УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

НӨАТ: 2 хувийг 5 болгох төсвийг 2024 онд тавих уу, 2025 онд хэрэгжүүлэх үү

Энэ долоо хоногийн олны анхаарлыг татсан сэдэв гарцаагүй НӨАТ байв. Учир нь НӨАТ-ын урамшууллын хоёр хувийг таван хувь болгох санал асуулгад олон нийт идэвхтэй оролцсон билээ. Тодруулбал, долоо хоногийн хугацаанд нийт 104 мянган иргэн саналаа өгсөн байдаг.

Дээрх тооны иргэдийг хүйсээр нь авч үзвэл 70 хувь нь эмэгтэйчүүд байсан юм. Харин насны ангиллыг нь харвал,

  • 30.4 хувь нь 18-25
  • 21.8 хувь нь 26-30
  • 22.3 хувь нь 31-35 насныхан байна.

Иргэд НӨАТ-ын урамшууллыг нэмэх асуулгыг дэмжсэн гарын үсэг зурсан тул уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Спикер ч иргэдийн идэвхтэй санал асуулгыг манай улсын парламентын түүхэн дэх анх удаагаа төрийн хэрэгт цахимаар, шууд бодитой оролцсон үйл явдал хэмээгээд байгаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар мэдээлэхдээ "ДАН системээр өгсөн санал нь иргэд зүгээр нэг дэмжсэн санал биш, тодорхой зорилготойгоор өгснөө илэрхийлсэн байна. Иргэдийн санал 100 мянгад хүрсэн бол 30 хоногоос өмнө хааж болно, үр дүнг ажлын гурав хоногт багтаан хүргүүлнэ, журамд заасан шаардлагыг хангасан бол холбогдох байнгын хороо 14 хоногт авч хэлэлцэнэ, УИХ-ын дарга чуулганы хуралдаанд мэдээлж, холбогдох байнгын хороонд шилжүүлнэ гэж заасны дагуу нийтийн өргөдлийн дүнг мэдээлж, УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна" гэлээ.

Харин одоо ийн харвал НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмэхэд шаардлагатай төсвийг 600 орчим тэрбум төгрөг хэмээн Сангийн яамнаас мэдээлсэн. Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ыг нэмэх ямар ч боломжгүй. НӨАТ-ын иргэдийн урамшууллын буцаан олголтын хэмжээг нэмэх нь дундаж давхаргыг бус цөөн тооны өндөр хэрэглээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого юм. Нөгөө талаас зөрүү мөнгийг хаанаас нь санхүүжүүлэх, эх үүсвэр тодорхойгүй. Мөн энэ талаарх судалгаа, тооцооллын ажил манай яаман дээр одоохондоо байхгүй" гэх тайлбарыг удаа дараа өгсөн.

Ирэх жилийн төсвийг хэлэлцэж байгаа энэ үед НӨАТ-ын урамшууллын зөрүү мөнгөний асуудлыг Төсвийн байнгын хороо хэрхэн шийдвэрлэх нь сонирхол татна.

Нэгт. Өргөн барьсан төсвөө задлах.

Өргөн барьсан төсвөө задлах аваас санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх, мөн төсвийг хугацаанд нь багтааж батлахын тулд шахах асуудал гарна. Гэвч энэ хувилбар магадлал өндөртэй. Учир нь ирэх жил бол сонгуулийн жил билээ. Тэгэхээр магадгүй улстөржих гол сэдэв байх боломжтой юм.

Хоёрт. 2025 оны төсвийн төслөөр оруулж ирэхгүй ч тухайн үеэс хэрэгжүүлж эхлэх.

Мэдээж хэрэг ирэх жил сонгуулийн жил тул магадгүй НӨАТ-ын урамшууллыг нэмэх асуудлыг энэ намрын чуулганаар хэлэлцэж батлахдаа төсвөө задлахгүйн тулд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр тооцож мэднэ.

Дээрх хоёр сонголт байгаа ч гурав дахь сонголт нь олны анхаарлыг татсаныхаа дараагаар энэ асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхгүйгээр хав дарах сонголт бий. Гэвчиг одоогийн нөхцөл байдалд энэ нь байж болох хамгийн муу хувилбар тул дээрх хоёр сонголтоос сонгох биз. Тэгэхээр удахгүй Төсвийн байнгын хороо эл асуудалд хэрхэн анхаарахыг хүлээх л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Battsetseg
Battsetseg
2023-10-28 09:39

Songuuli bolgohgvi hudaldan awsniihaa toloo hariu 5%aa l butsaah awah gj bn oorsdiinh ni kirmanaas awah geegvi bhad yuun 600 orchim ter bum gj yriad bgn bs l mongo ideh uls torjih arga uu ????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button