Д.Алтаншагай: Нас, хүйс хамаарахгүй булчингийн хөгжилд хязгааргүй ганц спорт бол фитнес

Хүүхэд байхдаа гэртээ төрөл бүрийн төмөр гагнуулж, түүнийгээ эвлүүлээд өргөж эхэлсэн Д.Алтаншагай өдгөө фитнесийн спортын чиглэлээр ажиллаад хэдийн 14 жил болжээ. Зөвхөн түүний хобби, мөрөөдөл байсан фитнес өнөөдөр “Шагай VIP фитнес клуб” болтлоо өргөжин тэлж, 150 орчим хүнийг энэ замаар хөтлөөд буй. Хүн бүрд л байдаг бага насны гэнэн мөрөөдөлдөө чин үнэнчээр тууштай байж, түүнийгээ жинхэнэ ажил хэрэг, бизнес болгож чадсан түүнтэй ярилцлаа.

-Яагаад фитнес нээж ажиллуулахаар шийдсэн бэ?
-Хүүхэд насны минь л мөрөөдөл байсан. Багаасаа л фитнесээрээ тууштай яваад тодорхой хэмжээний амжилтад хүрье гэсэн бодолтой байсан юм. 2009 оноос фитнесээр хичээллэж эхлээд 2011 оноос багш, дасгалжуулагчийн ажлыг хийж эхэлсэн. 2020 он хүртэл Энхтайваны гүүрний баруун талд байрлах “NCP sport complex” компанид багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаад өөрийнхөө клубийг нээж үзье гэж шийдсэн. Анх гэр бүлийн хүн маань “Чи өөрөө нэг фитнес нээгээд үзвэл яасан юм” гээд. Зүгээр нэг хобби байсан зүйл минь маш том ажил, бизнес болж хувирснаар маш их хариуцлагатай болж эхэлсэн. Өшөө ч цаашаа хөгжүүлээд явна гэсэн том зорилго байгаа.
-Фитнесийг маш товчоор, цөөн үгээр тодорхойлбол?
-Нийтийн биеийн тамир. Энэ цаг үед хүн амын эрүүл мэндийн хамгийн том хөрөнгө оруулалт бол фитнесийн салбар. Би Монголын бодибилдинг, фитнесийн холбоонд 9 жил шүүгчээр ажилласан. Холбоонд бүртгэлтэй, байнгын бэлтгэл хийж, тэмцээнд тамирчдаа оруулдаг 90 гаруй клуб байдаг. Мөн нэгдсэн холбоонд бүртгэлтэй олон клуб бий. Нийтдээ 160 орчим клуб бүгд л хүн амын эрүүл мэндэд хөрөнгө оруулж буй салбарынхан. Манай улс харьцангуй фитнес клуб цөөнтэй улсын тоонд ордог.
-Тэгэхээр Монголын хүн амаар тооцоолж үзвэл ойролцоогоор хэдэн фитнес клуб байвал хангалттай гэж үзэх вэ?
-Үүнийг бол сайн мэдэхгүй байна. Энэ дээр нэг сайн судалгаа, тооцоолол хийх зайлшгүй шаардлагатай байх.

