Гадаад мэдээДЭЛХИЙ

Дайн сунжирч, Украины армид байлдах хүсэлтэй хүмүүс шавхагдаж байна

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский цэргийн тусламжийг тасалдуулахгүй байхаар ажиллаж байна. Тэрбээр Вашингтон гэх мэт барууны орнуудын хотуудад айлчлах болгондоо Киевийг орчин үеийн зэвсэг, сумаар хангах нэн чухал гэдгийг дурддаг.

Харин Украины хөрсөн дээр Зеленский өөр нэг асуудалд анхаарлаа хандуулах шаардлага гарав. Дайн хоёр дахь жилийнхээ нүүрийг удахгүй үзнэ. Үүнтэй зэрэгцэн Украины зэвсэгт хүчинд ОХУ-ын эсрэг хийж буй урт хугацааны дайнд байлдах цэрэг хэрэгтэй байна.

“The Economist” агентлагт Украины армийн командлагч Валерий Залужный цэргүүдийг элсүүлэх, сургах нь ноцтой сорилт болж байгааг хүлээн зөвшөөрсөн юм.

Тэр “Дайн удаан үргэлжилж, байлдааны шугам дээр цэргүүдийг сэлгэх боломж хязгаарлагдмал байгаа. Мөн хуулийн цоорхойгоор дайчилгаанаас зайлсхийж байгаа нь иргэдийн цэргийн алба хаах сэдлийг эрс бууруулдаг” гэж бичжээ.

Түүний хэлсэн үг Украин яг одоо нэмж цэрэг татах хэрэгтэй байгааг харууллаа.

Тэгвэл Украины цэрэг татлагын асуудал хэр ноцтой байна вэ?

Цэргийн алба хаагчийн тоо өндөр нууцлалтай. Киев зэвсэгт хүчний хүний нөөцөө зарладаггүй. Амь үрэгдсэн, шархадсан цэргүүдийн тоог мэдэгддэггүй. Гэхдээ дайн эхэлснээс хойш хоёр талд олон зуун мянган цэргүүд амь үрэгдсэн гэж мэргэжилтнүүд тооцоолж буй.

Украин цэргийн алба хаагчдаа сайн дурын хүсэлтээр болон цэрэг татлагаар бүрэлдүүлдэг. Дайн эхэлсний дараа Украин 18-аас 60 насны бүх эрэгтэйчүүдийг цэрэгт дайчлагдах боломжтой болгосон. Эрүүл мэндээр тэнцсэн эрэгтэй хүн болгон татагдах магадлалтай. Харин эмэгтэйчүүд өөрсдийн хүсэлтээр алба хааж болно.

Дайны хууль хил даван гарах хязгаарлалтыг нэвтрүүлсэн. 18-аас 60 насны эрэгтэйчүүдийг ихэнх тохиолдолд улсаас гарахыг хориглож байгаа. Бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, мэргэжлийн тамирчин гэх мэт тохиолдолд л хил давж болно.

Хэдийгээр дайны хууль хэрэгжиж байгаа ч Украины албан тушаалтнууд цэргийн албанаас бултах нь тулгамдаад буй асуудал гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Цэргийн сэтгэл судлаач, фронтод офицероор ажилладаг Андрей Козинчук “DW” агентлагтай ярилцахдаа “Фронтод байлдах хүмүүс шавхагдаж байна. Тэд нэг бол алагдаж, тахир дутуу болж, өвдөж байна” гэжээ.

Козинчук “Манай батальоны гурван цэрэг 60 нас хүрсэн тул чөлөөлөгдөж гэрийн зүг буцсан. Харин би эмнэлэгт. Байлдах цэрэг дутагдаж байна. Хэрвээ хүмүүс байхгүй бол бид юу ч хийж чадахгүй. Орчин үеийн дрон, танк онгоцтой байсан ч бид юу ч хийж чадахгүй. Тэднийг чинь хүмүүс удирддаг” хэмээсэн юм.

Украины хувьд цэрэг дайчилгаа явуулах нь оршихуйн асуудал. Дайн удаан үргэлжилнэ. Их хүлээлт үүсгээд байсан Украины армийн сөрөг довтолгоо фронт дээр томоохон ахиц гаргаж чадаагүй.

Мөн барууны орнуудын дэмжлэг багасах хандлагатай байгаа. Ялангуяа өнгөрсөн сард Израил, Хамасын дайн эхэлсний дараа дэлхийн анхаарал Ойрх Дорнод дээр төвлөрсөн байгаа энэ үед.

Цэрэг татлагын талаар украинчууд ямар бодолтой байна вэ

“CNN” агентлаг цэрэг дайчилгааны талаар хэд хэдэн хүнээс санал бодлыг нь асуусан байна.

“Одоог хүртэл дайчлагдаагүй бол ирээдүйд дайчлагдахгүйг л хүснэ”

Тухайлбал “Хартия” бригадад алба хашдаг хошууч Виктор Кисил “Сайн дураараа алба хаахыг хүсэж байгаа хүмүүс аль хэдий нь алба хаачихсан байгаа” гэж хэлжээ.

