Top StoriesЯрилцлага

П.Лхагвадулам: Кино бол үхэж, сэхдэг зүйл. Харин найруулагч бол дамжуулагч

Монгол кино Венецийн кино наадамд сонгогджээ гэсэн мэдээг ноднин найруулагч П.Лхагвадулам “Есдүгээр сарын цас” богино хэмжээний бүтээлээрээ бидэнд сонсгож байлаа. Тэр үед бүрэн хэмжээний кино төсөлд ажиллаж эхэлсэн хэмээсэн нь өнөө жил “Сэр сэр салхи” болон биежиж, тэр бүү хэл Венецийн кино наадмаас “Хар арслан” авчрахын үүтгэл байжээ.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын 15 жилийн ой сайхан мэдээ олон дуулгалаа. “Сэр сэр салхи” энэ удаагийн наадмыг нээлээ. Зэ хэмээх бөө хүү бусдын ачааг үүрэлцэхийн зэрэгцээ өөрөө өөртөө дурлал гэдэг юмыг олж нээж буй гэгээн түүх энд өгүүлэгдэнэ.

Ноднин П.Лхагвадулам найруулагч хэвлэлүүдэд “олдоогүй” юм. Тэр их чимээгүй, даруу хүн юм шиг санагдсан. Харин энэ жил “Сэр сэр салхи”-ийг кино театруудад нээсний нь дараа уулзаж, ярилцах боломж ингэж тохиолоо. Тэр өөрөө өөрийгөө хамаагүй бусдад нээгээд байхыг хүсэхээргүй хүн ч хангалттай хэмжээнд ярилцсанд нь баяртай байна.

-Та үндсэн ямар мэргэжилтэй хүн бэ?

-Найруулагч. Бакалавртаа найруулагч мэргэжлээр суралцаж, магистраа кино зохиолоор хамгаалсан. Одоо бол докторант.

-Тэгвэл бүрэн мэргэжлийн тодотгол хүлээх хүн юм байна. Хаана төгссөнөө ярьж болох уу?

-Бакалавраа Туркэд. Харин магистраа “Kinoeyes” хоёр жилийн хөтөлбөрт хамрагдан хамгаалсан. Нээрэн, залуустаа мэдээлэл болгон хэлэхэд энэ хөтөлбөрийн бүртгэл одоо явагдаж байгаа. Арванхоёрдугаар сард дуусна. Илүү практик талдаа сургалт юм л даа. Найруулагч, зураглаач, зохиолч, продюсер, дууны найруулагч, эвлүүлэгч гэсэн үндсэн зургаан мэргэжлээр авдаг, тэтгэлэгтэй хөтөлбөр шүү. Сонирхсон залуусаа бүртгүүлээд үзээрэй гэж хэлмээр байна.

-Таны биеэ авч яваа байдал бусад найруулагчдаас өөр анзаарагдсан. Их даруу. Бараг л урлагаас өөр салбарт мэргэжил эзэмшсэн хүн юм уу гэж бодсон шүү. Ийм гэр бүлийн хүмүүжилтэй юу?

-Манай гэр бүл их даруу. Бусдын нүдэнд өртөх төдийлөн дургүй хүмүүс. Манай хоёр дүү ч мөн ийм, бид бүгдээрээ л яагаад ч юм даруу.

-Та ямар гэр бүлд өсөж, өндийсөн бэ?

-Аав, ээж хоёр маань Улаанбаатарынх. Би ч мөн Улаанбаатарт төрж, 1-р хороололд өссөн дөө. Мөн багад аав маань АНУ-д суралцахаар болж, гэр бүлээ авч явсан. Бид тэнд таван жил амьдарсан. Миний хувьд 16 настайдаа Монголд буцаж ирсэн.

-Бакалаврын мэргэжлээ сонгохын өмнө гэр бүл нь эсэргүүцсэн үү?

-Анх Турк рүү ээж шигээ эмч болно л гэж явсан. Нэг жил хэлний бэлтгэлд суусны дараа мэргэжлээ сонгодог. Ингэхдээ гурван сургууль сонгоод явуулдаг. Алинд нь ч тэнцэж магадгүй. Тэр үед “Яагаад кино байж болохгүй гэж” хэмээн бодоод, жаахан судалсан л даа. Тэгээд юутай ч гуравдугаар сонголтдоо оруулчихъя гэж шийдсэн.  Хувь тавилан нь байвал сонгогдоно биз гээд. Харин яг хуудас бөглөхдөө, гурван сонголтоо гурвууланг нь кино урлагийн сургууль болгоод явуулчихсан.