“Шагай VIP фитнес клуб” гэж тодотгосон байна. VIP гэхээр онцлог нь юу вэ? Төлбөрийн хувьд?
-Цөөн гишүүддээ чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор л VIP гэж нэрлэсэн. Сарын 350 мянган төгрөгийн төлбөртэй. Давтамжийн хувьд хязгаарлалт байхгүй.
-Дөнгөж шинээр сонирхоод ирж байгаа хүмүүс хаанаас мэдэж ирж байна вэ? Анхлан сонирхогчид юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Анх сонирхож байгаа хүмүүс эхлээд утсаар ярьдаг. Дараа нь ирээд уулзана. Дийлэнх хүмүүсийн ирээд хамгийн түрүүнд ярьдаг юм нь илүүдэл жин. 30 орчим хувь нь жингийн дутагдал. Мөн зүрх судасны өвчин, хөдөлгөөний дутагдал зэрэг асуудалтайгаа хэлнэ. Манай клубийн онцлог бол эхлээд тухайн хүнтэй ганцаарчлан уулзаж, нарийн ярилцах. Тулгамдаж буй бүх асуудлыг нь ярилцсаны дараа биеийн бүтэн хэмжилт хийдэг. Тэгээд зааландаа орж тухайн хүнийхээ онцлог, чадалд таарсан дасгал хөдөлгөөнийг системчилж гаргаж өгөх нь хамгийн чухал.
-Жингийн илүүдэл ч юм уу сая хэлсэн зайлшгүй шаардлагаар бус бие бялдраа илүү хөгжүүлэх зорилгоор ирдэг хүн хэр их байдаг вэ?
-Одоогоос 6, 7 жилийн өмнө хүмүүсийн дийлэнх нь фитнес клубийг булчин хөгжүүлдэг, төмөр өргөдөг газар л гэж ойлгодог байсан бол одоо бол эрүүл мэнд, байнгын дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг хүмүүс мэддэг болсон. Галбираа засъя, эрүүлжье гэсэн хүн нийт хүмүүсийн 30 хувийг эзэлж байна.

-Фитнест яваад амархан шантардаг хүмүүс бий юу? Тууштай яваад тэмцээн уралдаад ордог хүмүүс хэр их байдаг вэ?
-Сар хүрэхгүй хоног яваад хаясан хүн их цөөхөн. Өмнөх салбараас дагаж ирээд үйлчлүүлээд явж байгаа олон гишүүн байдаг. Тамирчны хувьд Улсын аваргын алт, мөнгөн медальтнаас авхуулаад амжилттай яваа байнгын тогтмол бэлтгэл хийдэг 10 гаруй тамирчинтай. Сонирхогчийн журмаар тэмцээнд орж байсан хүн ч маш олон байдаг.
-Фитнесээр хичээллэснээр бие бялдар хөгжихөөс гадна дагаад ямар эерэг өөрчлөлтүүд гардаг вэ?
-Ажиглаад байхаар энэ спортоор дамжуулж ажлынхаа стрессийг тайлдаг хүн маш их байдаг болсон. Ажлын стрессийг зөв зүйлээр тайлах нь зөв шийдвэр гарахад нөлөөлж байдаг. Архи согтууруулах ундаагаар стрессээ тайлснаас спорт зааланд хөлсөө гаргаж стрессээ тайлаад ажлаа үргэлжлүүлж хийнэ гэдэг бол шал өөр. Тиймээс ч донтсон хүмүүс ч их байдаг байх.
-Нас, хүйсийн харьцаагаар ангилж үзвэл аль хүйсийн хэдий насны хүмүүс фитнесээр түлхүү хичээллэж байна вэ?
-Нийт гишүүдийн 60-70 хувь нь 35-40 насны эмэгтэй хүмүүс байгаа.

