Украинд Вагнерийг орлох бүлэг Редут уу эсвэл үгүй юу

ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг хөлсний цэргийн бүлэг Украины дайнд байлдуулахаар эмэгтэйчүүдийг элсүүлж авахаар ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Их Британийн Батлан хамгаалах яам Редут нэртэй хувийн цэргийн компани Борз батальондоо эмэгтэйчүүдийг мэргэн бууч, дрон нисгэгчээр ажиллахыг сурталчилж байгаа гэж мэдэгдсэн. Редут нь ОХУ-ы Жанжин штабын Тагнуулын ерөнхий газартай (GRU) холбоо бүхий байгууллага.
Вагнерын дарга Евгений Пригожин өнгөрсөн зургаадугаар сард Москвагийн эсрэг бослого гаргасны дараа шинжээчид Редутыг ОХУ-ын хамгийн нөлөө бүхийн хувийн цэргийн компани болно гэж таамаглаж байсан юм.
Пригожин онгоцны ослын улмаас нас барсны дараа Редут тус бүлгийг орлоно гэж таамаглах буй. Тэгвэл Редут хувийн цэргийн компанитай танилцацгаая.
Хэзээ, хэн байгуулсан бүлэг вэ
“Radio Free Europe”-н мэдээлснээс харвал Редут, Редут-Секюрити нэртэй хоёр компани байгаа аж.
“Telegraph” сонинд мэдээлснээр Их Британийн Парламентын гадаад харилцааны хороонд барьсан бичигт Редут-Секюрити бүлгийг 2008 онд ОХУ-ын Төрийн аюулгүй байдлын хорооны албан тушаалтан, Путиний хүн гэгддэг Генадий Тимченко үүсгэн байгуулжээ.
Редут-Секюрити үүсгэн байгуулагдсан эхний жилүүддээ ямар үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхойгүй. Гэхдээ Тимченко Стройтрансгаз компанийн эзэмшдэг байгууламжуудыг хамгаалуулах зорилгоор Редут-Секюритиг үүсгэн байгуулсан байна.
Харин Редут хувийн цэргийн компани нь Украинд байлдах цэргүүд элсүүлж авах ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэрэгсэл юм. “Radio Free Europe”-д мэдээлснээр ОХУ-ын Жанжин штабын Тагнуулын ерөнхий газрын (GRU) орлогч дарга, дэслэгч генерал Владимир Алексеев Редутыг үүсгэн байгуулах санааг гаргажээ.
Редут Украины дайнд ямар үүрэг гүйцэтгэв
Их Британийн Батлан хамгаалах яам энэ бүлгийн талаар мэдэгдэл хийхдээ “Дайн эхэлснээс хойш Редут Донецк, Харьков, Киев, Луганск мужуудад байлдсан. Тус бүлэг 7 мянга гаруй ажилтантай байх магадлалтай” гэжээ.
Мөн Редут “сайн дурын ажилчид” гэсэн тодотголтой хөлсний цэргүүдийг Украины дайнд байлдуулахаар ажилд авч байгаа юм. ОХУ-ын Жанжин штабын Тагнуулын ерөнхий газар (GRU) тус бүлгийн үйл ажиллагаа , хөлсний цэргүүд элсүүлэх ажлыг хянаж, санхүүжүүлдэг байх магадлал өндөр гэж Их Британийн Батлан хамгаалах яам нэмж мэдээлсэн.
“Radio Free Europe” мэдээлснээр “GRU” Редут бүлгээр дамжуулан ОХУ-ын Зэвсэгт хүчний 20 гаруй бригад, батальонд олон мянган цэрэг элсүүлжээ.
Тэдгээр батальоны нэг болох “GRU”-ийн 16-р бригадын Волк батальонд элсэж орсон Михатл Иванов нэртэй цэрэг Харьков мужид байлдахдаа Украины армид олзлогдсон байна.
Редут бүлэг цэрэг элсүүлэх ажлаа 2021 оны сүүлээр эхлүүлсэн байх магадлалтай. Учир нь Иванов мэдүүлэг өгөхдөө 2021 оны арван хоёрдугаар сард Редут компанид элсэж орсон гэж хэлжээ.
Яагаад Редутыг ашиглана гэж
ОХУ-ын арми Украины дайнд байлдах нэмэлт хүч үүсгэхийн тулд 2022 оны есдүгээр сард цэргийн хэсэгчилсэн татлага явуулахаа зарласан. Хэсэгчилсэн татлага зарласнаас хоёр долоо хоногийн дотор 370 мянган хүн Оросоос дүрвэн гарсан юм.
Энэ явдал Орос залуус дунд дайнд явах хүсэлтэй нь тун цөөн байгааг харуулсан. Ийм учир ОХУ-ын эрх баригчид олон нийтийг хамарсан цэрэг татлага явуулж нийтийн бухимдлыг хүргэхээс болгоомжилж байж магадгүй.
Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ “ОХУ олон нийтэд таалагдахгүй цэрэг дайчилгааг хийхээс зайлсхийж Редут бүлгийн нэр дор “сайн дурын” тодотголтой цэргүүдийг элсүүлж авч байж магадгүй” гэжээ.
Мөн 2024 оны гуравдугаар сард Орост ерөнхийлөгчийн сонгууль болох тул үүнээс өмнө нийгэмд тогтворгүй байдал үүсгэхээс зайлсхийж буй арга байж магадгүйг судлаачид дурдсан юм.
Эх сурвалж: Kyiv Post, Meduza, Radio Free Europe
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.