Гадаад мэдээДЭЛХИЙ

Бразил эрдэмтэд кокайн донтохтой тэмцэх вакцин бүтээжээ

Бид аливаа гоц халдвар өвчнүүдээс сэргийлэхийн тулд вакцин тариулдаг билээ. Ингэснээр дархлаа тогтож жинхэнэ эмгэг үүсгэгч бичил биетнээр халдварласан үед хүндээр өвчилдөггүй.

Тэгвэл Бразил эрдэмтэд кокайн болон түүний илүү хүчтэй хувилбар болох крэк кокайны донтолтын эсрэг үйлдэлтэй вакцин зохион бүтээжээ. Каликскока нэртэй тус вакцин нь кокайны нөлөөллийг идэвхгүйжүүлэх замаар ажилладаг байна.

Бразилийн Минас-Жерайс дахь Холбооны их сургуулийн эрдэмтэд тэр вакциныг бүтээж урьдчилсан байдлаар амьтан дээр хийсэн туршилт эерэг үр дүн үзүүлжээ. Удахгүй хүн оролцуулсан туршилтыг эхлүүлэх аж.

Судалгааны багийг удирдаж буй сэтгэцийн эмч Фредерико Гарсиа хэрвээ яамнаас зөвшөөрөл олговол донтолттой тэмцэх зориулалттай анхны вакцин болно хэмээсэн юм.

Гарсиагийн тайлбарласнаар бол тус вакцин кокайны эсрэг эсрэгбие үүсгэж, тархины мезолимбийн тогтолцоо руу нэвтрэхээс нь сэргийлдэг аж. Мезолимбийн тогтолцоонд кокайн нэвтэрснээр допамин ялгаруулж аж жаргал, таашаал мэдэрдэг байна.

Туршилтын явцад Каликскока кокайны хордлогоор нас барах эрсдэлийг мөн бууруулж магадгүй гэдгийг илрүүлжээ. Учир нь эсрэгбие холбогдсон кокайны молекулууд зүрх эсвэл артерийн судсанд нөлөөлж чадахгүй. Кокайн зүрхний цохилтын тоог хурдасган, даралт нэмэгдүүлдэг учир зүрхний шигдээс болох аюултай юм.

Гэхдээ Гарсиа энэ вакцин нь донтолтыг бүрэн эмчлэх арга биш бөгөөд кокайнаас гаргах эмчилгээнд явсан хүмүүст дахин донтохгүй байхад хамгийн тустай гэж хэлжээ.

Эх сурвалж: VOA

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button