НИЙГЭМНийгэм мэдээ

Допингийн хэрэг хэрхэв: 21 хоног өнгөрсөн ч нэгжлэгээр илэрсэн бодис юу болох нь тогтоогдоогүй байна

Манай улсад допингийн асуудал эрчийг авсан. Цагаан туган дор орох эрсдэлийг ч давхар бий болгосон байдаг. Тэгвэл албаны хүмүүсийн мэдээлснээр бид уг эрсдэлээс зайлсхийж чадсан хэмээсэн юм.

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "ВАДА-гаас ирэх оны нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд зөрчлүүдээ арилгахыг Монголын үндэсний допингийн эсрэг төвд сануулсан. Энэ хугацаанд ноцтой 5 зөрчлөө арилгана.

  1. Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж баталгаажуулсан эсэх
  2. Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай төрлүүдийн техникийн баримт бичигт заасан хамгийн доод шаардлагад нийцэж буй эсэх
  3. Тамирчны биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулийг хэрэгжүүлсэн эсэх
  4. Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд 3-аас доошгүй удаа шинжилсэн эсэх
  5. Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид хүргүүлэн шинжлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эсэх таван шаардлагыг өнөөдрийн байдлаар бид хангаж чадаагүй байна.

Цаашид эдгээр шаардлагыг хангахын тулд Засгийн газар болон Монголын допингийн эсрэг үндэсний төв нягт хамтран ажиллах шаардлага тулгарсан. Шинэ удирдлагаар Ц.Уугангэрэл хурандаа сонгогдсон. Хаалттай нэг хоёрхон хүний удирдлага дор энэ байгууллага 15 жил үйл ажиллагаагаа явууллаа" хэмээсэн байдаг.

Тэгвэл допингийн асуудал сөхөгдөж, сүүлийн дөрвөн сарын турш тасралтгүй ярианы сэдэв болоход Монголын үндэсний допингийн эсрэг төвийн тэргүүнүүдийн гэрт нэгжлэг хийсэн явдал нөлөөлсөн.

Тус төвийн Ерөнхийлөгч асан Ж.Хатанбаатар болон гүйцэтгэх захирал М.Мөнхболдын гэрт одоогоос 23 хоногийн өмнө нэгжлэг хийсэн билээ. Мөн үндэсний шигшээ багийн дасгалжууагч Д.Батнямын гэрт ч нэгжлэг хийж байсан юм.

Тэгвэл энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э.Оюунболд дараах мэдээллийг өгсөн. Тэрбээр "МҮДЭБ-ын удирдах албан тушаалтнууд болон бусад энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс үндэсний бөхийн тэмцээнд шөвгөрсөн бөхчүүдээс допинг хэрэглэсэн эсэх шинжилгээ авахдаа зохион байгуулалттайгаар хууль зөрчсөн, хахууль авсан байж болзошгүй хэргээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байна.

Өнөөдрийн байдлаар "Тамчирдаас допингийн шинжилгээ авах, дээжийг лабораторид илгээхэд дээж солих, дээжид гаднын зүйл хийх нь боломжгүй" гэх нөхцөл байдал тогтоогдсон.

Допингийн асуудалд одоогоор хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгэн ялагдагчаар татаагүй. Нийт есөн газар нэгжлэг хийсэн, тодорхой объектоос сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Үүнийг шинжилгээнд өгсөн ба дүгнэлт хараахан гараагүй байна" гэв.

Тухайн есөн төрлийн объектод нэгжлэг хийсэн үе нь одоогоос 21-22 хоногийн өмнө билээ. Тухайн үед сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэх боловч өнөөдрийг хүртэл шинжилгээний хариу нь гараагүй гэдгийг албаны хүн өөрөө ийн мэдээлэв.

Нөгөө талаараа үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн 28 ширхэг допингийн хамгийн хүнд төрлийн бэлдмэл олдсон гэх. Одоогоор түүний хэргийг ямар нэгэн байдлаар дараагийн шатанд шилжүүлээгүй. Энэ мэтээр допингтой холбогдох хэргүүд мөрдлөгийн шатандаа байгаа. Тухайн хэргүүдийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан, авлига хахууль хийгээд санхүүжилтийн асуудлыг нь голлон шалгаж байгаа ажээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button