-“Яагаад кино байж болохгүй гэж” хэмээн гэнэт боджээ. Яагаад кино байсан юм бэ?

-За, байз. Би  их боддог л доо. Нэг их сүртэй хариулт өгмөөргүй байдаг (Инээв). Би докторантын ажлын хүрээнд Henri Bergson гэж франц философичийг түлхүү уншиж байгаа. Тэр хүн “Эрх чөлөө гэдэг нь өнгөрсөн цагийг илтгэсэн шийдвэрүүдийн нийлбэр” гэж хэлсэн.

Бид олон сонголт хийх боломжтой байхыг эрх чөлөө гэж ойлгодог. Түүнийхээр, бидний өнгөрсөн цаг л ирээдүйд шийдвэр гаргадаг. Хамгийн эрх чөлөөт шийдвэр бол бүх амьдралаа, өнгөрснөө илэрхийлсэн шийдвэр.

Би харин кино үзэж л өссөн. АНУ-д таван жилийг гэр, сургууль хоёрын хооронд өнгөрөөсөн. Харин баасан гараг бүр аав биднийг номын сан руу авч явдаг байсан. Тэгэхдээ бид долоон кино, 13 ширхэг ном авдаг, түүнийгээ долоо хоногийн турш уншиж, үздэг байлаа. 16 нас хүртлээ ерөөс ном уншиж, кино үзэж л өссөн. АНУ-аас эргэж ирээд, их тэмдэглэл хөтөлдөг байснаа санадаг юм. Ихэнхдээ шүлэг бичнэ. Дандаа л дөрвөн мөрт зохиогоод явж байдаг хүүхэд байсан санагддаг. Одоо бодоход миний өнгөрсөн цаг хугацаа угаас л кинотой холбоотой байж ирсэн шиг.

Яг үнэндээ энэ шийдвэрийг гаргахдаа айсан. Аав, ээжээс бол айхтар эсэргүүцэл ирээгүй. Гэхдээ жил бүр зуны амралтаар ирэхэд аав “Хэвээрээ юу?” гэж асуудаг байсан. Мэргэжлээ сольчихож юу магад гэж найддаг байсан шиг байгаа юм. Ямартай ч төгсөөд хүрээд ирсэн дээ.

-Дөрвөн мөртүүдээ ямар хэл дээр бичдэг байсан бэ?

-Монгол хэлээр.

-Ном, кино хоёр ялгаагүй л таны амьдралд зэрэгцэж байжээ. Зохиолч болно гэж бодож байсан уу?

-Бодож байсан. Гэхдээ миний амьдралд зохиолч болохыг хаасан гэмээр үйл явдлууд тохиолдсон л доо. Нэгт, АНУ-руу явсан. Эх хэлээсээ багадаа тэгж холдсон. АНУ-д англи хэл сурч, Монголдоо ирээд удалгүй эргээд Турк явсан. Тэнд Турк хэл сурна. Тэр дундаа кино урлагаар сурна гэдэг онол ихтэй, хүнд тексттэй. Хувьдаа, хэлийг уран зохиолын түвшинд хөгжүүлэх боломж гараагүй. Хамаг цаг зав кино үзэх, мэргэжлийн хүнд текстүүдтэй ажиллахад зарцуулагдсан. Англи хэлээр яруу найргийн уралдаанд оролцож, түрүүлж байсан удаа бий ч өөрийгөө тэр түвшинд бодоход үнэхээр ичнэ ээ (Инээв).

-Таны хайртай зохиолч хэн бэ?

-Олон бий. Надад Виржиниа Вульф орж ирж байна. Яг энэ мөчид л шүү дээ. Маргааш энэ асуултыг асуухад өөрөөр хариулж магадгүй.

Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүний ертөнц өөр гэдгийг Виржиниа Вульфийг уншаад олж харж байсан. Тухайн үед Харүки Мүракамиг их уншдаг байж байгаад түүнтэй танилцсан л даа. Ингээд эрэгтэй хүний харах хараа, өнцөг гэдэг юм их ялгардгийг анзаарсан. Муу, сайн гэж ялгамжлаагүй юм шүү.

