Муур 276 өөр нүүрний хувирал гаргадаг

Хүний нүүрэнд 43 булчин байдаг. Ийм учраас бид 10 мянга гаруй өөр нүүрний хувирал гаргаж чаддаг аж. Тэгвэл Америк эрдэмтэд шинээр судалгаа явуулсны үр дүнд муур 300 гаруй нүүрний хувирал үзүүлдэг гэдгийг илрүүлжээ.
Лос Анжелес дэх Калифорнийн их сургуулийн (UCLA) эрдэмтэд муурууд бие биетэйгээ харилцахын тулд ямар нүүрний хувирал гаргадаг гэдгийг судалсан байна. Тэд нийтдээ 276 өөр нүүрний хувирал бүртгэж авсан аж. Харьцуулахад шимпанзе 357 орчим нүүрний хувиралтай байдаг.

Мөн эрдэмтэд муурт хүнтэй ижил, төстэй нүүрний хувирал байдгийг илрүүлжээ. Муурыг 10 мянган жилийн өмнө тэжээвэр амьтан болгож, хамт амьдарч ирсэн тул хүмүүсээс нүүрний хувирлыг нь дуурайж авсан байж магадгүй гэдгийг судлаачид онцолсон байна.
“UCLA”-ийн судлаач Лорен Скотт зургаагаас наймдугаар сарын хооронд Калифорни дахь муурын кафед очжээ. Тэрбээр муурууд бусад муурууд руу гаргаж буй нүүрний хувирлыг нь бичиж, нийтдээ 194 минутын бичлэг хийсэн аж.
Тэдгээр дүрс бичлэгээ Лорен амьтдын сэтгэл хөдлөл, зан үйлийг судалдаг сэтгэл судлаач Бриттани Флоркевичийн тусламжтай шинжилсэн байна. Тэд нийтдээ 276 нүүрний хувирал бүртгэсний 45 хувь нь нөхөрсөг, 37 хувь нь түрэмгий эсвэл ууртай, үлдсэн 18 хувь нь тодорхойгүй эсвэл энэ холимог нүүрний хувирал байсан юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.