УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хагас коксон түлшийг турших уу

Утаа айсуй. Өвлийн бэлтгэл ажлыг хангах асуудал хэдийн хөндөгдөж эхэлсэн энэ үед наймдугаар сарын сүүлээс хойш ярьж эхэлсэн түлшний туршилтын асуудал одоо хэрхэх нь олны анхааралд байсаар.

Тодруулбал, нийслэл бонд гаргаж, хагас коксон түлшийг түлж, эхний ээлжид зорилтот хэсгүүдэд туршиж үзэхээр болсон талаараа Эрчим хүчний сайд мэдээлж байв. Хоёр сарын турш энэ агуулгаараа ч Б.Чойжилсүрэн олны анхааралд өртөж, "туршилтын сайд" гэгдээд буй.

Гагцхүү түүний эл төслийг өмнөх Хотын дарга Д.Сумъяабазар хамтран ажиллах хүлээлттэй байсан хэдий ч "цавчаа ногоон"-ы асуудлаар суудлаа орхисон билээ. Өдгөө шинэхэн Хотын дарга Х.Нямбаатар тун чиг хэцүү нөхцөлд шинэ албанд томилогдсон. НИТХ-ын хуралдаанаар тэрбээр парк шинэчлэлт хийхийг яаравчлуулж, агаарын бохирдолд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Харин энэ үеэрээ нэгэн зүйлийг дурдсан нь хагас коксон түлшний асуудал байв. Тэрбээр "Би хагас коксон түлшний туршилтыг харсан. Мэргэжлийн байгууллагуудын зарим нь өмнөх өвөл хэрэглэсэн хагас коксон түлштэй зарчмын ялгаа байхгүй гэх хариулт өгсөн. Агаарын чанарт өөрчлөлт орохгүй бол татвар төлөгчдийн мөнгийг үрэх шаардлагагүй гэж бодож байна. Тиймээс богино хугацаанд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг харсны дараагаар хагас коксон түлшний асуудлыг шийдвэрлэнэ" хэмээн мэдээлсэн.

Тэгвэл энэ асуудалд өчигдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хагас коксон түлшний туршилтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн. Ингэхдээ тэрбээр "Хагас коксон түлшний асуудлыг ирэх долоо хоногт бондын мөнгөөр санхүүжүүлэх эсэхийг шийдэх байх. Тиймээс ирэх долоо хоногт Хотын даргатай уулзана" гэсэн юм.

Ямартай ч Б.Чойжилсүрэнгийн гэгдэх хагас коксон түлшийг цаашид турших эсэх нь Хотын шинэхэн дарга Х.Нямбаатараас шалтгаална. Учир нь хагас коксыг тендерээр худалдан авах бөгөөд зөвшөөрлийг нь Улаанбаатар хотын захирагч гаргах юм. Тэгэхээр хагас коксон түлшний туршилтын эцсийн шийдвэр Эрчим хүчний сайдын хэлсэнчлэн ирэх долоо хоногоос тодорхой болох нээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-15 12:33

Мэдрэл муутай ф�####�кууд

Холбоотой мэдээ

Back to top button