Одоо кинондоо хүний дотоод ертөнц гэдэг юмыг гаргахыг их хичээдэг гэх үү дээ.

-Таны ээж эмч юм байна. Харин аав нь?

-Математикийн багш.

-Урлагаар явна гэхээр нөгөө л амьжиргааны сэдвийн асуулт тавигддаг. Энэ хэр том саад байсан бэ?

-Саад гэхээсээ энэ үргэлж л санаа зовоодог зүйл.

-Одоо ч?

-Одоо ч гэсэн. Байнгын орлого байхгүй. Ер нь амаргүй. Туркэд сурч байхад, манай сургууль анагаахын сургуулиас нэг автобусны буудлын зайд байлаа. Өдөр бүр анагаахын оюутнуудыг харна гэсэн үг. Дүүрэн автобуснаас анагаахын оюутнууд эхлээд пирхийтэл буучихна, тэд их баавартай. Тэгээд урлагийн сургуулийн хэд нь үлдээд, дараагийн буудал дээр буудаг. “Хар даа, чи ийм ч болж болох байсан” гэж хувь тавилан надаар даажигнаад байх мэт. Анагаахын оюутнууд төгсөхөөсөө өмнө л бараг ажлын байран дээр гарчихдаг, баталгаатай. Гэхдээ би гаргасан шийдвэрээсээ урваагүй ээ.

-Таны анхны кино юу вэ?

-Сургалтын хүрээнд богино хэмжээний кинонууд хийж байсан ч яг мэргэжлийн бөгөөд анхны гэж явдаг нь “Шилүүс”. Магистрын хөтөлбөрөө төгсөөд хийж байсан. “Шилүүс”, “Есдүгээр сарын цас”, “Сэр сэр салхи” гээд гурван кинотой.

-Ноднин “Есдүгээр сарын цас”-ыг үзсэн. Гол дүр нь мөн өсвөр насны хүү. Бэлгийн бойжилтын өгүүлэмж зэрэг нь “Сэр сэр салхи”-тай төстэй ч юм шиг анзаарагдсан. Таны дотор өсвөр насны, тэр дундаа эрэгтэй хүүхдийн ертөнц яагаад уялддаг вэ?

-Тэгээд таарчихсан гэх үү дээ. “Шилүүс” бол үндсэндээ “Сэр сэр салхи”-ийн богино хувилбар юм. Энэ төслөө боловсруулахын тулд богино хэмжээний хувилбар болгож хийж байсан хэрэг. Хүмүүс бас тэр үед “Яагаад өөрөө эмэгтэй байж, эмэгтэй дүрийн өнцгөөс хийж болдоггүй юм” гэж асуудаг байсан л даа. “Шилүүс”-ийг бол нэг төрлийн дасгал болгож, эмэгтэй дүрийнх нь өнцгөөс хийсэн юм.

Би өөрөө жинхэнэ амьдрал дээрээ бөөтэй уулзаж, түүнээс анхны сэдлээ авсан. Зан үйл эхэлсэн хойно очсон тул эхлээд улаачийн царайг нь харж чадаагүй. Гэтэл дараа нь надаас дүү, гартаа шивээстэй, гар утасны тоглоом тоглоод сууж байсан нэг залуу бөө нь болж таарахад их сонирхолтой санагдсан сан.

“Есдүгээр сарын цас” мөн л энэ кинондоо нэг төрлийн дадлага болгож хийсэн ажил. Сонгон шалгаруулалт зарлаж, гол дүрээ хайх хүрээнд. Мөн эрэгтэй хүүхдийн тухай богино хэмжээний кино эхлээд хийе гэж “Есдүгээр сарын цас”-ын зохиолыг бичсэн.

-Тэгэхээр “Сэр сэр салхи”-д бэлтгэж, хоёр ч богино хэмжээний кино хийсэн болж таарлаа. Харин одоо хэр болсон бэ. Санаанд нь хүрсэн үү?

-Үзэхэд хэцүү л байдаг. Гэхдээ монгол үзэгчидтэйгээ хамт үзэхэд арай өөр, тухтай. “Есдүгээр сарын цас”-ыг анх Венецэд нээхэд их хэцүү байсан. Дараа нь Улаанбаатарт нээсэн, маш тайван, очих ёстой газраа очиж байгаа мэт тайван байсан. “Сэр сэр салхи” ч тийм. 

