УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ковидын төсвийг 20 их наяд гэж АН мэдээлж, Сангийн сайд гайхашрав

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр зохион байгуулсан ч шинжээч томилоогүй гэх шалтгаанаар хойшлуулсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор уг сонсголын асуудал хөндөгдөхөд МАН-ын бүлэг шинжээч томилох асуудалд хамтарч ажиллахгүй байгаа бөгөөд асуудлыг нуухаар оролдож, ходбогдох баримт материалуудыг өгөхгүй байгаа гэх утга бүхий мэдээллийг сонсголыг ахлагч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлсэн билээ.

Тэгвэл өчигдөр болох ёстой байсан сонсголыг хойшлуулсан бөгөөд шалтгаан нь шинжээч томилоогүй хийгээд баримт материал дутмаг гэх шалтгаан байв.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хувьд өчигдөр энэ талаар мэдээлэхдээ "Би зах зухаас нь дурдъя. Хамгаалах хэрэгслийг 63 тэрбум төгрөгөөр авсан юм билээ. Шаардлагагүй байхад сүүлд 20-30 орчим тэрбум төгрөгийн хамгаалалт, хувцас хэрэгслийг нээлттэй тендергүйгээр худалдаж авсан. Одоо энэ хамгаалах хэрэгслүүд агуулах саванд хадгалаастай байгаа талаарх мэдээллийг өгсөн. Нэг нь 1.5 сая төгрөгийн үнэтэй цус шингэлэх эмийг 10 тэрбум төгрөгөөр авсан. Одоо агуулахад хугацаа нь дууссан байдалтайгаар байгаа гэх. Энэ мэт бодлогын алдаанууд, магадагүй цаана нь ашиг сонирхол шингэсэн байж болзошгүй олон алдаанууд бий" гэсэн юм.

Харин шинжээчийн тал дээр тэрбээр "Бид сонсголыг ахалж байхдаа шинжээчийг томилбол дараа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудал үүсгэнэ. Тиймээс байнгын хороогоороо хэлэлцэж, шинжээчийг томилохоор оролдож байгаа юм" гэв.

Түүнчлэн АН-ын бүлгийн зүгээс эл асуудлын талаар мэдээлэхдээ "Ковидын төсөв гэж 20 их наяд төгрөгийг зарцуулсан. Бид ЖДҮ 50 тэрбум гэж ярьдаг. Мөн Хөгжлийн банкны мөнгөн дүнгээс 20 дахин их төсвийн зарцуулалтад сонсгол хийх гээд байгаа юм. Гэтэл ийм их мөнгөн дүнг шинжээчгүй ярьж болохгүй" хэмээсэн байдаг.

Тэгвэл эл 20 их наяд гэх төгрөгийн асуудлыг Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад, "20 их наяд төгрөгийг хаанаас гаргаж ирсэн талаар би хэлж мэдэхгүй байна. Өчигдөр сонсгол хийе гэж шаардсан. Ардчилсан нам өөрсдөө хойшлуулсан. Шинжээч томилно гэж байна билээ. Хурдан томилох хэрэгтэй. Шинжээч байхгүй байсан ч ерөнхий мэдээллийг ард түмэнд өгөх ёстой. Ковидын төсөв тодорхой байгаа. Онцгой байдалтай хамтарч энэ бүх тоонуудаа гаргаж өгч тайлагнаж байгаа. Татвар болон эрчим хүчний хөнгөлөлтөд нийт 6.7, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөрт 10 их наяд төгрөгийг зарцуулсан. Бусад зээл, тусламж, төсвийн арга хэмжээ гэх мэт зүйлсийг оролцуулаад нийт 20 орчим их наяд төгрөг гэх тоог хэлсэн юм болов уу гэж ойлгосон" хэмээсэн юм.

Харин эрх баригч намын бусад гишүүд, тэр дундаа Эдийн засгийн байнгын хорооны гишүүд сөрөг хүчнийг сонсгол хийхгүйгээр, тухайн сэдвийг улстөржүүлж байна хэмээн шүүмжилж байгаа билээ.

Ямартай ч хоёр нам харилцан бие биедээ бурууг өгч, шинжээчгүй, баримт дутуу өгсөн гэх агуулгуудаар ирэх жилийн сонгууль өнгөртөл Ковидын сонсголыг мартагнуулах вий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button