Сөүлд Итэвоний осол давтагдахаас сэргийлж дохиоллын систем ажиллуулна

Өнгөрсөн жил Сөүл хотын Итэвон дүүрэгт сүнсний баяр тэмдэглэхээр хэтэрхий олон хүн цугларсан тул 159 хүн шахагдан нас барж, 196 хүн бэртсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл Сөүл хотын захиргаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ хөл хөдөлгөөн ихсэж байгаа газруудын талаар албаны хүмүүст мэдээлэл өгдөг системийг ашиглаж эхлэхээ мэдэгдсэн байна.

Тус хот аравдугаар сарын 31 гэхэд камерын тусламжтай хүний тоог автоматаар тоолдог систем нэвтрүүлэх юм. Тэрхүү систем нь Сөүл хотын захиргаа, гал түймэртэй тэмцэх газар, цагдаагийн алба руу мэдээлэл дамжуулах аж.
Мөн Сөүлийн захиргаа онцгой байдлын үед илгээх алба хаагчдын тоог 11-ээс 20 болж нэмэгдүүлж, 25 дүүрэгт гамшгийн үеийн нөхцөл байдлыг хариуцсан оффис байгуулж 24 цаг ажиллуулах болсон байна.
Үүнээс гадна сүнсний баярын үеэр хүн ам их төвлөрөх магадлал өндөр 14 байршилд аравдугаар сарын 27-ноос эхлэн аюулгүй байдлын ажилтнууд, эмнэлгийн мэргэжилтнүүдийг байршуулах юм.
Эх сурвалж: Korea Herald
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.