Шахмал түлш дэлбэрч байшингүй болсон гэх таван айлд өнөөдөр гэр олгоно

Өнгөрсөн бямба гараг /2023.11.04/-т Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд түймэр гарч, таван айлын байшин шатсан.
Иргэдийн мэдээлснээр нэг айлын түлсэн шахмал түлш дэлбэрч түймэр эхэлсэн бөгөөд аврах анги цаг алдахгүй ирсэн ч гал ихээр авалцаж айлууд руу дамжжээ. Түймэр гарсан шалтгааны талаар тухайн айл 19.00 цагт галаа түлээд 21.00 цагт тэсэрч дэлбэрсэн гэх мэдээлэл буй.
Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн мэдээлснээр “Галын тархалтыг бүрэн зогсоож, унтраасан. Эрсдэлт нөхцөл байдлаа тооцоолж, юмыг яаж мэдэх вэ гэсэн байдлаар тухайн объектыг харзнаж байгаа.
Шахмал түлш дэлбэрсэн эсэхийг одоо хэлж мэдэхгүй. Галын шалтгааны дүгнэлт 14 хоногийн дараа гарна. Урьдчилж мэдээлэх боломжгүй. Таван айлаас хоёрт нь хүн байгаагүй. Гурван айлын иргэдийг гаргаж, аюулгүй болгосон” гэсэн.
Холбогдох эх сурвалжаас тухайн айлуудыг тодруулан асуухад "Дүүргийн онцгой комисс өнөө орой /2023.11.05/ хуралдаж, нөхцөл байдлын мэдээллийг солилцож шуурхай арга хэмжээ авч ажиллана.
Таван айлаас нэг өрхийн мэдээлэл тодорхойгүй байгаа. Эзэнгүй байсан айл юм. Бусад айлын 23 хүн байгаа, түлэгдэж, угаартаж ямар нэг эрсдэлд ороогүй. Дүүргээс түр байраар хангах шийдвэр гарсан ч иргэд маань өөрсдөө ганц, хоёр хоногтоо ах дүү, хамаатан садныхаараа байж байя гэсэн.
Галын дүгнэлт мэргэжлийн байгууллагаас гарах байх. Дүүргийн онцгой байдлын комиссын шийдвэрээр айлуудад гэр олгоно. Гамшигт өртсөн тохиолдолд олгодог мөнгөн тусламж буюу нэг сая 200 мянган /1,200,000/ төгрөгийг өрх бүрд өгнө" гэлээ.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түлш дэлбэрнэ гэж юу байхав дээ. Зуухны г�##�лагааны процессыг зөрчвөл тэсрэнэ
Пийшин бөглөрсөн