Top StoriesНийгэм ярилцлагаСПОРТ

Лигийн 10 удаагийн аварга Г.Цэцэгжаргал: 13 жил тусгай сургуульд багшилж, 23 жил волейболоор хичээллэж байна

Хөвсгөл Рашаант "Долоон од" клуб, ДЦС-4 ТӨХК-ийн Хөвсгөл-Эрчим багийн тамирчин ОУХМ Ганболдын Цэцэгжаргал. Тэрбээр волейболын үндэсний дээд лигээс 10 удаа аварга, найман удаа тэгш тоглогч болон шилдэг довтлогчийн шагнал хүртсэн онцлох тамирчин юм. Түүний хувьд энэ спортод 23 жилийг зориулсан бөгөөд энэ жил 15 дахь удаагаа дээд лигт хүч үзэж байна. Түүний онцлох амжилтуудаас дурдвал,

  • Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга
  • 2008 оны Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн, хүрэл медаль
  • 2009 оны Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, хүрэл медаль
  • 2012 оны Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, мөнгөн медаль
  • Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн шилдэг тоглогч
  • Лигийн 8 удаагийн шилдэг довтлогч болон тэгш тоглогчоор шалгарсан
  • Монгол Улсын шигшээ багт 12 жил тоглосон ийм тамирчин юм. Бид түүнтэй ийнхүү ярилцлаа.

-Энэ жил аваргалбал дээд лигийн 11 дэх түрүү маань болно-

-Дөнгөж сая хоёрдугаар тойргийн хоёр дах тоглолтоо хийгээд гарч ирлээ. Лигийн хэд дэх тоглолт вэ?

-Лигийн ес дэх тоглолтоо хийгээд гарч ирлээ. 3:2-ын харьцаатайгаар ялалт байгууллаа. Энэ манай багийн ес дараалсан хожил болов.

-"Хобби Эйс" багтай хийсэн ес дэх тоглолтыг үзлээ. Үзэгч, спорт сонирхогчийн нүдээр 5 ээлжийн тоглолт гарна гэж төсөөлж байсангүй. Юу нөлөөлөв?

-Нэгдүгээр тойрогт энэ багтай тоглоод 3:1-ийн харьцаатайгаар хожсон. Энэ удаа манай багийн тамирчид хэт тайван хандсан шиг дүр зураг ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, талбай дээр гарахдаа хэн хэн нь аль хэдийнэ хожчихсон юм шиг тийм сэтгэл зүйтэй байсан гэж анзаарсан. Мөн тамирчид маань хувийн алдаа олон гаргаснаас гадна лигонерууд санасан хэмжээнд тоглож чадсангүй. Тиймээс л тоглолт таван сет үргэлжиллээ гэж харж байна.

-Та бол лигийн 10 удаагийн аварга. Энэ утгаараа дээд лигт олон жил амжилттай тоглож байгаа, туршлагатай тамирчин. Анх хэдэн оноос лигийн гараа эхэлсэн бэ?

-Би дээд лигт 2001 оноос эхэлж тоглосон. Энэ жил миний 15 дахь лиг болж байна. Энэ хугацаанд хэсэг завсарлаж хаврын тэргүүн, намрын тэргүүн гэж тэмцээнүүдийг болж байсан. Хэрэв тасралтгүй үргэлжилсэн бол энэ миний 19 дэх лигийн тэмцээн байх байлаа.

-15 удаагийн лигийн 10-т нь аваргын цом өргөсөн. Өнгөрсөн жилийн тухайд "Хөвсгөл-Эрчим" клубт нэгдэж энэ бүрэлдэхүүний хамт алтан медаль хүртсэн. Өмнө жилүүдэд ямар багуудаас тоглож аваргалж байв?

-Анх гараагаа “Эрчим” клубээс эхэлж, багтайгаа маш олон удаа аваргын цом атгасан. Түүний дараа “Энагурэ” клубт нэгдэж, 3-4 түрүү авсан. Мөн "Алтайн барс" болон "Дархан Сет" багаас дээд лигт өрсөлдсөн. Харин өмнө жил хуучин тоглож байсан “Эрчим” багийнхаа нэр дээр тоглож дахин аварга болсон. Энэ жил мэдээж аваргаа бататгахаар оролцож байна.

