Б.Мөнхтамир: Олон улсын нислэгийн 7 чиглэлд тийзээ эрт захиалбал 10-15 хувийн хямдралтай

МИАТ компани Frankfurt, Istanbul, Beijing, Hong-Kong, Seoul, Busan, Tokyo зэрэг чиглэлүүдэд нислэгийн тийзний үнээ хямдруулсан талаар өнөөдөр /2023.09.29/ мэдээлэл хийлээ.
Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир "Монгол Улсын Засгийн газgj 2023-2025 онуудыг Монгол зочлох жил болгон зарлаж, аялал жуулчлалыг дэмжиж байгаа. Үүний хүрээнд МИАТ компанийн зүгээс хямдралтай тарифаар үйлчилж байсан. 2022 оны намрын чуулганаар Газрын тосны тухай хуулийн 7.2-т онгоцны шатахууныг экспортлогч орнуудаас шууд худалдаж авах боломжтой болсон.
Үүнтэй холбоотойгоор 2022 оны есдүгээр сараас эхлэн МИАТ компани Монголын төрийн өмчийн "Эрчис ойл" компаниар дамжуулан Роснефьт компаниас хямдралтай үнээр шатахуун шууд авах боломжтой болсон.
Үүнээс өмнө тийзнийхээ үнийг бууруулдаггүй гэх шүүмжлэл нийгэмд байсан. Тэгвэл 2011 оноос хойш хөдлөөгүй нислэгийн тийзний үнийг 10-15 хувиар бууруулж байна.
Иргэдийн авч байгаа тийзний үнэ өсөөд байгаагийн шалтгаан нь МИАТ ТӨХК-ийн үндсэн зардал валютаар хэмжигддэгтэй холбоотой. Монгол төгрөгийн ханш гадаад валютын эсрэг тогтмол унаж байгаа. Тиймээс иргэдэд билетийн үнэ өсөж байгаа мэт мэдрэмж өгөөд байдаг боловч, 2011 оноос хойш тийзний үнэ нэмэгдээгүй.
- Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар 881 мянгаас
- Улаанбаатар-Инчеон-Улаанбаатар 1.2 саяас,
- Улаанбаатар-Бусан-Улаанбаатар 1.1 саяас,
- Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар 1.4 саяас,
- Улаанбаатар-Токио-Улаанбаатар 1.7 саяас,
- Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар 1.6 саяас,
- Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар 1.9 саяас төгрөгөөс эхэлж байна.
Энэ бол манай хамгийн хямд тариф. МИАТ ТӨХК-иас нислэг бүрд 17 нэр төрлийн үнийг санал болгодог. Олон улсын нислэгийн тийз захиалгын систем болон олон улсын зочид буудлын системтэй адилхан. Хэн түрүүлж эрт захиална тэр хэрээр хямд тийз олж авах боломж нэмэгддэг.
Шатахууны зардал буурсантай холбоотойгоор ийнхүү тийзний үнийг бууруулж байна. Тухайлбал, Улаанбаатар Бээжин чиглэлийн билет 26 хувиар буурсан бол зарим чиглэлд хамгийн багадаа 10 хувиар буурсан. Дундажлахаар 10-15 хувиар буурч байна ойлгож болно" гэлээ.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
"Өнгөрсөн 2020, 2021 буюу "ковид-19"-ийн жилүүдэд МИАТ ТӨХК алдагдалтай ажилласан. 2020 онд 52 тэрбумын, 2021 онд 11 тэрбумын алдагдалтай ажилласан. 2022 онд шатахуун болон бусад зардал хэмнэлтүүдийг хийсэн. 42 тэрбум төгрөгийн зардал бууруулсан. 2022 оны жилийн эцсийн байдлаар 37 тэрбумын ашигтай ажилласан. Энэ онд ч мөн ийм зорилготой ажиллаж байна. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх төлөвтэй байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.