УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ардчилсан намын генсект горилогчид

Ардчилсан намын хувьд даргаа сонгосноос хойш анх удаагаа Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаа өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр хийсэн билээ. Эл хуралдаан ч олны анхаарлын төвд байв. Гэсэн хэдий ч тус хурлаар хүлээгдэж байсан генсекийг тодруулах байсан үйл явдлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Өнгөн дээрээ нэгдмэл хэмээсэн ч дотооддоо суудлын төлөөх өрсөлдөөн хэвээр харагддаг. Нөгөө талаас тус намын хувьд генсекээр хэнийг сонгох нь олны хүлээлтэд байсаар.

Тэгвэл тус намаас генсект санаатай байгаа хүмүүс нь ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин, АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх Э.Одбаяр, АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар ажээ.

НЭГТ. Залилангийн хэрэгт холбогдсон нэгэн

Э.Одбаярын хувьд 2022 оны үес Х.Баттулга, З.Энхболд, Ц.Туваан нарын сүүдэр дор байсан. С.Эрдэнийн нэрийг барьж, хэд хэдэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудал дагуулж байсан. ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар дэд даргын 15 албан тушаалтны нэг болсон билээ.

ХОЁРТ. Дотоод дүрмээсээ болж нэн тэргүүнд хасагдагч

Х.Тэмүүжингийн хувьд улстөрийн талбарт туршлагатай нэгэнээс гадна генсект тохирох хүн. Харамсалтай нь, уг суудлын жагсаалтаас хамгийн эхэнд хасагдах хүн болж хувираад буй. Шалтгаан нь 2020 оны сонгуультай холбоотой. С.Эрдэнийг албан ёсоор намын дарга байх үед Х.Тэмүүжин тус намын дэд даргын албан тушаалыг хашиж, намаа ялагдуулсан тул дотоод хуулийнхаа дагуу намаа ялагдуулсан дарга нар намын удирдах албан тушаалыг дахин хашихгүй гэх дүрмийг баримтлахаас өөр аргагүйд хүрч буй.

ГУРАВТ. Бэрс болохыг хүссэн шатрын хүү

С.Эрдэнэболдын хувьд генсек болохоор амбицалж буй нь бэрс болохыг хүсэх хүүтэй адил. Түүнийг амжилттай улстөрч хэмээн дүгнэхэд хэт эрт. Гэсэн хэдий ч зэрэгцэн уг суудлыг "хүсэгчид"-тэй харьцуулахад сонгогдох магадлал хамгийн өндөр нэгэн. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тэргүүтэй хэд хэдэн гишүүд С.Эрдэнэболдын нэрийг оруулахаар зүтгүүлж байгаа юм. Товчоор бол нам дотроо ч олон жил улс төрд хүчин зүтгэж буй ах эгч нараасаа илүү дэмжлэг сайтай гэгддэг. Тэрбээр чадварлаг улстөрч гэдгээ бүрэн дүүрэн харуулж чадаагүй учраас намын гишүүдийн итгэлийг хүлээх хэмжээнд хүрээгүй нэгэн. Нөгөө талаас түүнийг сонгохгүй байх өөр нэгэн шалтгаан нь ирэх жилийн сонгуульд намаа чиглүүлэхэд хангалтгүй хэмээн үнэлэгдэж буй явдал юм.

Түүнчлэн АН-ын дэд даргын албан тушаалд очсон гэх шалтгаанаар Ч.Өнөрбаяр нэрээ татсан байдаг. Ингээд харвал тус намд хүний нөөцийн асуудал үүссэн мэт ажиглагдана. Гол тоглолтыг хийх чухал албандаа хэнийг сонгох нь нөгөө талаас намын дарга Л.Гантөмөрийн халаасны шийдвэр болж хувирах вий гэх сэрэмж ч бий.

Ямартай ч Ардчилсан намын дарга Л.Гантөмөр саяхан “Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийн дараа тодруулна” гэж мэдэгдсэн. Харин намд эрэмбээрээ гурав дахь том албан тушаалтан болох нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийг арваннэгдүгээр сарын 11-нд явуулахаар болж, товложээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-02 09:25

Энэ тэнэг нам бүтэхгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button