөг байсан. Гэхдээ төлөвшиж, үнэхээр хэцүү зүйлсийг даван туулах нь аливаа зүйлийг өөр өнцгөөс харах, уужуу сэтгэлтэй болгож өгдөг юм байна лээ. Сайхан мөчүүдээ нандигнаж, муухай мөчүүдээ хэтрүүлэн бодохгүй талаар суралцсан.
-Өмнө нь надад жинхэнэ хэцүү асуудлууд тулгардаггүй байсан. Маш сүржин байсан л даа. Нэг удаа “The Voice” шоу дээр шүдээ цуулчхаад бөөн юм болж уйлсан. Тэгэхэд Жерар надад алмаазан шигтгээтэй бөгж авч өгч байж л аргадсан. Бас тэр үед жирэмсэн байсан болохоор миний хормонуудын тэнцвэргүй байдал нөлөөлсөн байх.
-Харин одоо шүдээ цуулбал зүгээр л шүдний эмч дээр очоод янзлуулчихна. Өмнөх шигээ хоёр өдөр дараалж уйлахгүй.
Эх сурвалж: Billboard
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hugshin gi shii boljee
Шакираагийн нөхөр нь с�##�сан юмуу.т�##�ийгч болчихсон юмуу.орчуулж бгаа хүмүүс нь ойлгогдохоор юм нийтэлж бгаачээ.
Нөхөр нь өөр бүсгүйтэй суучихсан, тэгээд с�##�сан