ОХУ цөмийн зэвсэг туршихыг хориглосон тохиролцооноос гарлаа

ОХУ-ын Парламент лхагва гарагт /2023.10.25/ хуралдаж цөмийн зэвсэг туршихыг хориглосон олон улсын гэрээнээс хүчингүйд тооцох хуулийн төслийг баталсан байна. Мөн Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Вашингтон дайсагнасан бодлогоо зогсоохгүй бол цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийхгүй гэжээ.
Цөмийн туршилтыг хориглох олон улсын гэрээнээс (CTBT) гарах хуулийн төслийг ОХУ-ын Парламентын доод болон дээд танхим огт эсэргүүцэлгүй дэмжсэн байна. Одоо тус хуулийн төсөлд Владимир Путин гарын үсэг зурах л үлдсэн юм.
1996 онд АНУ тус гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ хэзээ ч батлан хэрэгжүүлж байгаагүй юм. Иймд Путин АНУ-ын байр суурийг толинд тусгасан мэт арга хэмжээ авахыг үүрэг болгосон тул “CTBT”-ийг соёрхон баталсныг цуцлах хуулийн төслийг Парламент баталлаа.

Гэхдээ ОХУ Вашингтон цөмийн зэвсгийн туршилтаа үргэлжлүүлэхгүй бол туршилт хийхгүй гэж мэдэгдсэн юм. Мэргэжилтнүүд ОХУ эсвэл АНУ-ын аль нэг нь цөмийн зэвсэг туршвал хүйтэн дайны үе шиг цөмийн зэвсгийг хөгжүүлэх шинэ өрсөлдөөн бий болж магадгүй гэж таамаглаж буй.
“CNN” агентлаг өнгөрсөн сард ОХУ, АНУ, БНХАУ цөмийн туршилтын талбайгаа өргөжүүлснийг илтгэсэн зургууд нийтэлсэн билээ. АНУ-ын Эрчим хүчний яам өнгөрсөн долоо хоногт Невада муж дахь цөмийн зэвсэг турших талбарт химийн дэлбэрэлт үүсгэсэн гэж мэдэгдсэн юм.
Тус дэлбэрэлтийг дэлбэрэлтийн хүч бага цөмийн бөмбөг илрүүлэх чадвараа сайжруулах гэж үйлдсэн хэмээн АНУ-ын Эрчим хүчний яам тайлбарлажээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цөмийн туршилтаа украйн европын холбоо,АНУд хийчих хэрэгтэй..