Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын арслан М.Бадарчаас А сорьцоор допинг илэрч, Б сорьцоо нээлгэх хүсэлтээ есдүгээр сарын 04-нд өгсөн. Б сорьцыг задлахад өөрийн биеэр хяналт тавихаар БНСУ-д очсон болон хариу нь эерэг гарч, допинг хэрэглэсэн нь албан ёсоор баталгаажсан тухай бид мэдээлсэн билээ.
Түүний А сорьцоос МЕТЕНОЛОН гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн. Метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм.
М.Бадарчийн допингийн хариуны талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн эсрэг Үндэсний байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөхөөр хүлээгдэж буй юм.
Тэд өнөөдөр /2023.09.26/ олон нийтэд хандаж, мэдээлэл хийнэ гэх мэдээлэл байгаа.
Албан ёсны мэдээлэл өгсний дараа М.Бадарчид ямар хариуцлага тооцох, тавын даваанаас эхлээд түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цолыг нь нөхөж олгох зэрэг асуудлууд хөндөгдөх юм.
МҮБХ-ны 2021 онд барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар тусгасан байдаг:
- МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасна хэмээсэн.
Н.БЭХНЭМЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.