Сүүлд Бусаны кино наадамд үзүүлсэн. Ёстой аймшигтай 1 цаг 40 минут байсан (Инээв). Хамаг юмаа хүнд дэлгэж үзүүлээд байгаа ч юм шиг. Харин монголчууддаа үзүүлэх их өөр, тайван. Гадаадад үзүүлэхээр миний дотоод амьдрал руу өнгийж хараад байгаа ч юм шиг, ер нь сонин байдаг.

-Сүүлийн хоёр жилд Монголын кино урлагт тэмдэглэж үлдэх үйл явдлууд тохиолдож байна. Өмнө нь бид монгол кино Венецэд, Каннд шалгарна гэж төсөөлдөггүй байсан. Шинэ тутам болохоор “Яг юугаараа?” гэдэг сониучирхсан асуулт хэн хүнгүй төрж байна. Мөнгөтэй байв уу. Гадаад хэлтэй болохоор уу. Эсвэл гадаад хамтын ажиллагаа сайтай болохоор тэр үү гээд л. Та гол тулгуурыг нь юу гэж хэлэх вэ?

-Хэлтэй байх нь мэдээж нэг том хэсэг. Монгол кино уран бүтээлчдэд хэлний асуудал их том саад болдог гэж би боддог.

Хоёрдугаарт, Монгол бүх юмнаас хол. Би Documentary Workshop-д оролцож, Казахстан явж үзсэн. Тэгэхэд л Монгол ямар ганцаардмал орон гэдгийг анзаарсан. Хэдий оросоор ярьдаг, хамаг юм нь оросжсон орон ч Какахстан хэдийнэ нэгэн том зүйлийн нэг хэсэг болчихсон нь илт байсан. Монгол бол ганцаардмал  санагддаг гэх үү дээ.

Одоо олон улсын түвшинд хийгдэж байгаа арт хаус кино бүгд ко-продакшнтай, гадаад хамтын ажиллагаатай. Тодорхой хэмжээнд өөрийн гэсэн хэв шинжээ олсон. Яаж олон улсын кино төсөл хийх вэ, ялангуяа европчуудтай яаж ажиллах вэ гэдэг ойлгомжтой зүйл болчихсон. Монголчууд үүнээс хол байсан учраас л тэр байх. Одоо бол ойртоод байна. Манай уран бүтээлчид гадаад хэлээр ярьж эхэлж байна. Олон улсын хамтын продакшн гэдэг зүйлийг ойлгож эхэлж байна. Надад Европ явахаас өмнө мөн л ийм ойлголт байгаагүй.

Мэдлэг, ойлголт дээшилж байгаад “Улаанбаатар” олон улсын кино наадам ч их ач тусаа өгсөн байх. Соёлын яам, Кино урлагийн зөвлөл гээд шинэ тутам алхмууд бүгд л өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна.  

-Хувь уран бүтээлчийн онцлог хэр жин дарсан бэ?

-Хэлж мэдэхгүй шүү дээ, өөрийнхөө талаар тэгж айхтар ярьж болох юм уу (Инээв).

Ер нь энэ бүхний ард хүмүүс л байдаг. Үүнийг би сүүлийн жилүүдэд сайн ойлгосон. Өөрөөр хэлбэл, дэлхийн кино урлагийн салбарт ажиллаж байгаа гол хүмүүс бол цөөн. Хүрээ жижигхэн. Тэр хэдэн гол хүмүүс л шийдвэр гаргаж байна. Яагаад аливаа бүтээл гадаадын кино наадмуудад шалгарч байна гэхээр, тэр гол хүмүүст л ямар нэгэн байдлаар хүрч. Тэгэхээр хүрсэн, шалгарсан шалтгааныг тэр хүмүүс маш сайн мэддэг байх.  

-Таны хамтарч ажилласан бүх хүмүүс байгаад, таны оронд л өөр хэн нэгэн байсан бол, өнөөдөрт хүрэх байсан болов уу?

-Ёстой мэдэхгүй. Яах вэ, кино бол шал өөр болно. Энэ бол ертөнц.

Энэ кино бол миний дотоод ертөнцөөс салгаж авч үзэж болшгүй зүйл шүү дээ. Монгол уран бүтээлчид авьяастай, би бол “Бид чадна” л гэж хэлнэ.

