Top StoriesНийгмийнНИЙГЭМ

Хөндөх сэдэв #1: Машин, байр, амины үнэтэй мөрийтэй тоглоомын хуулийн цоорхой

Хоёрхон жилийн өмнө Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хоёр хүн өөрсдийгөө ариун цэврийн өрөөнд боомилж, нас барсан. Нэр бүхий УИХ-ын гишүүний туслах гэртээ амиа хорлосон. Ийм байдлаар Монголд дөрвөн үнэт амь хохирсныг СЭМҮТ-ийн сэтгэлзүйч ярьсан байдаг. Мөрийтэй тоглоомд донтох эмгэг, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг яах аргагүй анхаарлын төвд орох цаг болжээ.

Мөрийтэй тоглоом нь хар тамхинаас илүү донтуулдаг. Донтсоноор хадгаламж, бэлэн мөнгөө алдана, эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, орон байраа барьцаална, нэмээд өр зээлд орно. Цаашлаад сэтгэл санаагаар унана, гэр бүлийн хүчирхийлэл гарна, салалт үүснэ, хүүхэд өнчирнө, өөр гэмт хэрэг сэднэ, амиа хорлоно.

УДШ-ийн 2010.05.19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “...Мөрийтэй тоглоом гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна...” хэмээн тайлбарласан байдаг.

Мөрийтэй тоглоомыг цахим орчинд явуулж буй байдлаар нь форекс, спорт бэттинг, онлайн казино гэж хувааж болохоор байна.

Манай сайт спортын элдэв тэмцээн, уралдаануудад бооцоо тавих байдлаар оролцож алддаг спорт бэттингийг голчлон хөндөж хүргэхийг зорилоо.

BET гэдэг нь ашиг олох зорилгоор спортын тэмцээний үр дүнг урьдчилан таамаглах байдлаар мэдээллийн технологи ашиглан бооцоо тавьж буй хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын нэг хэлбэр юм. Олон улсад энэхүү бооцоот тоглоомыг аппликейшн ашиглан хэрэгжүүлж байна.


-НЭГ. Арав, арваннэгдүгээр сард 29 этгээдийг дайчлан баривчилжээ-

Манай улсад мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.

Урьдач тоо: 2020 оноос хойш нийтдээ цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 328 этгээдэд холбогдох 277 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Одоо 204 хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байгаа аж.

2023 оны арав, арваннэгдүгээр сард мөрийтэй тоглоом зохион байгуулсан долоон бүлгийн 29 этгээдийг дайчлан баривчилжээ. 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3508 домэйн хаягийн Монгол улсаас хандах эрхийг ХХЗХ-той хамтран хязгаарлажээ. 102 фэйсбүүк пэйжийг хаалгахаар ЦХХХЯ-нд ханджээ. Цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг царцаасан.

Харин 49 сайтын 3508 домэйн хаяг, баривчлагдсан долоон бүлэг 29 этгээдийн ХОХИРОГЧ хэд вэ, алдсан МӨНГӨНИЙ ТОО ямар вэ.

Энэ тоо шүүхээр орж байж тогтоогдох учиртай гэж цагдаагийн байгууллага хэлж байна.


ХОЁР. 1xBet-ийн хохирогчид ярьж байна: Байр машинаа алдаж, ажлаасаа хүртэл хөөгдөж, гэр бүл салсан

Т.Г: Нөхөр маань нууцаар машинаа алдаж, ажлаасаа хүртэл хөөгдөж байсан

Нөхрийг тоглоомд донтсоныг жил гаруй хугацаанд мэдээгүй. Маш сайн нууцалсан байсан. Сүүлдээ приус-30 машинаа алдахад мэдсэн. Мэдээд гэр бүлд салалт хүртэл үүсэж, тусдаа хагас жил амьдарсан. Ааш араншин эвдэрч, ажлаасаа хүртэл хөөгдсөн. Тусдаа байх хугацаанд хүүхдүүд маань хэцүү байдалд орсон. Хүүхдүүдээ бодоод нийлсэн ч, тоглохоо больсон болов уу, эргээд тоглох болов уу гэсэн айдас надад байна” хэмээн ярилаа.

