Шакира татвараас зайлсхийсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ
Дуучин Шакира даваа гарагт /2023.11.20/ Испанийн албан тушаалтнуудтай тохиролцоонд хүрч, татвараас зайлсхийсэн хэргээ эцэслэсэн байна. Тэрбээр гэм буруутай гэдээ хүлээн зөвшөөрч, татварт өгөх ёстой хэмжээгээ хүүтэй нь төлж нэмэлтээр торгууль төлөх болжээ.
Барселона хотын прокурорын газраас гаргасан мэдэгдлийг харвал Шакира төлөх ёстой байсан татварыг, хүүтэй нь нийлүүлж 19 сая ам.доллар, дээрээс нь 8 сая ам.долларын торгууль төлөх юм.
Прокурорууд татвараас зайлсхийсэн зургаан хэрэгт буруутай гэдэг нь батлагдвал түүнд найман жилийн хорих ял оноохыг санал болгосон. Тэгвэл Шакира шоронд ял эдлэхийн оронд гурван жилийн хорих ялыг өдөрт 437 ам.доллароор тооцож нийтдээ 470 мянган ам.доллар төлөх тохиролцоонд хүрчээ.
Шакира тохиролцоонд хүрсний дараа “Шүүхийн өмнө гэм буруугүй гэдгээ хамгаалахад бэлэн байсан. Гэхдээ амьдралынхаа олон жилийг алдах нь ялалт биш гэх дүгнэлтэд хүрлээ. Надад хоёр сонголт байсан. Нэг нь эцсээ хүртэл тэмцэж, өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн амар тайвныг алдах, дуу бүтээхээ больж аялан тоглолтод явалгүй өөрийнхөө карьерийн амтыг мэдрэхгүй байх. Эсвэл бүгдийг нь ардаа орхиод амьдралынхаа энэ бүлгийг орхих” гэсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.