Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: U-money түц 31 байршилд байгаагаас ЕРДӨӨ ЕС НЬ АЖИЛЛАДАГ

Нийслэлийн иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ u-money картаар төлбөрөө хийх болоод нилээдгүй хугацаа өнгөрсөн. Үүнтэй зэрэгцээд u-money картын цэнэглэлтийн асуудал хамгийн чухал сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Иргэд одоо ч өглөө эрт болон оройны цагаар картаа цэнэглүүлэхэд асуудал тулгарсан хэвээр. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Улаанбаатар смарт карт компани өнгөрсөн намар карт борлуулах түцийг шинээр нээсэн юм.

-ЦАХИЛГААНЫ АСУУДЛААС БОЛООД БҮРЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛЭЭГҮЙ УЧИР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ-

Өнгөрсөн хоёрдугаар сард уг компани нь нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “u-moneyборлуулах, цэнэглэх түц 20 байгаа бөгөөд үүнээс зургаа нь үйл ажиллагаа явуулж байгаа. Үлдсэн цэгүүдийн хувьд цахилгааны асуудлыг бүрэн шийдэж дууссаны дараа үйл ажиллагаа явуулна. Бүх цэг хэвийн ажилд орсны дараа дахин шинэ цэгүүдийг нэмж, хяналт шалгалтыг хийж ажиллах болно” хэмээн дурьдаж байжээ.

Гэвч тухайн карт борлуулах, цэнэглэх цэг нь одоог хүртэл бүрэн үйл ажиллагаагаа жигдлээгүй нь дээр цагийн хуваарийн дагуу ажилладаггүй иргэдийн бухимдлыг хүргэсээр байгаа юм.

Ингээд улаанбаатар смарт компанийн үйл ажиллагаа хариуцсан ажилтнаас энэ талаар лавласан юм.

Одоогийн байдлаар 31 цэгт уг борлуулах цэгийг байрлуулсан байгаа ч цахилгааны асуудлыг бүрэн шийдээгүй нь улмаас 13 газар үйл ажиллагаа эхэлсэн. Гэвч зарим асуудлаас болж яг одоогоор есөн газарт карт борлуулах, цэнэглэх цэг ажиллаж байгаахэмээн мэдээлсэн юм.

-АВТОБУС ЯВЖ ЭХЛЭХ, БУУХ ЦАГТАЙ ЗЭРЭГЦЭЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ U-MONEY ТҮЦНИЙХЭН АЖЛАА ХИЙДЭГГҮЙ-

Бидэнд өгсөн мэдээллээр үйл ажиллагаа бүрэн эхэлсэн есөн газрууд байгаа юм. Уг газруудын гурваар буюу БЗД-ын нутаг дэвсгэрт байрлах, Офицеруудын ордон, Баянзүрх дүүргийн автобусны буудал, Их засаг их сургуулийн цэгүүдийг зорьсон юм. Биднийг өдрийн 16 цагийн орчимд очиход уг гурван цэг ажиллаж байлаа. Борлуулалтын цэгийн ажилчид бид автобус явж эхлэх, буух цагтай зэрэгцэж ажиллах ёстой энэ үүргийнхээ дагуу ажиллаж байгаа гэв.

Гэвч бодит байдал дээр нөхцөл өөр байлаа. Бид 21 цагийн орчимд тус газруудад очиход офицеруудын ордноос бусад салбар нь хэдийн хаачихсан байлаа.

Харин ойр орчимд амьдардаг иргэн болон өглөө эртлэн ажилдаа ирдэг иргэдээс уг цэгийн талаар лавласан юм.

Иргэн-1: Их засаг сургуулийн урд байгаа энэ цэг байнга л түгжээтэй байдаг. Онгорхой байхыг нь саяханаас л харлаа. Ер нь өглөө эрт  долоон цагийн үед онгойчихсон байхыг нь огт харж байгаагүй. Миний хувьд Их засаг их сургуулийн хойно байдаг цэргийн ангид ажилладаг. Өдөр бүр өглөө эрт ажилдаа ирдэг болохоор үнэхээр өглөө эрт онгойдоггүй гэдгийг нь сайн мэдэж байна. Харин автобусны картаа цэнэглүүлэхдээ эрсдлээ бодоод ажил тараад бүх юм хаахаас өмнө цэнэглүүлдэг. Энгийн түцнүүд хүртэл бидний ажилдаа явах цагт нээж, карт цэнэглэнэ гэж байхгүй шүү дээ.

Иргэн-2: Карт цэнэглэх уг цэгийг мэднэ. Гэхдээ байнга л хаалттай байдаг шдээ. Хотын зарим газруудад ийм цэг байдаг ч ажилладдаг юм онгорхой байхыг нь бараг харж байсангүй. Түц, дэлгүүрийн цэнэглэдэг газрууд тогтмол цагтаа ажилладаг гэдгийг нь мэдэх юм байна.

Иргэн-3: сошиал сэтгэгдэл.

-МАНАЙХТАЙ ГАЗРУУД АВТОБУС НЭЭЖ ХААХ ЦАГТАЙ ЗЭРЭГЦЭЖ АЖИЛЛАХ ГЭРЭЭ ХИЙДЭГ Ч ТЭД ӨӨРСДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАДАГ-

Иргэдийн гомдлын дагуу мөн улаанбаатар смарт картны ажилтнаас асууж лавласан юм.

-Иргэд карт борлуулах цэгүүд өглөө эрт ажилладаггүй хэмээн их гомдолдог. Тиймээс танай зүгээс карт борлуулах цэгүүдэд цагийн хуваарийн хяналт явуулж байна уу?

-Манайхтай гэрээ хийхдээ автобус нээж хаах цагтай зэрэгцэж гэж гэрээ хийдэг ч цэнэглэх цэгүүд маань өөрсдийн цагийн хуваарийн дагуу ажилладаг. Тиймээс бидэнд хяналт тавих боломж хараахан байхгүй. Гэхдээ бид 24 цаг ажилладаг CU, Circle-k, eco express зэрэг сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ хийж U-money картыг борлуулах болон цэнэглэх цэгийг бий болгосон. Мөн иргэд хаан банкны карт, u-point үйлчилгээ зэргээр өөрөө шууд цэнэглэх боломж бий.

-Иргэдийн зүгээс танай ажиллахгүй байгаа борлуулах цэгүүдийн талаар гомдол саналыг бүрэн өгөх боломжтой юу?

-Тэгэлгүй яахав. Манай u-money картын талаарх санал гомдол хүлээн авах утас болон 1111 лүү залгаж мэдээлэл өгөх боломжтой.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button