-Хамгийн залуу болоод хамгийн ахмад нь хэдэн настай хүмүүс байна вэ?
-Залуучууд ихсэж байгаа. 14-16 насны хүүхдүүд 10 хувийг бүрдүүлж байна. 60-70 насны хүмүүс ч бий. Нас, хүйс ямар ч хамааралгүй булчингийн хөгжилд хязгааргүй ганц спорт бол фитнес.
-Фитнесээр хичээллэхэд тохиромжтой цаг гэж бий юу?
-Тухайн хүний зорилгоос хамаараад хооллолттой холбоотой. Жин хасъя, туръя гэсэн хүмүүсийн хувьд бол нэгдүгээр хоолны дараа буюу өглөөний цайны дараа дасгалаа хийвэл илүү үр дүнтэй. Харин масс авах, жингийн масс нэмэхэд хоёр, гурав дахь хоолны дараагаас буюу үдээс хойш дасгал хийвэл зүгээр байдаг.
-Тэгэхээр давхар хооллолтод нэлээн анхаардаг байх нь. Энэ талаар тодруулбал?
-Тэгэлгүй яахав. Хооллолт бол хамгийн чухал нь. Зааланд ирээд дасгал хийх нь үр дүнгийн 20-30 хувийг л бүрдүүлнэ.70-80 хувь нь идэж байгаа хоолноос л хамаарна. Манай багш, дасгалжуулагчид ер нь л ахуйтай нь уялдсан хоолны зөвлөгөө өгөх дуртай. Өдөр тутмын иддэг хоол хүнснээс нь авахыг нь авч, хасахыг нь хасаж өгснөөр тухайн хүн хоолны дэглэмээ удаан хугацаанд хадгалах боломжтой. Дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар тамирчин биш энгийн хүн сард 5-6 кг л хасах хэрэгтэй гэсэн судалгаа байдаг. Үүнээс давуулж жин хасаад эхэлбэл дархлааны систем болоод бодисын солилцоонд нөлөөлдөг. Энэ дагуу манайх хүнд сард 10-15 кг хасуулж, огцом үр дүнд хүрэхийг зөвлөдөггүй. Урт хугацааны зөв хооллолт, зөв дасгал л эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэй. Тэр чинээгээрээ хүн эрүүл мэндийн боловсрол эзэмшиж, зөв хооллолтыг эрхэмлэж эхэлнэ. Огцом хоолны дэглэм бол хувь хүнд л үйлчилдэг бол ахуйтай нь холбосон хоолны дэглэм тухайн гэр бүл дотор үргэлжилдэг.
Нэг оролтоор хэдий хугацаанд хичээллэвэл тохиромжтой вэ?
-Нас, биеийн чадлаас шалтгаална. Стандартаар бол нэг цагийн дотор хийх нь тохиромжтой гэж үздэг. Гэхдээ тухайн хүнд чадал нь байвал би бол тохирсон хуваарь, системтэйгээр бэлтгэлийг нь хийлгээд л байх дуртай. Ялангуяа анхан шатанд явж байгаа эхний гурван сарын хугацаанд бүх техник, бүх системийн талаар тодорхой хэмжээний ойлголт автал нь зөөлнөөр, удаан хугацаанд бэлтгэл хийлгэхийг эрмэлздэг. Гэхдээ хүүхэд залуучууд болоод ахимаг насны хүмүүсийн хувьд бол онцлог нь өөр. Насанд хүрээгүй хүүхдүүдийн хувьд удаан хугацаанд дасгал хийлгэх, штанк өргүүлэх, ялангуяа цээжний түвшнээс дээш өндөр түвшинд хүнд штанк, гантель өргүүлэх нь зохимжгүй. 30-40 минут л дасгал хийхэд хангалттай.

-Анх ковидын үед фитнесээ дөнгөж нээж байх үед хүмүүс хэр их үйлчлүүлж байв? Одоо нийт хэдэн гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Ковидын үед эрсдэлтэй шийдвэр гаргаж анхны фитнесээ Циркийн хажууд талд 160м2 талбайд нээж байсан ч хүндрэлээ хурдан хугацаанд шийдэж чадсан. Фитнес клубт 1.25м2 талбайд 1 хүн ногдоно гэсэн судалгаа байдаг. Эхний салбараа нээгээд удаагүй байхад л 100 орчим гишүүний бүртгэлтэй болсон байсан. Ковидын үеэр бүх үйл ажиллагааг хааж зогсоох үед л хүнд байсан. Гэхдээ анх итгэл хүлээлгэж байсан хүмүүс маань их уян хатан хандсан тулдаа үйл ажиллагаа маань үргэлжлэн явсан. Шинэ салбартаа бүх хүчээ төвлөрүүлье гэж шийдээд өмнөх салбараа хаасан. “Regis place”-д 430 м2 талбайд шинэ салбараа нээгээд хоёр сар орчмын хугацаанд одоогоор 150 орчим гишүүнтэй болсон байна.
-Хоббигоо ажил хэрэг, бизнес болгоход ямар хүндрэл бэрхшээл тулгарч байсан бэ? Яг ковидын үед фитнесээ нээхэд ер нь хэр хүндрэлтэй байв?
-Яг ковидын үед байсан тул хүмүүс зэмлэх тохиолдол байсан. Хамгийн түрүүнд л санхүүгийн хувьд хүндрэл учруулж байх жишээний. Түүнийг давахын тулд нэлээн том шалгууртай нүүр тулсан. Хэд хэдэн банканд хандсан ч Төрийн банк л нааштай хүлээж авсан. Захиралтай нь очиж уулзаад хүсэл зорилгоо тодорхой хэлж байгаад зээл авч бизнесээ эхлүүлсэн. Төрийн банктай хоёр ч удаа хамтарч ажилласан. Эхлээд 2020 онд ЖДҮ эрхлэгчдийг дэмжих 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж, 50 сая төгрөгийн зээл авч анхны фитнесээ нээж байсан. Тухайн зээлээ төлөөд дууссан. Дараа нь энэ онд 5 жилийн хугацаатай Гарааны бизнесийн зээлд нь хамрагдаж, 300 орчим сая төгрөгийн зээл авсан.

