Судалгаа: Унтах нь суухаас илүү зүрхний эрүүл мэндэд сайн

“European Heart Journal”-д өнгөрсөн баасан гарагт /2023.11.10/ нийтлэгдсэн судалгаа ямар ч үйлдэл, бүр унтах нь хүртэл суухаас илүү зүрхний эрүүл мэндэд тустай гэдгийг харуулжээ.
Их Британийн Зүрхний сангийн дэмжлэгтэй Лондоны их сургуулийн коллеж тус судалгааг явуулсан байна. Эрдэмтэд нийтдээ 15,246 хүн хамрагдсан зургаан судалгааны тоо баримтад дүн шинжилгээ хийжээ. Судалгаанд оролцсон хүмүүс 24 цагийн турш хөдөлгөөний идэвхийг нь хэмждэг багаж зүүсэн байна.

Мөн тэдний зүрхний эрүүл мэндийг биеийн жингийн индекс, бүсэлхийн тойрог, өндөр нягтралтай холестерин, өндөр нягтралтай холестерин болон нийт холестеролын харьцаа, триглицерид, цусан дахь гурван сарын дундаж сахрын хэмжээгээр тодорхойлжээ.
Судалгааг ахалж бичсэн Жо Бложетт “Зүрхнийхээ эрүүл мэндийн төлөө хийж болох хамгийн сайн зүйл бол дундаж эсвэл хүнд ачаалалтай хөдөлгөөн. Дараа нь зогсох, унтах харин хамгийн сүүлд суух” гэж хэлсэн байна.
Түүний хэлснээр унтах нь суухтай харьцуулахад биеийн жингийн индекс, бүсэлхийн тойргийн үзүүлэлтэд сайн нөлөөтэй ч холестерин, триглицерид эсвэл цусан дахь сахрын түвшинд өөрчлөлт үзүүлээгүй аж.
Бложетт “Суух үедээ амттан идэх гэх мэт жин нэмэхэд хүргэдэг зүйлсээс болж унтах нь суухаас илүү зүрхний эрүүл мэндэд тустай байдаг гэж би дүгнэж байна” гэжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.