Пакистан газар нутгаасаа 1.4 сая афганчуудыг гаргана

Пакистан улсын засгийн газар харьяаллын бичиг баримтгүй оршин сууж буй гадаадын иргэдийг арван нэгдүгээр сарын нэгэн гэхэд газар нутгаас нь гарахыг тушаасан.
Хэрвээ сайн дураараа гарахгүй бол албадан эх орноосоо гаргана гэж мэдэгдсэн юм. Тэгвэл сайн дураараа гарах сүүлийн өдөр нь өнөөдөр билээ. Пакистаны мэдээлснээр 1.7 сая хүмүүс бичиг баримтгүй амьдарч байсан аж. Тэдний 1.4 сая нь афганчууд байна.
Зааж өгсөн хугацааны сүүлийн өдөр нь өнөөдөр учраас олон мянган афганчууд хил дээр очихоор яарч эхэлжээ. 1979 онд ЗХУ Афганистан руу цэргээ оруулж довтлох үед олон сая афганчууд Пакистан руу дүрвэсэн.

Мөн 2021 онд Талибан бүлэг Афганистаны төрийн эрхийг авахад олон мянган хүн Пакистан руу нэмж дүрвэсэн юм. Тэдгээр дүрвэгсэд одоо Пакистанаас гарахаас өөр аргагүй болов. Тухайлбал Садиа нэртэй охин боловсрол эзэмшихийн тулд Афганистаныг хоёр жилийн өмнө орхиж гарсан ч одоо хүчээр буцах болжээ.
Тэр “Би Пакистанд сурж байгаа, үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй. Хэрвээ би хүчээр Афганистанд очих болбол тэнд сурч чадахгүй. Аав ээж, эгч дүү хоёр маань ирээдүйд юу болох бол гэж айж байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээний гарчгийг ойлгомжтой бичмээр юм. Ж: "Пакистан газар 1,4 сая. . ."