-Та продюсерын багийн талаар ярихгүй юу. Нээлтэн дээр продюсер Ц.Ариунаа “Кино яах аргагүй найруулагчаараа овоглодог” гэж хэлсэн л дээ. Нээрэн бид найруулагч найруулагч гээд, продюсерын багийг орхигдуулдаг ч юм шиг санагдсан талтай.

-Анх би өөрөө продюсерээ хийж байсан. Хэн ч надад ач холбогдол өгч хүлээж аваагүй л дээ. Оюутан байхдаа жижиг төслүүдэд өөрөө продакшн хийх нь цөөнгүй ч яг Монголд ирээд, бие даана гэдэг амаргүй.

Харин Ц.Ариунаа эгч шиг арт хаус киноны салбарт ийм арвин туршлагатай продюсер маш цөөн. Арт хаус гэж нэрлэгдээд байгаа кинон дээр ажилладаг продюсерууд өөрсдөө маш өвөрмөц шинжтэй байх ёстой. Найруулагчийн ертөнцийг ойлгож, тэр ертөнцийг бий болохыг нь дэмжиж буй хүмүүс шүү дээ. Зүгээр л нэг продакшн хариуцдаг хэрэг биш. Миний хамтрагч, хамгийн том дэмжигч. Ямар нэг асуудал гарч ирвэл Ц.Ариунаа эгчтэй хамгийн түрүүнд зөвлөлддөг. Миний хамгийн эхний шүүлтүүр бол Ц.Ариунаа эгч. Хий гэсэн бүрийг нь хийдэг гэсэн үг биш ч энэ бидний хамтралаас төрөн гарсан зүйл.

-Анх удаа бүрэн хэмжээний кинон дээр ажиллахад юу хэцүү байсан бэ?

-Ер нь амаргүй байлаа. Хүү маань хөхүүл байсан учраас зэрэгцүүлэн зураг авалт хийнэ гэдэг хэцүү байсан. Хамгийн хэцүү нь мэдээж түгжрэл. Би нисэхэд амьдардаг учир ирэх очихдоо 2-3 цаг болно. Мөн өвлийн хүйтэн. Өнгөрсөн өвөл эрт хүйтэрсэн, их хар хуурай өвөл болсон. Богино хэмжээний кино бол инерцээрээ аваад явчихаж болох зүйл л дээ. Нялх хүүхэдтэй байсан учраас зураг авалтын үеэр миний энерги үнэхээр шавхагдсан.

-Хүүгээ хэдэн сартай байхад ажилласан бэ?

-9-10 сартай байхад нь зураг авалт эхэлсэн. Түүнээс өмнө бас нүсэр ажил болно шүү дээ.

-Зургийн талбай дээр хамт?

-Эмээ өвөө дээр нь үлдээгээд л.

-Монтажнаас хэр их хэсэг хасагдсан бэ?

-2 цаг 40 минутаас бүтэн нэг цагийг хассан гэсэн үг. Ялангуяа туслах дүрүүдийн тухай нэмэлт үйл явдлуудыг хассан. Гол дүрийнхээ шугамыг барихыг хичээсэн.

-Туслах дүрүүдээ илүү тодотгох гэж зорьсон байсан юм байна.

-Тийм, зохиол дээрээ байсан. Зэгийн эгч, аав ээж, Маралаагийн ээж гэх мэт дүрүүдийн тухай нэмэлт өгүүлэмжүүд байсан.

-Монголчууд янз янзын сэтгэгдэлтэйгээр, “Хар арслан” авчирсан учраас дийлэнхдээ сайн хүлээж авч байна. Харин гадаадын үзэгчид хэрхэн хүлээж авсан бол. Хэр зэрэг сэтгэлдээ нийлсэж хүлээж авсан бэ?

-Миний хүлээж байгаагүй реакц бол ирээгүй. Заримдаа сонин асуултууд ирдэг л дээ. Том зургаараа сайхан хүлээж авах шиг санагдсан. Үүнээс илүү юу гэх вэ.

-Огт Монголыг мэдэхгүй тийм хүмүүст хэр цочир туссан бол гэж.

