Давсны хэрэглээг нэг цайны халбагаар багасгавал эм уусан мэт артерийн даралтыг бууруулна

“JAMA”-д нийтлэгдсэн шинэ судалгаа өдрийн давсны хэрэглээгээ нэг цайны халбагаар бууруулбал артерийн даралт энгийн даралт бууруулах эм уусан шиг багасдаг болохыг харуулжээ.
АНУ-ын хүнсний удирдамж 14-өөс дээш насны хүмүүсийг өдөрт нэг цайны халбага буюу 2.3 грамм давс хэрэглэхийг зөвлөдөг. Харин Америкийн Зүрхний нийгэмлэг 1.5 граммаас бага давс хэрэглэхийг зөвлөдөг байна.
Шинээр явуулсанд судалгаанд эрдэмтэд 50-аас 75 насны 213 хүнийг өндөр давстай хоол, бага давстай хоол долоо хоног ээлжилж өгчээ. Оролцогчдын 25 хувь нь л хэвийн артерийн даралттай байсан аж. Өндөр давстай долоо хоногт хүмүүс өдөр тутам иддэг зүйлсээ идэж дээрээс нь 1.1 грамм давстай шөл хоёр удаа уужээ.

Харин бага давстай хоол идэх долоо хоногт шим тэжээл судлаач эмчийн бэлтгэж өгсөн зүйлсийг л идсэн байна. Эмч нар оролцогчдыг давс багатай хоолны долоо хоногт өдөрт зөвхөн 0.5 грамм давс хэрэглүүлэх зорилготой байсан юм.
Давс бага хэрэглэж эхэлсэн үед артерийн даралт богино хугацаанд буурч эхэлжээ. Их давстай хоол хэрэглэсэнтэй харьцуулахад давс бага хэрэглэх үед артерийн даралт 8 мм м.у.б-аар буурсан байна.
Зүрх судасны эмч Эндрю Фриман “Өдөр тутам иддэг хоолтой нь харьцуулахад бага давстай хоол идэх нь артерийн даралтыг 6 мм м.у.б-аар бууруулсан. Энэ нь даралт бууруулах анхан шатны эмтэй ижил нөлөө. Мөн даралт хэвийн, бага зэрэг өндөр даралттай, даралтын эм уудаг хүмүүс давс бага хэрэглэх үед даралт нь түргэн хугацаанд буурсан” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.