-Лигт лигонер тамирчид ихээр оролцож байгаа нь чанар болон өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна-

-Сая ес дэх тоглолтоо хийсэн "Хобби Эйс" багийн бүрэлдэхүүнд одоогийн "Эрчим" клубын хэд хэдэн тамирчид байсан. Тэд "Хобби Эйс" ийн 80-90 хувийг бүрдүүлж байсан шүү дээ. Эдгээр тамирчид болон та нэгдэж "Эрчим"клубыг дахин лигт орулж ирэх болсон шалтгаан юу байсан бол?

-"Эрчим" клуб бол олон жилийн түүхтэй, лигт өндөр амжилт гаргасан ууган клубуудын нэг. Одоо манай багт байгаа зарим дүү нар маань хамт "Энагурэ"-д тоглож байсан. Бид биесээ сайн мэднэ. Ингээд л надад хуучин клубтээ нэгдэх саналыг тавьж, би ч дуртай хүлээж авсан. Анх спортын тэр дундаа лигийн гараагаа эхэлж байсан клубтээ эргэн нэгдсэндээ баяртай байгаа.

-Өмнө жилтэй харьцуулбал эмэгтэй лигонер тамирчид олон иржээ. Тэд лигт болоод багт ямар сайн талыг харуулж байна?

-Лигонер тамирчид багт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд багийн хожил бүрт чухал нөлөөтэй. Нөгөө талаас дээд лигт лигонер тамирчид ирж оролцож байна гэдэг нь өөрөө лигийн чанар, чансаа ахиж буйг илтгэж байгаа нэг хэлбэр. Энэ жилийн тухайд бүх баг жигд, муу баг гэж алга. Тиймээс тоглолт бүр хүч шавхсан, өрсөлдөөнтэй, ижил тэнцүү болж байна. Хэн нь ч хэнийгээ хожих магадлалтай ийм чансаа өдөр найман баг өрсөлдөж байгаа. Баг бүрийн лигонерууд ч ур чадварын хувьд сайн юм.

-Та лигт тасралтгүй олон жил тоглосон, аргагүй туршлага заах тамирчнаар нэрлэгдэж байна. Сүүлийн жилүүдэд үеэрээ шахуу түрж орж ирсэн залуусаа хэрхэн дүгнэх вэ?

-Одоогийн хүүхдүүд бүгд жигд өндөр болжээ. Миний үед багт хоёр юм уу гурван л өндөр тамирчин байдаг байлаа. Харин одоо багийн бүрэлдэхүүн жигд өндөр болсон. Энэ бол волейболын спортын гол чухал өгөгдлийн нэг л дээ. Ур чадварын хувьд мэдээж сайжирсан, чанаржсан бүгд л хурдтай, хүчтэй ийм болсон байна. Зарим охид, залуус маань гаднын лигт урилгаар тоглосон, амжилт гаргасан тохиолдлууд ч байна. Тиймээс энэ спорт цаашид улам хөгжинө гэдэгт итгэдэг ээ.

-Сүүлийн 2-3 жилийн лигийг анзаарлаа. Дээд лигийг зохион байгуулж байгаа холбоог хэрхэн харж байна. Жил ирэх тусам чанар дээр ахиц гараад байх шиг?

-Урдны юмгүй сайжирч, ахиц гарч байна л гэж хардаг. Арав гаруй жил дээд лигт тоглосон хүний хувьд ингэж л анзаарч байна. Мөн үндэсний шигшээ баг энэ онд л гэхэд 5-6 олон улсын чанартай тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Энэ бүрт шигшээ багийн тамирчдын ур чадвар дээшилж байгаа. Нөгөөтэйгүүр гаднын мундаг тамирчидтай мөр зэрэгцэж нэг талбайд гарна гэдэг өөрөө ахиц шүү дээ. Залуус өөрсдөөрөө бахархаж улам сайжрах, мэргэжлийн болох хүсэлдээ хөтлөгдөж хичээх урам зориг авсан байх.