Б.Э: “Ковид-19”-ийн үед тоглож эхлээд 60 саяд байрныхаа гэрчилгээг хүртэл өгч байлаа

"Ковид-19"-ийн цар тахлын үед их хийцгүйрсэн. Нэг най маань BET гэж нэг юм байна. Халаасны мөнгөтэй болчихно, амар шүү гэж хэлсэн. Эхлээд уг нь их ёндоотой байсан. 300 мянган төгрөгөөр ороод 1,2 сая төгрөг болгож байлаа. Шөнө орой нүдэнд харагдлаг болсон. Утас нүдэнд харагдаад "нэг орчихдог юм уу" гэж боддог боллоо. Найзуудаасаа худлаа хэлж мөнгө зээлдэг ч боллоо. Жилийн дотор их мөнгө алдах үүсэл тавигдсан. Нэг л мэдэхэд 40 гаруй сая төгрөг алдчихсан" гэлээ.

-Tengis TV: Найз минь Хан мөрөн рүү үсэрч амиа хорлохыг завдсан. Намайг эхнэр минь түшиж, донтолтоос гарч чадсан-

БНСУ-д сурч байхдаа мөрийтэй тоглоомд донтсон ч эхнэрийнхээ тусламжтайгаар өөрийгөө татаж авч, ялж чадсан контент бүтээгч Tengis TV манай редакцад ирж, зөвлөгөө мэдээллээ хуваалцлаа.

Тэрбээр “Хар тамхинаас авах аз жаргалын допамин 150 оноо байлаа гэж бодоход мөрийтэй тоглоомноос авах допамин 115 байдаг. Бараг ойролцоо. Харин төрсөн өдөр зэрэг баяр хөөр дөнгөж 30 оноотой. Энэхүү допамин хүний тархийг маш их эвддэг юм байна л даа. Хүүхдээ хараад инээдэг байсан бол болино, энгийн зүйлсээс аз жаргал мэдрэхээ болино, бэлгийн дур хүсэл нь хүртэл үгүй болно. Энэ мэтчлэн мөрийтэй тоглоомноосоо гарчихвал, 115 оноог давахгүй л бол бусад зүйл уйтгар гунигтай, аз жаргалгүй болчихдог. Харин мөрийтэй тоглоод гэнэт мөнгө хожчихлоо гэхэд аз жаргалын допамин хар тамхи хэрэглэсэнтэй адил маш ихээр ялгарч байх жишээтэй” хэмээн ярилаа.

-Та мөрийтэй тоглоомонд донтож байсан тухайгаа цахим хуудаснаа хуваалцаж, олон залууст үнэтэй зөвлөгөөгөө өгдөг юм билээ. Хэрхэн яаж өөрийгөө татаж авч, ялан дийлж байв?

-Намайг Тэнгис гэдэг. Би БНСУ-д долоон жил амьдраад гэр бүлтэй болоод наймдугаар сард эх орондоо ирсэн. Мөрийтэй тоглоомын донтолтын талаар ярих гэсэн юм. Миний хувьд ч ийм төрлийн донтолтод орж байсан. Донтолтыг ямар түвшин байдаг тухай сайн мэднэ. Өөрийгөө арай ч үгүй юм болов уу гэж бодож байсан ч, Солонгост ахыгаа дагаж яваад орчихсон. Би маш сайн эхнэртэй хүн. Эхнэр маань миний байгаа байдлыг маш сайн мэддэг. Хүн тархиндаа удирдуулаад ирэхээр эрүүл ухаангүй болчихдог. Яг ийм байдлыг минь хараад эргэн тойрны минь хүмүүст хэлсэн. Маш их хүндэлдэг ахад минь, гэр бүлийнхэнд минь хэлж байлаа. Бүгд мэдчихсэн тул маш их айж сандарсан. “Яанаа мэдчихлээ, надад ямар их итгэж байлаа даа” гэж бодогдсон. Эхнэрээрээ дамжуулаад энэ зүйлээс гарч чадсан. Мөн үүнээс гарахын тулд youtube сувгаас сонссон сэтгэлзүйн зөвлөгөө тус болсон.

