НИЙГЭМСурвалжилгаТойм, анализУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сурвалжилга: Угаартахад бэлэн улаанбаатарчууд

Сүүлийн өдрүүдэд угаар, утаа, тортогны асуудал мэр сэр яригдаар. Нийслэл хотын хувьд утааны улирал ирж, агаарын бохирдол нэмэгдэх үе ойртов. Хэдийн олон нийт нар шингэх үеэрх агаарт буй суунагласан цагаан утаа, тортгийг ажаа биз. Аравдугаар сар дунд үедээ орсон энэ үед шахмал түлшний улмаас ийн утаа суунаглаж, тортог сааралтаад эхлэв.

-Шахмал түлш хэрэглэдэг болсноос хойших угаартсан, түүний улмаас амь хохирсон иргэдийн мэдээлэл бүрхэг-

Манай улсын хувьд угаарын улмаас нас барсан иргэдийн тоог бүрэн гүйцэд мэдээлдэггүй билээ. Холбогдох албан байгууллагууд ч үүнтэй холбоотой нэгтгэсэн тоон мэдээллийг өгөхөөс цааргалдаг. Үүнд УИХ-ын гишүүн байх эсэх нь ч хамаагүй гэх.

Хаврын чуулганы төгсгөлөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа угаартаж нас барсан хүмүүсийн мэдээллийг авахыг хүссэн ч холбогдох газрууд ерөөс өгдөггүй гэх агуулгыг ярьсан. Товчоор бол энэ нь шахмал түлштэй холбоотойгоор нас барсан хүмүүсийн тоон мэдээллийг нуун дарагдуулж байх вий гэх хардлагыг төрүүлсээр байгаа юм.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л шахмал түлшний улмаас 1739 хүн угаартаж, 46 хүн нас барсан гэх тоон мэдээлэл бий. Гэвчиг өнөөдрийг хүртэл гурван сар буюу нэг улирал өнгөрчихөөд байхад эл тоон мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргээгүй байгаа юм.

Харин Ерөнхий сайдын албанд байхдаа "Утааг ялсан" хэмээж байсан одоогийн Ерөнхийилөгч У.Хүрэлсүхийн хувьд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн үе буюу 2019-2020 оны өвөл 2568 хүн угаарын хийнд хордсоноос 15 нь нас барсан байдаг. Нас барагсдын найм нь хүүхэд байсан юм.

Харин дээрх байдлаар иргэд угаартаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох бүрийд албаны хүмүүс хийгээд холбогдох эх сурвалжууд нь олон нийт иргэдийн ч буруу бий гэх тайлбарыг хэлдэг билээ.

-Сайжруулсан шахмал түлшний үүсэл-

Бид хэдийн шахмал түлш хэрэглээд дөрөв дэх жилтэйгээ золгож буй. Анх санаачилсан хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа тэрбээр "Утаа үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Утаанаас салж, угаарыг багасгах ганц л арга бий. Энэ нь иргэдийг орон сууцжуулах. Гэвч багадаа 20 жил шаардагдана. Тиймээс утааг багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлш юм" хэмээж байлаа.

Түүний эл шийдвэрээр 2019 оны тавдугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрсийг оруулж ирэхийг хориглосон юм.

Ийн шийдвэр гаргаж байхдаа тэрбээр "Улаанбаатар хотод 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс шатааж байна. Энэ нь нийслэлийн утааны 90 хувийг үйлдвэрлэж байгаа. Сайжруулсан шахмал түлш хэрэглэвэл жилд дээрх өрхүүд 600 мянган тонн нүүрс хэрэглэнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар буурна" хэмээн мэдээлж байв.

Түүний ажлыг дэмжиж "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг "Тавантолгойн нүүрс нь өндөр зэрэглэлийн коксжих чанартай нүүрс тул утаа маш бага гардаг. Агаарын бохирдол 50-60 хувь багасна" хэмээн мэдээлж байсан юм.

-Дараагийн туршилт болох хагас коксон түлшийг хэрэглэх эсэхийг энэ долоо хоногт шинэ Хотын дарга шийдвэрлэнэ-

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Засгийн газраас Эрчим хүчний сайдад наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар даалгасан байдаг.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулжээ. Эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 24,500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана хэмээгээд байв.

Гэвчиг эл төсөл одоогоор дээсэн дөрөөн дээр байгаа. Учир нь Хотын даргын зөвшөөрөл хэрэгтэй болох юм. Уг төсөл амжилттай явж байсан хэдий ч Д.Сумъяабазар албан тушаалаа буусан. Тэгэхээр одоогийн шинэхэн Хотын дарга болох Х.Нямбаатар Эрчим хүчний сайдтай хамтарч ажиллах аваас ирэх жил дээрх хэсэг газрууд шинэ түлшийг хэрэглэнэ. Харин татгалзах аваас бид дахин мидлингийн асуудлыг сөхөж таарах биз.