-Үндэсний шигшээ багаараа 4-5 олон улсын тэмцээнд оролцсоны дараа дэлхийн чансаа 55 байраар урагшилсан-

-Энэ жил шигшээ багаараа оролцсон олон улсын тэмцээнүүд дундаас Азийн аварга болон Азийн наадмыг онцолж асуумаар байна. Бид эдгээр тэмцээнүүдэд амжилт гаргахад, шилдэгт үлдэхэд хэр ойр санагдав. Цаг хугацааны хувьд тэдийд боломжтой гэж сэтгэлд багтсан зүйл мэдрэгдэв үү?

-Азид өрсөлдсөн шигшээ багийн тухайд залуу бүрэлдэхүүн байсан ч гэлээ өмнө байгаагүй хүчтэй баг гэж хэлмээр байна. Хэдийгээр ялагдал хүлээсэн ч бидэнд боломж байгаа гэж харсан. Миний төсөөллөөр магадгүй 2-3 жилийн дараа бид медаль хүртэх хэмжээнд оччих байх. Хамгийн чухал нь олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцоод байвал бидэнд хэрэгтэй.

-Эдгээр тэмцээний дараа шигшээ багийн дэлхийн чансаа хоёр оронтой тоогоор урагшилсан чухал үзүүлэлт гарсан байсан?

-Тийм ээ. Бид олон улсын 4-5 тэмцээнд оролцсон болохоор авсан оноо, хожил зэрэгт үндэслээд 55 байраар урагшилсан.

-23 жил гэдэг богино хугацаа биш, ялангуяа спорт. Таныг ингэтэл дурлуулсан анхны шалтгаан юу байв, хэн байв?

-Мэдээж гэр бүлийнхэн. Миний аав намайг энэ спортод эргэлт, буцалтгүйгээр дурлуулсан. Одоог хүртэл би нэг ч удаа энэ спортоосоо уйдаагүй, болих тухай бодож байгаагүй гэж хэлж болно. Больё гэсэн ч больж чаддаггүй. Ерөөсөө л хэзээ ч болихгүй гэдгээ мэддэг. Өөрөө тоглохгүй болсон ч ирээдүйд хүүхдүүд дасгалжуулна.

-Тэгэхээр өөрийн гэсэн шавь нар бэлдэж, дээд лигт өрсөлдөх хэмжээний багтай болно гэж ойлгож болох уу?

-Болно. Одоогоор миний бэлдэж буй хүүхдүүд жаахан ч гэсэн ирээдүйд маш сайн тамирчид болно байх аа гэж итгэддэг. Мэдээж надаас зарим зүйл шалтгаална, би чадахаараа хичээнэ. Ямартай ч дээд лигт өрсөлдөх хэмжээний баг, хүүхдүүд бэлдэхээр одооноос бэлтгэл эхлүүлээд л байна.

-Цаг хугацааны хувьд төсөөлөл байна уу?

-Хүүхдүүдийн маань хувьд 7-12 настай. Тиймээс арай балчир байна. Төсөөллөөр 8-10 жилийн дараа л гэж харж байна даа.

-Та багш, дасгалжуулагч мэргэжилтэй юм уу?

-Би Үндэсний биеийн тамирын сургуулийг волейболын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Одоо Баянгол дүүргийн 70-р тусгай сургуульд ажилладаг. Эмчилгээний биеийн тамирын багшаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Би энэ 13 жилийн хугацааг тэрхүү хүүхдүүдийнхээ төлөө зориулж, тэдний төлөө чадах бүхнээ хийхийг хичээдэг.

-Би нийслэлийн 70 дугаар тусгай сургуульд багшлаад 13 жил болж байна-

-Нэг байгууллагатаа их удаан ажиллажээ. Энэ хугацаанд олон ч лиг, гаднын тэмцээн уралдаанд оролцсон байж таарна. Ажлаа хэрхэн зохицуулдаг юм бэ. Лиг л гэхэд бүтэн улирал үргэлжилдэг шүү дээ?

-Сургуульдаа анх ажиллаж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хамт олон маань дэмжсээр ирсэн. Чухал тэмцээн уралдаанд оролцох, эх орноо төлөөлж гадагшаа явах бүрт сайн ойлгож, дэмжиж, бүр цалинтай чөлөө ч олгох тохиолдол байдаг. Монголын нөхцөлд тамирчин зөвхөн тоглоод цалин аваад явах боломж байхгүй тул хамт олон байгууллага гэдэг маш чухал. Тиймээс хамт олондоо үргэлж талархаж явдаг.

