Украин Парламентын гишүүнээ ОХУ-ын талд ажилласан гэж баривчилжээ

Украины Парламентын гишүүн 42 настай Александр Дубинский ОХУ-ын талд ажиллаж, Украины улс төр болон цэргийн удирдлагын талаар худал мэдээлэл тараасан гэж баривчлагдсан байна.
Түүнтэй холбогдох хэргийн шүүх хурал мягмар гарагт /2023.11.14/ хаалттай эхэлсэн аж. Дубинский өчигдрийн хурлын дараа өөрийн Телеграм хуудас дээрээ бичлэг нийтэлж, 60 хоногийн турш саатуулагдсан гэж хэлжээ. Эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан тэрбээр 15 жил хүртэл хорих ял сонсож магадгүй.
Украины “SBU” тагнуулын алба даваа гарагт /2023.11.13/ мэдэгдэл хийхдээ Парламентын гишүүн асан Андрей Деркач, прокурор асан Костянтын Кулыч нарыг Дубискийтэй хамтран ажилласан гэж буруутгасан байна. Деркач, Кулыч хоёр гадаад руу зугтан, нуугдсан байгаа юм.

“SBU” мэдэгдэлдээ “Тэдний гол зорилго нь улс төрийн хурцадмал байдлыг далимдуулан олон улсын тавцанд манай орны нэр хүндийг буруулах байсан. Энэ ажлынхаа төлөө тэд ОХУ-ын Зэвсэгт хүчний тагнуулын албанаас мөнгө авсан. Тэд нийтдээ 10 сая гаруй ам.долларын санхүүжилт хүлээн авсан байна ” гэжээ.
Дубински 2019 онд Володимир Зеленскийн Ардын албат намаас нэр дэвшин Парламентын гишүүн болсон. Гэвч түүнийг ёс зүйн хэм хэмжээг алдсан хэргээр Ардын албат нам бүлгээсээ хөөсөн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.