Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон: Сэргийлэх боломжтой хорт хавдар жилд 1 их наяд иений дарамт учруулдаг

Японд шинээр явуулсан судалгаагаар хорт хавдар тус улсын эдийн засагт жил бүр 2.85 их наяд иений (19.4 тэрбум ам.доллар) дарамт учруулдаг гэдгийг илрүүлжээ.

Харин урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдар жил бүр 1.02 их наяд иений эдийн засгийн дарамт учруулдаг байна. Судалгааг Японы Хавдар судлалын үндэсний төв бусад байгууллагуудтай хамтран явуулжээ. Тус улсад оношлогдож буй нийт хорт хавдрын тохиолдлын 35 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлтүүд байдаг аж.

Урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлүүд бол халдвар, тамхи, архины хэрэглээ гэх мэт зүйлс билээ. Эрдэмтэд 2015 оноос хойш хорт хавдраар оношлогдсон 4 сая орчим өвчтөний мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эмчилгээний зардал, ажлын бүтээмжийн алдагдал гэх мэт зүйлсийн мөнгөн дүнг тооцоолжээ.

Японы Хавдар судлалын үндэсний төв

Үүний үр дүнд урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдруудаас ходоодны хорт хавдар хамгийн их эдийн засгийн хохирол учруулсан байна. Үүний дараа эрэгтэйчүүдэд уушгины хорт хавдар, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар жагссан аж.

Хеликобактерийн халдвараас үүсэлтэй ходоодны хорт хавдар 221 тэрбум иен, тамхидалтаас болж үүссэн уушгины хорт хавдар 138.6 тэрбум иен, хүний хөхөнцөр вирусээс (HPV) болж үүсдэг умайн хүзүүний хорт хавдар 64 тэрбум иений эдийн засгийн дарамт үүсгэжээ.

Судалгааг явуулсан эрдэмтдийн нэг Эйко Сайто “Халдвараас урьдчилан сэргийлэх үзлэг, HPV-ийн вакцинжуулалтыг тогтмол сурталчилж, тамхины эсрэг кампанит ажил явуулах нь эдийн засгийн дарамтыг бууруулахад тусална” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button