-Гайгүй байх аа. Дүрээ хөөсөн болохоор. Дүрээ сайн боловсруулж чадсан бол бид ч өөрсдөөсөө хол үндэстний киног үзээд ойлгодог шүү дээ.

-Гол дүрийн жүжигчин “Хар арслан” хүртсэнийг мэдсэн, эсвэл Монголд ирээд гардан авсан зэрэг энэ бүх үйл явдлын хамгийн сайхан нь аль байсан бэ?

-Мэдээж монгол үзэгчидтэйгээ уулзах. Энэ бол “Киног яагаад хийсэн бэ” гэдэг асуултын гол хариулт. Хүмүүс үзэж байж л сая кино уран бүтээл болно. “Тэнд мод унахыг хэн ч хараагүй бол, яг мод унасан хэрэг мөн үү?” гэдэг шиг. Тэр тусмаа монгол үзэгчид үзэхгүй бол энэ кино кино болох уу, үгүй юу. Тийм болохоор надад энэ мөч л хамгийн чухал байсан. Хамгийн их догдолсон. Хоёрдугаарт, Б.Тэргэл бид хоёр Венец, Бусан руу хамт явлаа. Хүмүүс киноны араас Б.Тэргэл рүү их татагддаг. Энэ дүр хүмүүсийн дотор луу бага багаар шингэж, нэвчиж ордог шиг. Б.Тэргэлтэй их зураг авхуулах гэнэ, би зургийг нь дараад л, хэлмэрч, орчуулагчийг нь хийгээд л явах сайхан дурсамж үлдээсэн.  

-Зургийн талбар дээр та ямар характертай найруулагч вэ. Хашгирсан, орилсон хүнээр төсөөлдөг шүү дээ, бид найруулагчийг.

-Би ёстой тэгж аашилдаггүй. Жаахан эвгүй авир, хандлага гаргачих юм бол дараа нь заавал уучлал гуйхыг хүсдэг.

-Тэгэхээр найруулагч юу хүсэж буйгаа багтаа ямар эмоцоор, яаж сайн илэрхийлэх вэ?

-Миний бодлоор юу хүсэж буйгаа илэрхийлэх гол биш. Хамт ажиллаж байгаа хүмүүсээ сонсох нь гол.

Кино бол амьтай зүйл. Би өөрөө ёстой нөгөө улаач нь. Надаар дамжиж гарч байгаа тэр зүйл өөрийн гэсэн амьтай, өөрийн гэсэн биетэй. Бүх зүйлийг маш сайн сонсож, ажиглаж, тэгээд урсан орж ирж, өөрөө бий болж байгаа тэдгээр зүйлсийг чиглүүлэх, найруулах нь миний ажил. Харин тархиндаа нэг юм бодчихоод, түүнийгээ л бүтээх гээд зүтгээд байх нь миний хувьд найруулга биш. Найруулагч зөвхөн тэр жүжигчдийг юм уу дүрс дууг найруулаад байгаа хэрэг биш. Амьдралыг найруулж байгаа. Яагаад гэвэл тухайн мөч бүрд шинэ зүйл гарч ирж байгаа. Тэдгээрийг мэдэрч, тосож авч кинондоо оруулахгүй бол амьгүй болно.

-Тэгэхээр бүтээл төрөх үйл явцыг ажиглаж...

-Тийм, эх баригч маягаар гэх үү дээ. Тийм болохоор би өөрийгөө бүтээл төрөх үйл явцын туслагч нь л гэж боддог. Тийм болохоор хамт ажиллаж буй хүмүүсээ маш сайн сонсохыг хичээдэг. Бүх юм цаанаа учиртай гэж боддог болохоор тэдэнтэй ажиллаж буй нь ч бас учиртай байх гэж хүлээдэг.  

-Ц.Ариунаа таныг “Юу хүсэж буйгаа яг таг мэддэг найруулагч” гэж хэлсэн болохоор, ийм нандин даруу байдлаар түүнийгээ яаж илэрхийлдэг бол гэж бодсон юм л даа.

-Энэ бол агшны зүйл юм даа. Яг ийм гээд хэлэхэд хэцүү.

-Тэгэхээр бүтээл анх бодож, төсөөлж байснаас явц дундаа өөрчлөгдөх нь хэр энгийн зүйл вэ?