-Сургамжтай түүх байвал хуваалцаач?

-БНСУ-д байхад манай нэг найз ч бас донтчихсон. Тэгээд бүр Хан мөрөн дээрээс үсэрч байсан түүхтэй. Яг л кино шиг зүйл болсон. Учир нь БНХАУ-ын иргэд найзад минь хууль бусаар 30 сая вон зээлсэн. Ингэж зээлэхдээ бөөрөө барьцаанд тавьсан байсан юм билээ. Гэтэл 30 сая воноо хоёр өдрийн дотор үржүүлэх гэж байгаад бүгдийг нь алдчихсан. Гэтэл мөнгө зээлсэн хятадууд хаана ч байсан дагаад, сэтгэл санааны дарамтад оруулж, татсан тамхиа гар дээр нь дарж унтрааж ч байсан. Хоёр ажил ажиллаад 30 сая воноо өгсөн л дөө. Гэвч нэмээд 10 саяын хүү нэхсэн. “Хүүгээ өгөхгүй бол бол ална” гэж сэтгэл зүйн дарамтанд оруулж, “Надад амьдрах хүсэл алга” гээд Хан мөрөн рүү үсэрч байсан. Тухайн үед би даргадаа хэлээд, дарга цагдаа дуудаад яг үсэрч байхад нь барьж авч байлаа. Маргааш нь уулзахад “яг үсэрч байхад дээрээс гэрэл цацарч, яагаад ч юм амьдрах хэрэгтэй гэдгээ мэдсэн” гэж хэлсэн. БНХАУ-ын иргэдтэй нь уулзуулах гэсэн ч зугтчихсан, учир нь хууль бус мөнгө байсан.

Тэр үед би ч тоглодог байсан үе. Гэхдээ л 4-р шатны донтолттой хүнийг ойлгодоггүй байлаа шүү дээ.

-Донтолтод орсноо өөрөө мэдэх боломжтой юу, яаж мэдэх вэ?

-Дөрвөн үе шаттай. Нэгдүгээр шат, сонирхож ороод өөрийнхөө алдаж болох хэмжээний мөнгөөр тоглож үздэг. Ингэхдээ ажлынхаа цаг заваар, долоо хоногтоо нэг удаа ч юм уу. Энэ нь дотроо гурван янз. Нэгт, ажил ихтэй учир больчихдог. Хоёрт, тоглож байхдаа бага багаар алдаж эхэлдэг. Гуравт, бага багаар хождог. Энэ шатанд яваа хүмүүс өөрийн ухамсраар гарах бүрэн боломжтой.

Хоёрдугаар шат, бага багаар алдсаар, алдсан мөнгөндөө харамсаад байнга бодох. Тэрхүү харамссан бодол тархинд нь нөлөөлж, “шархаа нөхнө” гэх үгийг маш их хэлж уруу татагдах эхлэл болдог.

Гуравдугаар шат, өөрт байхгүй ч бусдаас зээлж тоглох. Энэ нь эргэн тойрныхондоо гай болж эхэлж байна гэсэн үг.

Дөрөвдүгээр шат, мөнгөө алдаад уурладаг байсан бол мөнгөгүй байгаадаа уур нь хүрч эхэлнэ. Олон мөнгө, цалин хөлс бүгд мөрийтэй тоглоом руу явна. Хаанаас ч хамаагүй олох гэж оролдож, бухимдана. Энэ бол хүндэрсэн шат.

