Нийгмийн

ФОТО: Б.Болороог дэмжиж буй иргэд маргааш 12 цагт Сүхбаатарын талбайд цуглана

Өнгөрсөн зургаадугаар сард иргэн Б.Болороогийн нөхөр ажлын байран дээрээ харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгтэйгээ холбогдуулан Б.Болороо арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс 12-16 цагийн хооронд Сүхбаатарын талбайд суулт зарлаж, нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх зорилгоор гарын үсэг цуглуулж буй юм.

Тэрбээр энэ тухайгаа: Ээж бид хоёр өөрсдийн зүгээс тавьж буй гурван ерөнхий шаардлагынхаа хүрээнд ард түмнээсээ дэмжлэг хүсэх буюу гарын үсэг цуглуулахаар талбай дээр суулт зарлаж эхэлсэн. Та бүхэн зав зай, боломжоороо ирээд гарын үсгээ зураад дэмжиж буйгаа илэрхийлбэл баярлахаар байна. Би уг нь гурван хүсэлт, ерөнхий нөхцөл байдал шаардлагуудаа бичиж төрийн өндөрлөгүүддээ ил захидал болгон фэйсбүүкээрээ дамжуулан оруулсан ч харамсалтай нь хэн нь ч надад хариу өгсөнгүй. Энэ бол тоглоом биш. Үүнийг 10 мянга гаруй хүн түгээсэн байна. Миний зорьсон зорилгыг 10 мянга гаруй хүн дэмжиж байгаа боловч манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрийн удирдлагууд маань нүдгүй чихгүй юм шиг суугаад байгаа тул яах аргагүй дараа дараагийн арга хэмжээгээ авч, талбай дээр суулт зарлалаа.  Заавал биднийг ингэж туйлд нь хүргэж байж дуу хоолойг минь сонсох ёстой юм бол суултынхаа дараагийн арга хэмжээ өлсгөлөнгөө зарлаж чадна гэдгээ хэлье. Төрийн өндөрлөгүүд үүгээрээ “Нэг муу хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн нөхөр нь нас бараа л биз, шүүх эмнэлэг нь буруу ажиллаа л биз” гэсэн өнцгөөс харж байна гэж би ойлгож байна. Дотроо гомдож байна. Энэ бол зөвхөн манай гэр бүлийн асуудал биш. Өмнө нь олон тохиолдолд хохирогч талууд ийн хохирч байсан. Хэдий болтол бид хохирсноо мэдсээр байж хэлгүй, дүлий юм шиг суугаад тэвчээд суугаад, төрд байгаа хүмүүсийг муу муухай зүйл хийхийг өөхшүүлж байх юм гэхийн эсрэг байгаа” хэмээж байв.

Б.Болороо өнөөдөр уг суултаа үргэлжлүүлээд, маргааш /2019.11.06/ 12:00 цагт өөрийг нь дэмжиж буй хүмүүсийн хамтаар нэгдсэн зохион байгуулалтад орон цуглаж, шаардлага ахин хүргэнэ. Хэрэв суулт үр дүнд хүрэхгүй бол дараагийн арга хэмжээг авч, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button