-Миний бодлоор нормаль. Кино бол үхэж, сэхдэг зүйл. Толгойд анх санаа байлаа, цаасан дээр буухдаа үхээд дахин сэхнэ. Миний толгойд байсан зүйл үгээр буухдаа яах аргагүй өөрчлөгдөнө, өөр аргагүй. Санаа өөрөө үг, өгүүлбэрт багтан хэлбэржиж байгаа учраас. Дараа нь үгс дүрс болохдоо дахин үхэж, сэхнэ. Дүрс эвлүүлэгт орохдоо дахиад үхэж, сэхнэ. Тэгэхээр би үнэхээр үхэж сэхдэг л зүйл гэж боддог. Энэ бол гайхалтай зүйл байхгүй юу.

-Улаач гэж тодорхойлох бараг л онох үг юм шиг.

-Зүгээр л дамжуулж байгаа хэрэг.

-Тэгэхээр “Сэр сэр салхи”-ийн анхны бүдэг бадаг тэр сэдэл юу байсан юм бэ. Анхны “үхэл”-ээс өмнөх чанараараа?

-Бөөтэй учирсан тэр мөч минь. Тэр хүчтэй дурсамж. Өмсгөл зүүсгэлээ тайлах тэр мөч шууд сэдэл болж үлдсэн. Дээрээс нь мэдрэмж. Би тэр залууг хараад, “Монголд залуу хүн байх нээрэн ийм л байдаг даа” гэж мэдэрсэн.

Маш олон зүйлийг үүрч, тээж явдаг гэх үү. Тэр бөө залуутай таарсны дараа магистрт явсан. Барууны залуус их хөнгөн шингэн, дарамт багатай анзаарагдаж байх жишээтэй. Чи бид хоёр бөө биш ч дотроо асар олон зүйлийг үүрч, асар олон зүг чиг рүү нэгэн зэрэг харах шаардлагатай болж байгаа. Бидний монголчуудын дотоод амьдрал яг л тийм. Ялангуяа 20 гаруй насны залууст энэ их ажиглагддаг. Эдгээрийг би тэр бөө залууг хараад мэдэрсэн, сэрхийтэл ойлгох шиг болсон.

-Тэр мэдрэмжийг та өөртөө ч авч байсан байж таарна. Монголд өнгөрүүлсэн хугацаандаа тэр мэдрэмжийг авсан уу. Хэдэн нас вэ?

-Монголд. 20-30 нас хүртэл үргэлжилсэн гэх үү. 20 гаруй насны нэг тийм хямралд орж байсан. Яг тэр үед энэ киноны сэдэл төрсөн.

-Хямралд юу нөлөөлсөн бэ?

-Маш олон зүйл нэг дор болж байсан юм аа. Найруулагчаар төгсөөд ирсэн байдаг. СУИС, КУДС-д багшилж байсан. Хажуугаар нь англи хэлний багш ч хийсэн. Нас яваад байх хэрээр хүмүүсийн дарамтууд ирсэн, гэрлэх, хүнтэй учрах, хүүхэд гаргах гээд л. Бас гаднах байдлаа тодорхой хэмжээнд нэг хэлбэрт, нэг түвшинд авч явах ёстой юм шиг болоод ирсэн. Өмсөж зүүхээс эхлээд. Дээрээс нь түгжрэл, утаа, өвөл. Нэг дор.

-Хямралаас гарахад юу тусалсан бэ?

-Бид нэг өглөө босоод л хямралаас гарчихдаггүй шүү дээ. Одоо харахад, яг үүнийг ойлгох нь л гол туслагч байсан бололтой. Дэндүү олон зүйл нэг дор ирээд байгаа гэдгийг. Одоо би маш минимал байхыг, сошиалаас хол байхыг хичээдэг. Өөрийнхөө ачааллыг нэмэхгүйг хичээдэг. Ачаа ихдээд эхлэх юм бол дарамт мэдэрнэ, депресс эхэлнэ шүү дээ. Энэ хүн бүрд л мэдрэгддэг зүйл гэж бодож байна. Юунаас зайлсхийх ёстой вэ гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрсөн хэрэг юм уу. Энэ бүрийг ярилцлагадаа гаргана гэхээр бас л.

-Монголд монголчууд амаргүй амьдарч байгаа. Харин зугтъя гэдэг нь олон л. Та ямар замыг сонгох нь зөв гэж боддог вэ?

-Зугтах уу, үлдэх үү гэж үү.