“Хэрэв дайн эхлээд 16, 18 сар өнгөрч байхад дайчлагдаагүй бол, ирэх 18 сард ч гэсэн дайчлагдахгүй байхыг хүсэж байгаа нь мэдээж. Миний харж байгаагаас бол цэргийн хүчин байлдагчийн дутагдалтай байгаа. Зарим тохиолдолд ноцтой хэмжээнд хүний нөөцийн дутагдалтай” хэмээсэн байна.

“Энэ улс надад яг юу өгсөн юм бэ”

Евэн нэртэй мэдээллийн технологийн мэргэжилтэн ямар ч зарлан ирсэн эсэргүүцэх төлөвлөгөөтэй гэдгээ хэлжээ.

“Дайчилгаагаар болж байгаа бүх зүйл хууль бус, шударга бус гэж би бодож байна. Цэрэг татах төвүүдэд явагдаж байгаа зүйлс бол хуулийн дагуу ямар ч үндэслэлгүй. Ийм учраас би болж байгаа бүх зүйлд сөрөг хандлагатай байна. Мэдээж миний хэлсэн зүйл бол ОХУ-ыг дэмжиж байгаа хэрэг биш. Тэд бидэн рүү дайрсан. Гэхдээ надад маргааш зарлан ирвэл би хуульч аваад заргалдах болно”

“Хүн болгон л хариуцлага ярьдаг. Гэхдээ надад нэг асуулт байна: Энэ улс надад яг юу өгсөн болоод би өртэй юм? Миний эцэг эх сургуулийн минь төлбөрийг төлсөн. Би сайн сурагч байсан ч мөнгөө хэмнэж суралцах шаардлагатай байсан. Хэн ч хуулиа дагадаггүй хэр нь бүгд хариуцлага ярьдаг”

“Ямар ч цэргийн бэлтгэлгүй байж би фронт дээр очоод яах юм? Нэг бол хоёр минутын дотор үхнэ. Эсвэл энд ажиллаад татвараа төлөөд эдийн засгаа дэмжинэ” гэжээ.

“Энгийн иргэд хэтэрхий тайван болсон”

29 настай Марк Холовей цэргийн албанд сайн дурын ажилтнаар ажилладаг. Тэр дайчлагдахад бэлэн.

“Ерөнхийдөө би эрүүл мэндийн шалтгаанаас болж цэргийн алба хашиж болохгүй. Би бөөрний архаг полицистик өвчинтэй. Эмчлэгдэх боломжгүй. Би тусгай хоолны дэглэм баримталж, урьдчилан сэргийлэх зорилгоор зургаан сар тутам эмнэлэгт хэвтэх ёстой. Бас би 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй. Байнга эм уух хэрэг гардаг”

“Гэхдээ одоо алба хаагчдын тоог хүргэхийн тулд эрүүл мэндийн асуудал харгалзахгүй дайчлах байх. Ямартай ч би айхгүй байгаа. Хэрвээ надад зарлан ирвэл дайчлагдахад бэлэн. Би одоо л аль албанд дайчлагдахыг хүсэж буйгаа ойлгосон. Найзуудынхаа хамт бригадад элсэхийг хүсэж байна”

“Энгийн иргэд хэтэрхий тайван болсон. Шөнийн клубүүд ажиллаж, шөнийн такси явж л байна. Хот руу пуужингаар халдах хүртэл дайны дунд байгаа гэдгээ хүмүүс мартдаг” гэжээ.

“Дайныг ган бус урам зориг ялдаг”

36 настай Александр Дядюшкин энэ жилийн сөрөг довтолгоонд сайн дураараа оролцжээ. Тэр хүний нөөцийн мэргэжилтэн байсан юм.

“Залуус фронтоос туршлага хуримтлуулан буцаж ирж, дайн нэлээн удаан үргэлжилнэ гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ дайсан ч гэсэн үүнтэй ижил туршлага хуримтлуулах тактик ашиглана. Ийм учраас байлдаанд оролцож буй мэргэжлийн цэргийн тоо манайд, дайсны талд ч тасралтгүй өссөөр байх болно.”

“Бид урт хугацааны төлөвлөгөөндөө анхаарах хэрэгтэй. Амиа золиход бэлэн байна гэсэн үг биш. Харин сараас сард, жилээс жилд ур чадвараа ахиулна гэсэн үг. Ийм учраас би алба хаасандаа харамсахгүй байна.”

“Энэ дайнд хүмүүсийн үүрэг чухал. Та бүхний мэдэж байгаар дайныг ган бус урам зориг ялдаг” хэмээсэн байна.

Эх сурвалж: CNN, DW

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-22 08:21

Эбэ үүл 2 хүүгээ аваад явах биз

Зочин
Зочин
2023-11-22 11:41

"Хүн болгон л хариуцлага ярьдаг. Гэхдээ надад нэг асуулт байна: Энэ улс надад яг юу өгсөн болоод би өртэй юм? Миний эцэг эх сургуулийн минь төлбөрийг төлсөн. Би сайн сурагч байсан ч мөнгөө хэмнэж сур�##�цах шаардлагатай байсан." эх орны тухай түй ч ойлголтгүй, хэрэглээний сэтгэл зүй гэж үүнийг хэлнэ. Манай улсын ихэнх нь ийм л болоод байгаа

Холбоотой мэдээ

Back to top button