"Эко стандарт петролиум" аюултай хог хаягдлыг устгах зөвшөөрлөө авсны маргааш 10 тн тос масло хаяжээ

Хот даяараа өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр газ мэт үнэрийг үнэрлэж сэрж, зарим иргэдийн биеийн байдалд нөлөөлсөн асуудал үүссэн билээ. Олон нийтийн уг мэдээллээр холбогдох албаны хүмүүс шалгалт хийж, ажилласан юм. Үүний үр дүнд урьдчилсан дүгнэлтээр бохир ба ашигласан тос масло урвалд орсноор үүссэн бодис ийм үнэртэй байсан аж.
Албаны хүмүүс өчигдөр шөнөжин ажилласан бөгөөд үүний үр дүнд 10 орчим тонн ашигласан тос, маслыг БЗД-ийн 11 дүгээр хороон дахь бохирын цооног руу цутгасан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон. Эл нөхцөл байдлыг "Эко стандарт петролиум" компани бий болгосон хэмээгээд буй. Уг үйл явцыг аравдугаар сарын 10-ны өдөр үйлдсэн хэмээн тогтоогоод байгаа билээ.
Тухайн цооногоос хойш чиглэлд магистраль шугамаа даган Дүнжингарав, Кинг Тауэр орчимд үнэр ихээр түгжээ. Ингэхдээ дуудлагаар бохир соруулдаг компанийг хөлсөлсөн нь тогтоогдсон байна.
Тэгвэл "Эко стандарт петролиум" компанийн талаарх мэдээллийг хүргэе.
"Эко стандарт петролиум" нь 2019 оны есдүгээр сарын 24-ний өдөр үүсгэн байгуулжээ. Ч.Оюун гэсэн нэг хувь эзэмшигчтэй. Эцсийн өмчлөгчөөрөө ч 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Ч.Оюун нь бүртгүүлсэн байна.

Тэдний хувьд цар тахлын улмаас үйл ажиллагаагаа 2022 оны аравдугаар сар хүртэл эхлүүлээгүй байсан аж.
Тус компани нь анх байгуулагдахдаа нефтийн бүтээгдэхүүний тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлсэн байдаг. Харин дөрөв хоногийн өмнө буюу 2023 оны аравдугаар сарын 9-ний өдөр аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааны чиглэлээр зөвшөөрлөө авчээ.
Өнөөдрийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд тус компани ямар нэгэн тендерт орж байгаагүй ажээ.
"Эко стандарт петролиум" нь дизель түлш үйлдвэрлэх туршилтаа Налайх дүүрэгт хийсэн ч орчиндоо их хэмжээний таагүй үнэр ялгаруулсан шалтгаанаар үйл ажиллагааг нь түр зогсоож байсан удаатай.
Холбогдох бусад мэдээллүүдийг доорх холбоос дээр дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.