Колумбын арми 6,402 энгийн иргэнийг хөнөөсөндөө уучлал гуйв
Колумб улсын зэвсэгт хүчин олон мянган энгийн иргэнийг зүүн жигүүрийн партизанууд хэмээн гүтгэн хөнөөсөндөө уучлал гуйжээ.
Мөрдөн шалгах ажлын үр дүнд 2002-оос 2008 оны хооронд Колумбын зэвсэгт хүчин 6402 энгийн иргэдийг гүтгэн, амь насыг нь бүрэлгэсэн гэдгийг илрүүлсэн байна. Тус улсын зэвсэгт хүчний коммандлагч Луис Оспина “Үндэсний армийн гишүүд хэзээ ч хийж болохгүй зүйл хийсэн” гэж хэлсэн юм.
Хэлмэгдэн нас барсан хүмүүсийн ихэнх нь нийслэл Богота болон түүний эргэн тойронд амьдардаг ядуу хорооллын оршиг суугчид байсан аж. Хохирогчдыг хөдөө орон нутагт ажиллуулна гэж амлан авчирч, дараа нь хөнөөдөг байжээ.
Амь насыг нь бүрэлгэсний дараа тэдэнд цэргийн хувцас өмсүүлж эсвэл гарт нь зэвсэг бариулан орхидог байсан аж. Колумбын арми Колумбын Хувьсгалт Зэвсэгт хүчин нэртэй бүлгэмтэй дайтаж байхдаа ийм аймшигтай үйл хийсэн юм.
Байлдаанд ялж байгаа мэт харагдахын тулд цэргийн өндөр албан тушаалтнууд цэргүүддээ энгийн иргэдийг хөнөөх тушаал өгдөг байжээ. Мягмар гарагт /2023.10.03/ энэ явдалтай холбоо бүхий үйл явдал Богота хотын төвд болж, Колумбын Батлан хамгаалахын сайд Иван Веласкес хохирогчдоос уучлал гуйсан байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.