Б.Бат-Эрдэнэ: Цагаан сар, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх инфлюнсерүүд ирнэ
Засгийн газрын өнөөдөр /2023.11.01/-ийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 25 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ салбарын талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудыг хийж дуусгаж байна. Стандартуудаа цэгцэлж дуусгасан. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулахыг хуулиар хүлээлгэсэн. Хоёр удаа хурлаа хийж, холбоог амжилттайгаар байгууллаа.
НЭГТ. Хил орчмын хэлэлцээрийг байгууллаа.
Аравдугаар сарын 18-ны өдөр БНХАУ-тай хил орчмын хэлэлцээрийг албан ёсоор байгууллаа. Ингэснээр аялал жуулчлалын томоохон урсгал орж ирнэ гэх тооцоотой ажиллаж байна.
ХОЁРТ. Их цайны зам.
Аравдугаар сард Их цайны зам буюу БНХАУ, ОХУ болон Монголын хамтарсан Торгоны замын хэлэлцээрийг хийж дуусгалаа.
ГУРАВ. Цагаан сарыг сурталчлах инфлюнсерүүдийн баг ирнэ.
Өвлийн аялал жуулчлалыг арваннэгдүгээр сард сурталчлах, мөн хоёрдугаар сард өвлийн аялал жуулчлал, Цагаан сарыг сурталчлах инфлюнсерүүдийн баг ирэхээр бэлтгэж байгаа. 2023-2024 онд манай улсыг сурталчлах зургаан удаагийн багийг авч ирэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд нийт Монгол Улсын талаарх мэдээлэл 500 орчим сая хүнд хүрсэн амжилттай байна. Мөн манай улсыг зорьж ирсэн жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн.
Өнөөдрийн Засгийн хуралдаанаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Нэгт. Олон улсын болон дотоодын нислэгийг хэвээр хадгална.
Хоёрт. Өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 111 бааз, 7639 орны хүчин чадалтай байна. Тиймээс хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс баазыг шинэчлэлх, хөрөнгө оруулалт хийх, хөнгөлөлттэй зээл олгохоор 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг төлөвлөсөн. Үүнээс 3.1 тэрбум төгрөгийн татаасыг БОАЖЯ-наас өглөө.
Гуравт. Боомтын сэргэлтийн хүрээнд Боршоо, Ханх, Цагааннуур боомтын цагийг уртасгахаар болсон.
Ийнхүү ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалтай холбоотойгоор төсөл, төлөвлөгөөг батлах шийдвэр гаргалаа" хэмээсэн юм.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Гадаадын нөлөөлөгчдөд хэчнээн төгрөгийг зарцуулсан бэ?
-Бид ирэх жилийн тавдугаар сард Nas Summit-ыг зохион байгуулахаар бэлдэж байна. Энэ жилийн хувьд наймдугаар сард зохион байгуулсан. Хийгдэж буй контент, үзэгчийн тоо, хүргэлтийн хэмжээгээр гэрээлж ажиллаж байгаа. Одоогоор бол инфлюнсерүүдэд өгч буй мөнгөн дүн нэг тэрбум төгрөг давсан.
-Монгол Улсад ирсэн жуулчид хэр их хэмжээний мөнгийг үлдээв?
-Одоогоор 600 мянган жуулчин ирсэн. Монголбанкны судалгаагаар нэг жуулчин 2000-2048 ам.долларын орлого оруулж байгаа гэх тооцоо бий. Тиймээс 3.8 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулсан байна.
-Онгоцны тийзний асуудал хэрхэх вэ?
-Одоогоор 140 орчим мянган солонгос жуулчин манай улсад ирсэн байна. Ирэх жил энэ тоо хэд дахин өснө. Тиймээс нислэгийн тоог нэмэхээр авиа компаниудын бодлого, судалгааг эхлүүлсэн гэж Солонгосын талаас мэдээлсэн. Тооцоо судалгааны шатандаа явж байгаа юм билээ. Ирэх жилийн хувьд нислэгийн тоо ихэснэ.
-Энэ жил нэг сая жуулчинг хүлээж авах боломжтой юу?
-2023 оны үндсэн хийх ажил нь суурь ажил. 2024 он бол яг л нэг сая жуулчин гэдэг тооцоотой явж байгаа. Бид энэ жил хичээлээ. Манай улсад орны тоо хүрэхгүй байна. Улаанбаатар хотод өдөртөө 4300 орчим ортой буюу ийм тооны жуулчин хүлээж авах боломж бололцоотой байгаа юм. Дараагийн том зочид буудлуудыг барих суурийг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Мөн Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд оруулахаар УИХ-д өргөн барихаар бэлдэж байна. Үүнд аль болох гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулагчдыг урих шаардлагатай. Нисдэг тэрэгний 33 зогсоолыг барих сонгон шалгаруулалтыг барихаар бэлтгэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.