Шакира найман жилийн хорих ял сонсож магадгүй

Алдарт дуучин Шакираг Испанийн прокурорууд татвараас зайлсхийсэн гэж хоёр дахь удаагаа буруутгажээ. Прокурорууд түүнийг 2018 онд Испанийн засгийн газарт 7.1 сая ам.доллар төлөөгүй, зайлсхийсэн гэж үзэж байгаа юм. Энэ хэргийн улмаас Шакира найман жилийн хорих ял сонсож магадгүй.
Тэрбээр өнгөрсөн жил 2012-оос 2014 оны хооронд 15.3 сая ам.долларыг татварт төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан билээ. 2012-оос 2014 оны тал гаруй хугацааг Испанид амьдарч өнгөрүүлсэн тул татвар төлөх ёстой гэж прокурорууд дүгнэсэн байдаг. Гэхдээ тус хугацаанд Шакирагийн албан ёсны оршин суугаа хаяг нь Бахамын арлуудад харьяалалтай байсан билээ.

15.3 сая ам.доллартой холбогдох хэргийн шүүх хурал ирэх арван нэгдүгээр сарын 20-ны өдөр эхэлнэ. Шакира “ELLE” сэтгүүлийн Испани дахь салбарт ярилцлага өгөхдөө “Шүүхэд өөрийнхөө талыг үнэн зөв гэдгийг батлах хангалттай баримт цуглуулсан гэдэгтээ би итгэлтэй байгаа. Шударга ёс миний талд зогсоно гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC, Unilad
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.