Хотын дарга солигдсонтой холбоотойгоор өмнөх баасан гарагт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хагас коксон түлшний туршилтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн. Ингэхдээ тэрбээр "Хагас коксон түлшний асуудлыг ирэх долоо хоногт бондын мөнгөөр санхүүжүүлэх эсэхийг шийдэх байх. Тиймээс ирэх долоо хоногт Хотын даргатай уулзана" гэсэн юм.

Тэгэхээр энэ долоо хоногт Эрчим хүчний сайд хийгээд Хотын шинэхэн дарга нар түлшний асуудлаар хоорондоо уулзалдах аж. Хагас коксон түлшийг хэрэглэх үү, үгүй юү, нийслэлийн бондноос зардлыг нь гаргах эсэх, хэрэв бондоос зардал нь гарвал хагас коксон түлшний зөрүү мөнгийг нийслэлийн төсөвт суулгаж, Тавантолгой түлш дээр алдангийг нь бичих тохироо үргэлжлэх эсэх чухал асуудал хөндөгдөнө.

-Хагас коксон шахмал түлш шинэ Хотын даргын "Давс мэт шорвог" шийдвэрийн нэг хэсэг байх уу-

Тийм ээ, шинэхэн хотын дарга маань гарчигт бичсэн шиг Эрчим хүчний сайдтай хамтрах магадлалтай. Учир нь Засгийн хуралдаанаар Ерөнхий сайд нь уг асуудлыг дэмжсэн тул түүнийг дэмждэг шинэхэн Хотын дарга ч зөвшөөрөх магадлалтай.

Б.Чойжилсүрэн сайдын хагас коксжсон нүүрсний туршилт нь яг түүний санаа биш гэгддэг. /Холбоотой нийтлэлийг ЭНД дарж уншина уу/ Шийдлүүд нь бүр Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайд байх үед ч яригдаж, одоогийн 170 тэрбум төгрөгөөр өлхөн үйлдвэр барих үнийн саналууд ирж байсан гэх.

Тухайн үедээ бараг л буцаагдаж байсан саналыг дахин “босгож”, Ерөнхий сайдаа найрах ажилд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, одоогийн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарын оролцоо өндөр байгааг ч онцлууштай. Үндсэндээ У.Хүрэлсүхийн автор зүүдэг шахмал түлшний хүхэрлэг чанарыг буулгах хагас коксжсон нүүрсний санаа Л.Оюун-Эрдэнийн үед Засгийн газраар хоёр удаа орж, сүүлийнх нь дэмжигдсэн логик харагдаж буй.

Тиймээс Хотын дарга ч Эрчим хүчний сайдын төслийг дэмжих магадлалтай. Үгүй бол хуучин шахмал түлшний асуудал дахин түүний нэр дээр сөхөгдөж эхэлнэ. Магадгүй энэ нь түүний "Давс мэт шорвог" шийдвэрүүдийнх нь нэг байхыг үгүйсгэхгүй юм.

-Иргэд: Өмнөх түлш асуудалтай байсан юм бол түүний улмаас хохирсон иргэдэд хэн хариуцлага хүлээх вэ-

Тэгвэл иргэд олон нийтийн зүгээс сайжруулсан шахмал түлш, утаа, угаар, агаарын бохирдлынх талаар ямар байр суурьтай байгаа талаар сонирхсон юм.

Баянзүрх дүүргийн 15-р хорооны иргэн н.Дугар "Агаар бохирдоод эхэлсэн нь оройн цагаар ажиглагдаж байна. Шинэ шинэ түлш турших юм. Иргэд туршилт хийх хүмүүс биш шүү дээ. Биднийг ийм байдалд амьдруулаасай гэж өөрсдийн төлөөлөгчдөө сонгоогүй. Тэд зүгээр л агаарыг бууруулахын тулд түлшээ сайжруулах хэрэгтэй гэж байна. Өмнөх түлш нь асуудалтай байсан юм бол хохирсон иргэдэд хэн хариуцлага хүлээх вэ. Бидэн дээр зүгээр л хэдэн жил туршилт хийснийхээ дараа мидлингээс боллоо гэж хэлээд л дараагийн түлшээ турших хэрэг үү. Хэдэн арван дараагийн үеийнхэн ердөө л түлшний туршилтад орсон болж таарах нь. Бидний хойч үеийнхэн утааг бууруулах туршилтынхан болж байна" гэв.

Баянзүрх дүүргийн дугаар хорооны иргэн Г.Болормаа "Хүүхдүүдээ авч гарах ногоон талбай угаас байхгүй. Тэр хэрээр тоосжилт ихтэй. Одоо бол утааны үнэр үнэртсээр л байгаа. Ер нь мэдрэг хүмүүс иймэрхүү зүйлсийг хамгийн эхэнд анзаардаг. Оройн цагаар агаар сааралтаж харагддаг болсон. Тэгэхээр хэдийн агаарын бохирдлын үе ирсэн гэсэн үг. Бид агаарын бохирдолтой амьдарсаар байх уу. Эдийн засаг гэлтгүй, иргэдийн эрүүл мэндийн хувьд хэр хэмжээний хохирол амсаж байгаа талаар хүмүүс ер нь судалдаг болов уу. Иргэдийн эрүүл мэнд чухал биз дээ" хэмээлээ.

