Хамас: Байлдааныг түр зогсоох тохиролцоонд хүрэхэд ойрхон байна

Мягмар гарагт /2023.11.21/ Хамас бүлгийн ахлагч Израилтай тохиролцоонд хүрэхэд ойрхон байна гэж мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн Израилын тал агаарын цохилт өгсөөр байв.
Тус бүлгийн ахлагч Исмаил Ханиех Хамасын албан тушаалтнууд Израилтай байлдааныг түр зогсоох тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байна гэж Катарын зуучлагчдад мэдэгджээ.

Хэлэлцээрийн хүрээнд Хамас барьцаанд авсан 50 орчим энгийн иргэд, Израилын баривчилсан эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг суллаж, хэдэн өдрийн турш байлдааныг түр зогсоох юм.
Хоёр тал эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллах бөгөөд хэлэлцээг зуучилж буй Катарын албан тушаалтнууд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэж Хамасын төлөөлөгч Иссат эль Решик мэдэгджээ.
Решик “Al Jazeera” телевизэд хэлэлцээ байлдааныг хэдий хугацаанд түр зогсоох, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж оруулах, барьцааны хүмүүсийг ямар байдлаар солилцох тал дээр төвлөрч байгаа гэсэн юм.
Израил Катарын зуучилж буй хэлэлцээний талаар мэдэгдэл гаргахаас зайлсхийж ирсэн. Гэхдээ Израилын телевизүүд албаны хүмүүсээс тодруулга авч тохиролцоонд хэдхэн цагийн дотор хүрч магадгүй байна гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.