Эмэгчин мэлхийнүүд хээлтэхгүйн тулд заримдаа үхсэн мэт жүжиглэдэг

Европ эрдэмтэд шинэ судалгаа явуулж эмэгчин мэлхийнүүд эрэгчинтэйгээ хээлтэхгүйн тулд заримдаа үхсэн мэт жүжиглэдэг гэх дүгнэлтэд хүрчээ. Ороо нь орсон эрэгчин мэлхийнүүд эмэгчин мэлхийтэй зууралддаг аж. Үүний улмаас эмэгчин мэлхий нь эндэх тохиолдол хүртэл гардаг байна.
Берлин хотын Байгалийн түүхийн музейн судлаач Каролин Дитрих “Өмнө нь эмэгчин мэлхийнүүд эрэгчнээс ирэх шахалтаас өөрийгөө хамгаалах арга зам байдаггүй гэж үздэг байсан” гэж хэлжээ.
Гэхдээ шинээр явуулсан судалгаанаас харвал хамгаалах чадваргүй гэдэг нь худал байж магадгүй аж. Тэрхүү судалгааны ажилд гар бие оролцсон Дитрих “Өмнө нь боддог байсан шиг эмэгчнүүд энэхүү шахалтыг зүгээр хараад суудаггүй бололтой” гэсэн байна.

Дитрих бусад эрдэмтэдтэй хамтран эрэгчин мэлхийнүүдийг хоёр эмэгчин мэлхийтэй савуудад хийжээ. Ингээд ажиглахад 54 эмэгчин мэлхий хээлтэх оролдлогод өртөж, тэдгээр эмэгчний 84 хувь нь хээлтэхгүйн тулд биеэ эргүүлэх гэж оролдсон аж.
Мөн эмэгчнүүдийн 48 хувь нь дуу чимээ гарган эрэгчнээ үргээх гэж оролджээ. Харин эмэгчнүүдийн 33 хувь нь булчингаа чангалан, хөдөлгөөнгүй болж үхсэн мэт жүжиглэсэн байна.
Гэхдээ эмэгчин мэлхийний гаргасан авир өөр шалтгаантай ч байж магадгүй гэдгийг судлаачид онцлов. Ийм учраас Дитрих судалгааныхаа төгсгөлд мэлхийн зан авирыг цаашид илүү сайн шинжилж үзэх хэрэгтэй гэж бичжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.