Б.Баттөмөр, Д.Ганбат нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр батлав
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2023.10.24/-ийн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар уг дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр болон Д.Ганбат нарыг баталсан байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Одонтуяа нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилох саналыг дэмжиж, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын бүлгээрээ дахин зөвшилцөх шаардлагатай гэсэн үндэслэлээр завсарлага авсан билээ.
Улмаар завсарлагын хугацаа энэ сарын 20-ны өдөр дууссан юм. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг УИХ-ын дарга Г.Занданшатарт ирүүлсэн байдаг. Уг асуудлыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор дахин хэлэлцүүлэхээр шилжүүлсэн хэмээн Байнгын хорооны дарга танилцуулсан юм.
Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүн С.Одонтуяа тус дэд хорооны бүрэлдэхүүнд орохоос татгалзсан билээ. Ингэснээр түүний оронд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг эл хорооны гишүүнээр томилуулах хүсэлт өгсөн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганбат нарыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
battomor ymar sejigin ysaraitai zavaan ovgon be