БНХАУ Батлан хамгаалахын сайдаа огцрууллаа
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу олны нүдэнд үзэгдэхээ болиод удаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Хятадын эрх баригчид мягмар гарагт /2023.10.24/ түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Энэ шийдвэрийг Үндэсний Ардын Төлөөлөгчдийн Их Хурал гаргаж Лигээс гадна Гадаад хэргийн сайд асан Цин Ганыг улсын зөвлөлийн гишүүнээс татан буулгажээ. Ли ямар нэгэн тайлбаргүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн Хятадын хоёр дахь томоохон албан тушаалтан боллоо. Түүнийг мөн Цэргийн төв зөвлөлийн гишүүний албан тушаалаас татан буулгасан аж.
Өнгөрсөн долоодугаар сард БНХАУ-ын эрх баригчид Цинийг олны нүдэнд харагдахгүй удсаны дараа Гадаад хэргийн сайдын албан тушаалаас нь түдгэлзүүлж Ван Иг оронд нь томилсон билээ.
Одоогийн байдлаар Лиг орлох хүнийг нэрлээгүй байгаа. Түүнийг алга болсны дараа АНУ-ын засгийн газар Лиг Хятадын эрх баригчид мөрдөн байцааж байгаа учир сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн байх магадлалтай гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.