-БНСУ-д энэ төрлийн донтолтын сэтгэлзүйн зөвлөгөөг хэрхэн өгдөг вэ?

-Бүхэл бүтэн хоёр гурван телевиз, донтолтын эсрэг ажилладаг. Сэтгэл зүйч ажиллуулдаг. Тухайн сэтгэлзүйчид өөрсдөө донтож байсан түүхтэй хүмүүс байдаг. Тиймээс зөвлөгөө авах гэж ирсэн үйлчлүүлэгчээ ямар сэтгэл зүйтэй байгааг маш сайн ойлгодог. Мөн маш олон youtube суваг ажиллаж, алдсан хүмүүсийн түүх сургамжаас хуваалцдаг. Давхар сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Одоогийн байдлаар БНСУ-д дунд болон ахлах ангийн хүүхдүүд маш ихээр тоглох болсон. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь тоглож байна.


-ГУРАВ. Мөрийтэй тоглуулагчид нь хожиж, мөрий тавигчид хохироод үлдэж буй хуулийн цоорхой-

Хууль, эрх зүйн орчин ямар вэ гэдэг асуудлыг эхлээд хөндье.

Он цагийн дарааллаар хөөж харвал:

Манай улс анх 1998 онд Казиногийн тухай хуулийг баталсан ч хэрэгжүүлж чадалгүй хүчингүй болгосон. Түүний дараа хэд хэдэн удаа энэ асуудал хөндөгдсөн ч нэгдмэл ойлголтгүйгээс болж хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж чадалгүй өдийг хүрсэн.  

2001 онд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нэртэйгээр батлагдсан. Энэ хуульд, казиногийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэх заалт багтсан байдаг.

Мөн 2001 онд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хууль зүй хариуцсан сайд олгоно гэж хуульчилж өгсөн.

Өөрөөр хэлбэл мөрийтэй тоглоомыг зөвшөөрсөн хууль 2001 онд батлагдсан.

Үүний дараа батлагдсан Онцгой албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуй үйл ажиллагааны орлогын татварын тухай хууль зэрэгт төлбөрт таавар, бооцоот тоглоомын татварын зохицуулалтуудыг оруулж өгсөн.

Тусгай зөвшөөрлүүдээ аваад дээрх хуулиудын дагуу татвараа төлчихвөл мөрийтэй тоглоом нь хууль бус үйлдэл биш болж байсан түүхтэй гэсэн үг.

2001 онд Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд байхдаа төлбөрт таавар, бооцоот тоглоом эрхлэх журам гэгчийг баталсан. 2003 онд шинэчилж, казиногийн элементүүд болох рулет зэргийг төлбөрт таавар, бооцоот тоглоомын ангилал руу оруулчихсан байна. Өөрөөр хэлбэл, казиног хуулиараа хориглож, журмаар зөвшөөрсөнтэй ижил зүйл болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад 2007 он хүртэл рулетийн газрууд олноор нээгдэж байсан түүхтэй. Дараа нь 2001 оны энэхүү журам хүчингүй болсон.

Одоо үйлчилж буй ядмаг зохицуулалт:

Нэгдүгээрт, Спорт беттинг мөрийтэй тоглоом гэж үзэх боломжгүй учраас хууль эрх зүйн хувьд хяналт тавих үндэслэлгүй гэж цагдаагийн байгууллага тайлбарладаг. Тэгвэл спорт бэттинг, онлайн казино, форекс зэргийг ялгалгүй нийтэд нь Эрүүгийн хуулийн хоёр, Зөрчлийн хуулийн ганцхан заалтаар буюу маш ядмаг байдлаар зохицуулж байгаа юм.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”

Дээрх гурван заалтаар бол, олон нийтийн газар, эсхүл мэдээллийн хэрэгсэл ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулбал хамгийн ихдээ 27,000 сая төгрөгөөр торгуулж, 5 хүртэлх жилээр хоригдох ялтай байна. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй бол энэ заалтуудаар шийтгэнэ.

