НАСА сансраас авчирсан солирын дээжээ үзүүллээ

Өнгөрсөн сард НАСА-гийн “OSIRIS-REx” хөлөг 4.6 тэрбум жилийн настай Бенну солироос авсан дээжтэй дэлхий дээр газардсан билээ. Тэгвэл лхагва гарагт /2023.10.11/ дээжийг шинжилж үзсэн урьдчилсан шатны дүгнэлтээ танилцуулсан байна.
Эрдэмтэд дээжийг судалж үзээд Бенну солир дээр нүүрстөрөгчийн нэгдлүүд болон усны молекул их байж магадгүйг харуулсан баримт олжээ. Аризонагийн их сургуулийн ахлах судлаач Данте Лауретта үр дүнг сонсохоор Хьюстон Жонсоны сансрын төвд цугласан сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ эдгээр дээж нь шинжлэх ухааны алт эрдэнэс гэсэн юм.

Харин НАСА-гийн захирал Билл Нелсон нүүрстөрөгчөөр баялаг солирын хэлтэрхийнүүд нь эрдэмтдэд манай гараг дээр амьдрал хэрхэн үүссэн гэх асуултыг судлахад тусална хэмээжээ.
“OSIRIS-REx”-ийн дээж авчрах ажил маш амжилттай болсон байна. Учир нь гэвэл эрдэмтэд тус хөлгийг анх хөөргөхдөө 60 грамм хэлтэрхий авчрах зорилготой байсан. Хөлгийг дэлхий дээр газардсаны дараа дээж хадгалагч савны тагийг нээхэд төлөвлөснөөс их материал авчирсныг нь эрдэмтэд мэдсэн юм.
Эрдэмтэд эдгээр хэлтэрхийг хэдэн арван жилийн турш судлах болно гэж Нелсон хэлжээ. “OSIRIS-REx”-ийн авчирсан дээж дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэн гэдгээс гадна манай нарны аймаг болон дэлхийн үүслийн талаарх хүн төрөлхтний ойлголтыг нэмэх нь дамжиггүй.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.