Хойд Солонгос БНСУ-ыг албан ёсны нэрээр нь бус “утсан хүүхэлдэй” гэж нэрлэх болов

Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд БНСУ-ыг албан ёсны нэрээр нь бус “утсан хүүхэлдэй” гэж нэрлэх болсон байна.
Тухайлбал БНАСАУ-ын төрийн өмчит Родон Синмун хэвлэлийн газар “Өмнөд Солонгос” гэх нэршлийг хамгийн сүүлд есдүгээр сарын 13-ны өдөр ашиглажээ.
Харин Умардын Төв телевиз, радио станц “Өмнөд Солонгос” гэсэн нэр томьёог хамгийн сүүлд долоодугаар сарын 15-нд ашигласан юм. Наймдугаар сарын 19-ний өдөр тус радио Өмнөд Солонгосыг “утсан хүүхэлдэй” гэсэн үг ашиглан мэдээлсэн байна.
Мөн есдүгээр сарын 30-нд БНАСАУ-ын Төв телевиз Азийн наадамд хоёр Солонгосын баг тоглосон тухай мэдээлэхдээ Өмнөд Солонгосыг “утсан хүүхэлдэйн баг” гэж нэрлэжээ. Эдгээр жишээнээс Хойд Солонгосын мэдээллийн байгууллагууд Өмнөдийг албан ёсны нэрээр нь бус “утсан хүүхэлдэй” гэж нэрлэн мэдээлж эхэлснийг харж болно.

Зарим шинжээчид Пёняны хэвлэлүүд ийм нэр томьёо ашиглах болсон нь Өмнөд Солонгос холбоотон улсуудтайгаа нэгдэн Умардын цөмийн хөтөлбөрийн эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж буйтай холбоотой гэж үзжээ.
Өмнөд Солонгосын Эва их сургууль дахь Хойд Солонгос судлалын профессор Пак Вон Гон “Умард ийм хариу үйлдэл үзүүлж байгаа нь АНУ, Япон, Өмнөд Солонгос гурав Хойд Солонгосын цөмийн зэвсгийн эсрэг авах арга хэмжээгээ бэхжүүлэхээр ажиллаж байгааг харуулж байна” гэсэн юм.
Харин БНСУ-ын засгийн газрын албан тушаалтан “утсан хүүхэлдэй” гэх нэршил ашигласнаараа Хойд Солонгосын өөртөө итгэлгүй байдлыг харууллаа гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1953 оноос өнөөг хүртэл АНУын мэдэлд орж тэдний дохио зангаагаар гар хурууны хөдөлгөөн ,нүдний харц доор амьдарч ирсэн ӨМНӨД Солонгосыг УТСАН ХҮҮХЭЛДЭЭ гэж нэрлэх нь зөв мэтээ.Жинхэн КИМ овогтууд ад шоо үзэгдэг ХОЙД Солонгост амьдардаг ,,,,