-Ммхн.

-Ай яя. Хариулахад асар хэцүү юм байна. Энэ өөрөө буруу асуулт гэж бодож байна. Харин яаж эх орноо зүрх сэтгэлдээ тээж явах вэ. Монголд ч бай, гадаадад ч бай. Монголд амьдарч байгаа хүн бүр эх оронч гэвэл санал нийлэхгүй. Гаднаас Монгол руугаа харж байгаа хүмүүс харин ч эх оронч гэж хэлэхээр болчихсон байдаг. Хүн бүр л өөр. Зөв асуулт бол, орчин цагт монгол хүн яаж амьдрах вэ. Ялангуяа эх оронч сэтгэлгээг яаж тээж явах вэ. Энэ бол мөн л 20-иод насандаа тээх болдог нэг тээлт. Бусад орныхон тэгэхгүй, америкчууд “Би америк хүн, тэгэхээр...” гэж боддоггүй байхгүй юу. Гэхдээ монгол залуус боддог байхгүй юу. Би ч маш их боддог, яг үнэнийг хэлэхэд...

-Дараагийн төсөл?

-Хүмүүс асуугаад л байна.

-Хэсэг амармаар байна уу?

-Харин тийм. Хүүдээ анхааръя, докторантаа хийж дуусгая. Монгол үзэгчдэдээ киногоо нээчихэж байгаа юм чинь цэг тавьж байна л гэсэн үг. Жаахан амсхийж байгаад дараагийн төслөө боловсруулдаг юм бил үү. Үнэндээ кино бол өөрөө өөрийгөө аваад явдаг зүйл. Хүүхэд өөрөө цагаа мэдэж ирдэг шиг. Тийм болохоор хэд хэдийг боловсруулна, аль нь цааш явахыг мэдэхгүй юм аа.

-Урлагийн төрлүүдээс киноны шид нь юу вэ?

-Цаг хугацаа. Бидний доторх цаг хугацаа орчин үед маш их хүчирхийлүүлдэг. Бид яг цаг хугацааны бодит урсгалыг мэдэрч чаддаггүй. Бүх зүйл хурдан байна. Бидний үзэж буй зүйлс цаг хугацааг эвдэж, өөр зүйл болгож байна. Миний л үзэл бодол л доо. Миний оршиж, мэдэрч байгаа цаг хугацаа киноны цаг хугацаатай нийлэх үед таалагддаг. Харин аймаар эвлүүлэгтэй, хурдтай кино бол миний тархийг эвлүүлж байгаатай агаар нэг. Аймаар эвлүүлэгтэй киног үзэхээр жаахан хүчирхийлүүлсэн мэдрэмж авдаг. Мэдээж миний л үзэл бодол шүү. Тийм болохоор кинондоо цаг хугацааны урсгалыг эвдэлгүйгээр, урсгал чигээр нь авч үлдэхийг хичээдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баярлалаа
Баярлалаа
2023-10-24 12:56

Маш гоё дотоод мэдрэмжтэй юмаа

Ebe
Ebe
2023-10-24 16:28

Bult shaadag jinger nemegdej dee

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2023-10-24 21:12

Стандартны биш - монгол хүн ...

zochin
zochin
2023-10-24 22:42

Mash sonin uvurmust ontsgoi setgen bodoj tungaan kinogoo buteej tuurvidag nairuulagch baina Tuuntei xiisen yariltsaga mash sonirxoltoi bailaa Nairuulagch busguidee uran buteeliin ajil uilsed ni olon saixan amjiltuudiig xusie

Зочин
Зочин
2023-10-25 08:19

Уран бүтээлч хүний зүрхтэй бүсгүй байна ????????????

Mlg
Mlg
2023-10-25 18:28

Zaluu huuhduud turshlaga hurimtluulj bj sairhah heregtei joohon amjilt olhooroo bult bult husah um amidral deer bol no

Hun
Hun
2023-10-25 18:30

Mongolchuud bid urlag soyoliin dutagdaltai joohon uursdiin ter bolovsroloo hugjuulmeer um tghgui bol hen u yarina dagaad hoshigroh bolj uruvdmuur

Зочин
Зочин
2023-10-25 19:32

Goy yariltslaga bn... Yasan goy uran buteelch we

Холбоотой мэдээ

Back to top button