АНУ: Хамас Газын зурвас дахь хамгийн том эмнэлэгт удирдах газартай

Израил Хамас бүлгийг Газын зурвас дахь эмнэлгүүдийг нуувч болгон ашигладаг гэж мэдэгдэж байсан. Үүнийг Хамас үгүйсгэсэн юм. Тэгвэл АНУ Хамасыг Газа хот дахь хамгийн том эмнэлэг болох Аль Шифад удирдах төвтэй гэж мэдээлжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби Хамас бүлэг Аль Шифад зэвсэг хадгалдаг гэсэн юм. Тэрбээр “Хамас энгийн иргэдтэй өөрсдийгөө гүн гүнзгий уусгасан байна. Гэхдээ тодруулахад бид эмнэлэгт агаарын цохилт өгөхийг огт дэмжээгүй. Мөн энгийн иргэд, өвчинтэй хүмүүс шаардлагатай эрүүл мэндийн тусламж авч буй газарт байлдаан гарахыг хүсэхгүй байна. Эмнэлэг болон энгийн иргэдийг хамгаалах хэрэгтэй” гэсэн байна.

Хамас бүлэг үүний эсрэг мэдэгдэл хийхдээ Израил АНУ-ын дүгнэлтийг эмнэлгийн байгууллагуудын эсрэг аймшигтай алан хядлага үйлдэх зөвшөөрөл гэж харж Газа дахь эрүүл мэндийн тогтолцоог устгана гэжээ.
Аль Шифа эмнэлэгт нөхцөл байдал хүндхэн байгаа. Өнгөрсөн бямба гарагт /2023.11.11/ тус эмнэлэг түлшгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон юм. Аль Шифад ажилладаг эмч нарын мэдээлснээр түлш, эм, цахилгаангүйн улмаас арав гаруй өвчтөн, гурван нярай нас барсан байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.