Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий эхний шатны тоглолтоо маргааш хийнэ

Манай улсын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг Тажикстан улсад очлоо. Улмаар маргааш буюу аравдугаар сарын 12-ны өдөр Афганистаны эсрэг ДАШТ-ий эхний тоглолтоо хийх юм. Тоглолт Монголын цагаар 22.00 цагаас эхэлнэ.
Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцүко 2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад болох ДАШТ-ий эхний шатанд өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгохоор 28 тоглогчийг дуудсан билээ.
Үндэсний дээд лигийн ээлжит тойргийн тоглолтууд өндөрлөсний дараа буюу аравдугаар сарын 5-нд шигшээ багийн анхны бэлтгэл эхэлсэн. Харин аравдугаар сарын 7-ны өдөр болсон бэлтгэлийн үеэр ФС Улаанбаатар клуб болон Үндэсний шигшээ багийн үндсэн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ зүүн гуяндаа бэртэл авсны улмаас Афганистаны эсрэг хийх эхний тоглолтдоо оролцох боломжгүй болсон юм.
Тэгвэл Үндэсний шигшээ багт дуудагдсан 23 тамирчны нэрийг хүргэе. Үүнд,
Хаалгачаар,
- А.Сайханчулуун /ФС Ховд/
- Б.Ариунболд /Хангарьд/
- С.Батмагнай /Дэрэн/
Хамгаалагчаар,
- Н.Хашчулуун /Дэрэн/
- Г.Бат-Оргил /ФС Улаанбаатар/
- Б.Амгаланбат /ФС Улаанбаатар/
- Филип Андерсон Чинзориг /ФС Славия Карловы/
- О.Мөнх-Оргил /Дэрэн/
- П.Баярцэнгэл /Хангарьд/
- Б.Ууганбат /Дэрэн/
- Э.Өнөр-Эрдэнэ /ФС Улаанбаатар/
Хагас хамгаалагчаар,
- П.Ууганбаяр /ФС Улаанбаатар/
- Г.Буяннэмэх /ФС Ховд/
- А.Дөлгөөн /Дэрэн/
- Б.Цогтбаяр /Su Rebenland/
- Б.Батмөнх /Дэрэн/
- Ц.Баасанжав /Дэрэн/
- Х.Цэнд-Аюуш /Төв Азарганууд/
Довтлогчоор,
- У.Тэмүлэн /Sporting Ilch/
- Г.Ганбаяр /ФС Комарно/
- Б.Намсрай /SP Falcons/
- О.Мижиддорж /ФС Улаанбаатар/
- Б.Мөнх-Эрдэнэ /ФС Ховд/ нар багтжээ.
Маргааш буюу Афганистаны эсрэг хийх тоглолтыг Тажикистаны Душанбе хотод хийх бол аравдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод 15.00 цагт манай улсын тамирчид Афганистаны эсрэг дахин тоглох билээ.
Энэ удаагийн шигшээ багийн хамгийн залуу тамирчин нь довтлогч У.Тэмүлэн юм. Харин ахмад тамирчин нь ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод тав дахь удаагаа тоглохоор зэхэж буй Х.Цэнд-Аюуш билээ. Манай улсын шигшээ багийн 23 тоглогчийн дундаж нас 24 байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.