Мөрий тавьсныг Зөрчлийн, мөрийтэй тоглуулсныг нь Эрүүгийн хуулиар шийтгээд л өнгрөх ядмаг гуравхан заалт байна.

Олигтой хуулийн зохицуулалт, эрхзүйн орчингүйгээс мөрийтэй тоглоом цэцэглэх, шинээр үүссэн агент гэх субъект гадаадын сайтууд руу мөнгөөрөө мөрий тавигчдыг элсүүлэх ажиллагаа өргөжин цэцэглэжээ.

Хоёрдугаарт, Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа мөрийтэй тоглоомын энэхүү ядмаг зохицуулалтыг засахаар Казиногийн тухай хуулийн төсөл болон Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг 2022.12.25-нд өргөн мэдүүлсэн байдаг.

Энэ хуулийн төсөлд мөрийтэй тоглоом гэдэгт

  • казино,
  • бооцоот морин уралдаан,
  • бооцоот таавар,
  • хонжворт сугалааг хамааруулжээ.

5.2-т хуулиар тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд казино, бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг зохих тусгай зөвшөөрөлгүй этгээд эрхлэхийг хориглоно.

5.7-д Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэгч нь татварын бүртгэл, мэдээллийн санд холбогдсон байх бөгөөд мөрий, бооцоо, хонжворт сугалаанаас олсон орлого, олгосон хонжвор, шагналын талаарх мэдээллийг нь тухай бүр бүртгүүлнэ.

5.8-д Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд цахим орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн бол цагдаагийн байгууллагын шийдвэрийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудсанд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандахыг хязгаарлана. 

7.1.1. насанд хүрээгүй хүнийг мөрийтэй тоглоом тоглоход оролцуулах; 7.1.2. мөрийтэй тоглоомыг олон нийтэд сурталчлах; 7.2. мөрийтэй тоглоомыг сургууль, цэцэрлэгийн орчинд явуулахгүй.

Энэ хоёр хуульд мөрийтэй тоглоомд юу юуг хамруулж ойлгох вэ. Хэн зөвшөөрөл авч, хэрхэн зохион байгуулах вэ. Хаана явуулах, хаана болохгүй вэ. Гэхчлэн зөвшөөрөл авахаас эхлээд сурталчилгаг хүртэл хориглож нарийвчлан тусгасан байна. Ингэж зөвшөөрөлтэй бүртгэлтэй болгосноор гадагшаа татваргүйгээр урсаж буй валютыг багасгах зорилготой. Улмаар казиногийн бүс байгуулж, монголчуудад хаалттай болгох юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Технологийн дэвшил хүн төрөлхтөнд асар их боломж бололцоо нээж өгсөн ч, хор хөнөөл нь амь авах ч хэмжээнд хүрчихсэн. Тиймээс 1xBet.com-д Монгол Улсаас 192 төлөөлөгч буюу агент ажиллаж, олон нийтэд нөлөөлөгч буюу influencer хүмүүсээр сурталчилгаа явуулж ил мөртлөө далд хэлбэрээр оршиж буй асуудлыг цувралаар хөндөж хүргэнэ. Энэ удаад хэрхэн хохирогч болдог, түүнийгээ яаж даван туулсан талаарх хүмүүсийг кейсийн видеогоор хүргэлээ. Дарааагийн цувралаар зөвшөөрөлгүй 192 агентийн 120-ийг нь дэлгэнэ. Тэдгээр агентууд хэрхэн ажилладаг, хүмүүсийн мөнгийг мөрийтэй тоглоомд хэрхэн бооцоо тавиулдаг, яагаад иргэдийн дансыг ашигладаг, цагдаа нар хэрхэн оролцдог, татваргүйгээр хэчнээн төгрөг гадагш урсгадаг тухай хүргэх болно.