-Төрийн банкны бусад банкнаас ялгарах гол давуу тал нь юу байсан юм бэ?
-Тавьж байгаа шаардлага нь илүү уян хатан байсан. Хүүний хувьд ч бусад банкнаас арай бага. Гарааны бизнес эрхлэгчдийг их нааштай хүлээж авсан. Дэмжиж ажиллана, зарим нэг шаардлагыг уян хатнаар зохицуулж өгнө гэсэн нь их таалагдсан.
Мөн бид Төрийн банкны Инкубатор төвийн сургалтад хамрагдсан. Сургалтын хүрээнд бизнесээ амжилттай удирдах, санхүүжилт хүсэх, хөрөнгө оруулалт татах боломжийн талаарх мэдээлэл, төслийн менежментийн тухай ойлголтыг авч чадсан нь санхүүжилтээс гадна бас нэгэн том үр өгөөж юм.
-Нууц биш бол хэдэн төгрөгийн төсвөөр бизнесээ эхлүүлж байв?
-Анхны фитнесээ 120 сая төгрөгийн санхүүжилтээр нээж байсан бол энэ шинэ салбар маань 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон.

-Тоног төхөөрөмж болоод интерьерийн хувьд нэлээд орчин үеийн, шинэлэг шийдэлтэй юм. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-“Ланд дизайн” интерьерийн компанитай гэрээлж, 200 орчим сая төгрөгийг зарцуулсан. Тоног төхөөрөмжийн хувьд хуучин ашиглаж байсан Хоёст брэндийн 17 төхөөрөмжөө түр тавьсан байгаа. Ирэх 01-р сараас дэлхийд тренд болж байгаа Италийн Фанната брэндийг тусгай гэрээтэйгээр Монголд анх удаа оруулж ирж байгаа. Борлуулах эрхийг нь ч бас авсан. Энэ 430 м2 талбайд тавигдах 33 төхөөрөмжийн зардал нийт 160 мянган евро болсон. Энэ бол нэлээд том санхүүгийн эрсдэл болсон. Гэхдээ нэгэнт энэ хүртэл явсных тултал хийж үзье гэж бодсон. Найз нөхөд, гэр бүлээс эхлээд тусалж дэмжсэн маш олон хүн бий.
Мэргэжил бүхэн сайхан гэдэг шиг тэрбээр нийтийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж буй өөрийн ажлаа хамгийн сайхан энергитэй, өгөөжтэй ажил гэж боддог. Дандаа л инээмсэглэсэн эерэг, эрч хүч нь ундарсан хүмүүстэй ажиллаж, тэднийхээ урмын үг, үр дүн, өөрчлөлтөөр хөглөгдөж явдаг гэх. Түүний ойрын зорилго нь эхлүүлсэн энэ ажлаа жигдрүүлэх. Харин алс, хэтийн зорилго нь илүү олон хүнд хүрсэн, үнэ мөнгөний хувьд ч боломжийн бүр том фитнес нээх аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрийнхөө хүчин чармайлт уйгагүй хөдөлмөрөөрөө бизнесээ босгож чадсан дүү нартаа цаашдын ажилд нь улам их амжилт амьдр�##�д нь аз жарг�##� хүсье.
мундаг шүү