Гадаад мэдээДЭЛХИЙ

Мексикийн Конгресс харь гарагийн талаарх хоёр дахь сонсголоо хийлээ

Өнгөрсөн есдүгээр сард Мексикийн Конгресс харь гарагийн талаарх анхны сонсголоо хийсэн. Сонсголын үеэр харь гарагийн хүний цогцос гэгдэж буй хоёр биетийг “UFO” сонирхогч, сэтгүүлч Хайме Мауссан танилцуулсан билээ.

Тэрбээр энэ хоёр цогцос нь дэлхийгээс үүсэлгүй, 2017 онд Перу улсын ойролцоо Назкагийн зурвас нэртэй газраас олдсон гэж хэлсэн. Хорх дотор хэвтүүлсэн тус хоёр биет нь өргөн толгой, гурван хуруутай аж.

Тэгвэл мягмар гарагт /2023.11.07/ Мексикийн Конгресс дахин сонсгол хийж тэдгээр биетийг харь гарагийн хүний цогцос байж магадгүй гэдгийг илтгэсэн баримтуудтай танилцсан байна.

Сонсголын үеэр Мауссан хэд хэдэн мэргэжилтнүүдийг дууджээ. Тэдгээр мэргэжилтнүүд бүгд тус биетүүдийг хуурамчаар үйлдээгүй, нэг цагт амьд байсан гэж хэлсэн аж. Тухайлбал Сан Луис Гонзагагийн Үндэсний их сургуулийн антропологич Рожер Зунига хэлэхдээ судлаачид үүнтэй ижил таван биетийг дөрвөн жилийн турш судалсан гэжээ.

Тэрбээр “Хуурамч биш, жинхэнэ. Эдгээр биетийн биологийн үүсэлд ямар ч хүний оролцоо байгаагүй” гэж хэлээд ямар гарал үүсэлтэй гэдгийг нь мэдэхгүй байна хэмээсэн юм. Зунига үүнтэй ижил үзэл бодол илэрхийлж гарын үсэг зурсан 11 эрдэмтдийг төлөөлөн тус сонсголд оролцсон байна.

Мауссан анх тэдгээр биетийг танилцуулахад хэд хэдэн эрдэмтэд өмнө нь үүнтэй ижил харийн гэгдсэн цогцсуудыг шинжилж үзэхэд бүгд хүний гараар бүтсэн зүйлс гэдэг нь илэрсэн гэж шүүмжилсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button