УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Д.Сумъяабазар "нурсан" ч Акуа Гарден нурсангүй

Туул голын сав газарт барьж, хууль зөрчсөн гэгддэг Акуа Гарден хотхоныг нураана гэдгээ мэдэгдсэн Хотын мээрийн амлалт хэдийн хоёр сартайгаа золгох гэж буй. Олон нийтийн дунд ч "Авлига хороолол" хэмээх нэршлээрээ түгсэн эл барилгын дөрвөн блокын хоёрыг нь нураах хотын захирамж гарч, олон нийт ч эсэргүүцэж, мөн дэмжиж байв.

Ийн ам гарсан Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр /2023.10.02/ шөнө албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн талаараа олон нийтэд мэдээлж, дараагийн даргад хэд хэдэн захиасыг хэлсэн юм. Ингэхдээ Акуа Гарден хорооллын талаар дурдаагүй бөгөөд бид түүнээс дахин ам асуув.

Хотын дарга ч шууд л "Акуа Гарденг нураана л гэсэн бол нураана. Асуудалгүй" хэмээн мэдээллээ. Товчоор бол тэр анхны байр сууриасаа эцсээ хүртэл ухарсангүй.

Гэвчиг гол асуудал нь түүний дараагийн дарга уг асуудлыг үргэлжлүүлэх эсэх нь сонин. Нэгэнтээ Д.Сумъяабазар "Барилга нураах асуудал эрх зүйн хувьд БХБЯ-ных юм билээ" гэсэн агуулгатай үгийг унагаж байсан. Тэгэхээр тэрбээр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд итгэсэндээ ийн бардам ам гарав уу.

Нөгөө талаас Ц.Даваасүрэн ч уг асуудалд дорвитой тайлбар тавихгүй байсаар. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө 16-аас дээш давхар барилгын зөвшөөрлийг БХБЯ өгч ирсэн. "Авлига хороолол"-д ч өгсөн гэсэн үг. Тэгэхээр одоо уг барилгын асуудлыг бид БХБ-ын сайдаас ам авах шаардлагатай болж буй.

Ц.Даваасүрэнгээс гадна Хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн уг асуудлыг хариуцаж буй нэгэн билээ. Өнөөдрийг хүртэл оршин суугчидтай уулзаагүй, мөн тус хотхоныг захиалан бариулж буй Эм энд жи констракшн компанийн төлөөлүүдтэй уулзаагүй гэх мэдээлэл бий.

Харин Эм энд жи констракшны зүгээс Захиргааны хэргийн шүүхэд Акуа Гарден хотхоны хоёр блокыг албадан буулгах захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр нийслэл Акуа Гарден төслийн хоёр блокыг буулгах сонгон шалгаруулалт зарлах ажлыг үргэлжлүүлж байна гэдгээс өөрөөр ил болсон мэдээлэл байхгүй байв.

Үерийн асуудал дээр гурван объектыг нураана гэх асуудлыг ярьсан Хотын дарга "Шунхлай" ШТС-ыг нүүлгэж, "S'Outlets" дэлгүүрийг нураасан. Гэсэн хэдий ч ийнхүү сүүлийн даваагаа давж чадсангүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 3, 2023 11:10

Aqua avilga xoroolliig bugdiig ni xurdan buulga. Barilga xot baiguulaltiin yam ajlaa xiij buulgaach

Холбоотой мэдээ

Back to top button