Чингэлтэй дүүргийн дугаар хорооны иргэн Г.Батдорж "Мөнгөтэй хүмүүс нь зусланд байртай болоод л хааяа утаанаас холдож байна. Бидэн шиг хүмүүс зуслангийн бүү хэл байр, хоолныхоо мөнгийг тааруулах гэж зовдог улс. Ер нь агаарын бохирдол, гэр бүлийнхээ эрүүл мэндийг бодоод хотоос явлаа гэхэд орон нутагт амьдрал байхгүй байна шүү дээ. Бүхнийг дахиад л эхнээс л эхлэх хэрэгтэй. Илүү их зардал шаардагдана. Одоо агаарын бохирдол, утаа эхэллээ. Зундаа бол энэ асуудлаа мартчихдаг. Харин одоо ярьж эхлэх үе болсон байна. Энэ бол чимээгүй тахал. Бидний эрүүл мэндэд аажмаар сөрөг нөлөө үзүүлдэг гэж боддог. Одоо яах вэ. Шинэ нүүрсээ турших уу. Хуучин нүүрс нь иргэдийг хохироож байсан бол холбогдох хүмүүс нь хариуцлага хүлээх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн үйлдэл биш гэж үү. Туршилт хийгээд чанаргүй бүтээгдэхүүнийг хүмүүст өгч түлш болгон ашиглана гэдэг иргэдэд таатай зүйл биш. Эрх баригчид нь өөр шийдэлгүй хэмээгээд л иргэдэд туршиж байна. Эрүүл амьдрах, амьд явах иргэдийн эрх зөрчигдөж буйд хэн хариуцлага хүлээх бол" гэлээ.

-Анхны сайжруулсан шахмал түлшийг зах зээлд гаргахад оролцсон албан тушаалтнууд-

Иргэдийн хэлсэнчлэн хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой бол тэр нь доорх эрхмүүд байх биз. Сайжруулсан шахмал түлшийг анх хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар албан тушаалтнууд байв. Иргэдийн амь насны тоог ч бид тэднээс нэхэх эрхтэй билээ.

НЭГТ. Одоогийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүх

Өмнө нь дурдсанчлан тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа түүхий нүүрсийг хэрэглээнээс хасаж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Түүнд холбогдох гол асуудал нь түүнийг Ерөнхий сайд байх хугацаанд уг түлшний улмаас нийт хэчнээн хүн амь, эрүүл мэндээрээ хохирсон талаарх мэдээлэл байхгүй байгаа явдал юм.

ХОЁРТ. Одоогийн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн

Тэрбээр тухайн үед Эрчим хүчний сайдын албан тушаалыг хашиж байсан бөгөөд Шахмал түлшний технологийн шийдэл, ТЭЗҮ-ийг хариуцаж байсан юм.

ГУРАВТ. "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан М.Ганбаатар

Тэрбээр эл албан тушаалыг хашиж байхдаа Шахмал түлшний үйлдвэрлэл, орц, найрлага, чанар, стандарт, мөн борлуулалт худалдааг хариуцаж байсан юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг.

ДӨРӨВД. БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат

Шахмал түлшний талаар олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг хариуцсан нэгэн. Угаартсан иргэдийн тоо олширсны дараа "Иргэд мэдээлэлгүй байсан" гэх асуудал хамгийн ихээр гарч ирж байлаа.

ТАВД. Одоогийн Шадар сайд С.Амарсайхан

Тэрбээр тухайн үед нийслэлийн Засаг даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн. Шахмал түлшний түгээлт, тээвэрлэлтийн асуудлыг хариуцаж байсан юм. Тухайн үед ч "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашиж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 16, 2023 08:51

МАН-ийхан УБ хотод олон жил геноцид үйлдэж байна даа. Нүгэл нүдээрээ гарна гэж үг бий дээ.

зочин
зочин
10 сар 16, 2023 21:55

Утаа мэдрэгчийнхээ батарейг сольж чадахгүй, өрхөө бүтээж, яндангийн ха�##�таа хийчихдэг тйим хүмүүс л угаартаж, амиа хорлож байгаа биз дээ? Дан ганц түлшнээс юм бол гэр хорооллынхон ядаж т�##� хувь нь т�##�ийх байсан бус уу? Арчаатай амьдрахыг хэлж байгаач, иргэдэд, сэтгүүлч нэртэнгүүдээ. Нүүрс түлж үзээгүй иргэд хөдөөнөөс ирээд шахм�##� түлш гэгчийг түлэх т�##�аар ямарч ойлголтгүйн улмаас угаартаад байгаа шүү, Яаж г�##�лах, юун дээр анхаарахыг нь тайлбарлаж, тэдэнд туслах нь сэтгүүлчийн үүрэг юм уу? Мэдэлэггүй байж бураад, сенсаац үүсгэх гэж оролдох нь гол үүрэг нь юм уу? Анужин гэгч та г�##�ч түлж үзээгүй бололтой. Нялцгай биетнүүд их мэдэх хэцүү шүү

Холбоотой мэдээ

Back to top button