Чиглүүлэгч: Ж.Мядагбадам

Сэтгүүлч: П.Урнаа

Дата судалгааг: Б.Мандах

Эвлүүлэгч: Б.Эрдэнэбаяр, О.Улсболд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 23, 2023 11:04

Манайхан муу юмандаа сайн юм аа ядаж.

Зочин
Зочин
11 сар 23, 2023 11:11

Мөрийтэй тоглоомын донтол эхний �##�д�##�таас үүдэлтэй

Зочин
Зочин
11 сар 24, 2023 02:02

шун�##�аа барьж чадахгүй сэтгэл зүйн ямар ч төлөвшил байхгүй араа дааж чадахгүй д�##�дагнаж чадахгүй юмаараа оролдож хоосорчоод дараа нь ингэж уйлах хэрэг бдаг юм уу доо хахаха, спорт бооцоог зөв цагт суд�##�гаандаа үндэслэн байнга биш баттай тоглолтууд дээрээ �##�дсан ч харамсахгүй мөнгөөрөө ордог юмшдээ араа дааж чададгүй шун�##�ын хүүдийнүүдээ ???????? энийг ойлгосон цагт ц�##�ингаасаа гадна сард 1-3сая олж болоод л байна.!!!

Зочин
Зочин
11 сар 24, 2023 07:57

монгол улсаар минь тоглочихсон хулгайчууд шүдээ чигчлүүрдэн шүлсээ хаялсан шиг

drkkkk
drkkkk
11 сар 24, 2023 18:58

1 x bet bol jinhene hamgiin tom har nuh huulin tsoorhoi gadni casino mon manai mongiig zuuj baina . Harin poker bol mongoldoo uldeed neg ni awj nuguu ni ugj yumuu yadaj dotroo mong uldene . Sain bodooroi zaluusaa poker bol awj ugdug bet bol ahij hezee ch irgej irehgu zowlon shu

Зочин
Зочин
11 сар 25, 2023 08:06

монголд хар тамхи мэт газар авсан зүйл шүү үүнийг ха�##�гахын төлөө тэмцээрэй

зочин
зочин
11 сар 27, 2023 10:42

спорт бэттинг урьдчилан таамаглах боломжгүй гэнүү? Урьдчилан таамаглах боломжтой, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтэд дата ан�##�из хийснээр хожлын мөрий тавьдаг юм шүү. покер шиг харанхуй ордгийн биш. судлаач дээ судлаач. ш�##� худлаа юм тавиад байх юм

Dalai
Dalai
12 сар 14, 2023 11:15

Scorebet-ийг сурв�##�жилаад өгөөч ажиллахаа болиод сар гаран болж байна.

Dalai
Dalai
12 сар 14, 2023 11:16

Scorebet-ийг сурв�##�жилаад өгөөч ажиллахаа болиод сар гаран болж байна

Зочин
Зочин
12 сар 14, 2023 12:14

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагын хоёр цагдаа мөрийтэй тоглоомчдоос удаа дараа их хэмжээний мөнгө авсан гэдэг гомдлын бартмтыг устгаад тэгээд цол нэмцгээсэн байна даа

Зочин
Зочин
12 сар 14, 2023 22:09

Ойлгомжтойшдээ одоог хүртэл цахил казино покер гг элдэв сайтууд явсаарл байна шээ биздээ 2 цагдааа авилг�##� авдаг гээд юуч өөрчлөгдсөн юм дандааа иргэдээ дампуурч мөнгөгүй болсон хойно нь хулгаач барьсан гэх шиг хөгии хуультай казиногоо байгуулсан дээрдэээ

УЛААНГОМ
УЛААНГОМ
1 сар 22, 2025 05:19

АРХИ, ХАР ТАМХИ, МОРИЙТОО ТОГЛООМ ГУРВААС ХОЛ ЯВААРАЙ ЗАЛУУЧУУДАА.

Холбоотой мэдээ

Back to top button