-Түрүүн аав маань энэ спортод дурлуулсан гэлээ. Би таныг Хөвсгөл аймгийн Рашаант сумынх гэж ойлгосон, зөв үү?

-Үгүй ээ, би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат хүн. Манайх нутгаасаа гараад олон жил болж байгаа. Би Улаанбаатар хотод төрсөн. Цэцэрлэг суманд манай хамаатан садан маш олон хүн бий.

-Лиг рүү буцаад оръё. "Хөвсгөл-Эрчим" багийн хувьд бусад багуудыг бодвол энэ жил аваргаа хамгаалах чухал даалгавартай. Тиймдээ ч нэг ч хожигдолгүйгээр лигийг тэргүүлсээр байна. Аваргаа батална, чадна гэдэг төсөөлөл бууж байна уу?

-Мэдээж аваргаа хамгаалахын төлөө бид бүх нөөц бололцоогоо дайчилна. Багийн хувьд өмнө жил нэгдэж аваргалсан бүрэлдэхүүн учир гар нийлэх, ойлголцох, нэгнээ сонсох, хүлээж авах тал дээр ямар ч асуудалгүй. Нэг хүн шиг нягтарч чадна. Мөн тоглолт бүрийн дараа алдаа нь юу байв, оноо нь юу байв, дараагийн тоглолтод юуг анхаарах, засах шаардлагатай байна гэдгээ маш сайн ярилцдаг. Хувь алдаа их ажиглагдаад байгаа учраас хүн нэг бүр дээр ярих, засах зүйлс ч байх шиг байна.

-Таны хувьд волейболын дээд лигээс найман ч удаа шилдэг довтлогч, тэгш тоглогчийн шагнал хүртэж байсан. Анх хэдэн онд авч байсан бэ?

-Анх 2004 оноос эхлээд 2009 он хүртэл оролцсон лиг бүрээсээ тасралтгүй тэгш тоглогч болон шилдэг довтлогчийн шагнал хүртсэн. Үүнээс хойш ч олон удаа авсан. Азийн зарим тэмцээнээс ч шилдэг довтлогчийн шагнал хүртэж байсан амжилт бий.

-Тэгвэл, Азийн наадамд багаараа ямар амжилтыг үзүүлж байв?

-Анх үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаад 2006 оны Дохагийн Азийн наадамд оролцож байсан. Тухайн үед шилдэг наймд шалгарсан. Энэ нь манай багийн хувьд том амжилт. Мөн Азийн эмэгтэй волейболчдыг эрэмблэхэд шилдэг 30 тамирчны нэгээр нэрлэгдсэн. Үүнээс зургаан жилийн дараа буюу 2010 онд бид Гуанжоугийн Азийн наадмын шилдэг наймд дахин шалгарсан.

-Таны оролцсон анхны Азийн наадмаас хойш 17 жил өнгөрчээ. Энэ жил та гурав дахь удаагаа оролцлоо. 23 жил тууштай зүтгэлээ. Волейболын спорт танд юуг өгсөн бэ?

-Амьдралынхаа аль ч үеийг энэ спортгүйгээр хүлээн зөвшөөрч чадахгүй. Волейбол надад миний одоо байгаа хүрээлэл, хамт олон, найз нөхөд, гэр бүл гээд бүхнийг өгсөн. Тиймээс энэ замаар алхсандаа нэг ч удаа харамсаж, хазайж байгаагүй.

-Бид жилийн турш сар бүр тогтмол цалин авч, зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаардаг-

-Одоо байгаа багийн бүрэлдэхүүнээс дурдвал, шилдэг тоглогчид цөөнгүй байгаа шүү дээ?

-Манай багт Монголын номер нэг шилдэг холбогч Хосбаяр, шилдэг довтлогч Хонгорзул нар багтсан. Мөн өмнө жилийн шилдэг хамгаалагч ч бий. Бид 3 үндэсний шигшээ багт багтаж энэ жил олон улсын цөөнгүй тэмцээнүүдэд оролцсон учир бэлтгэл, форм муугүй байгаа. Ур чадварын хувьд ч ахисан гэж дүгнэж байна. Манай багийн охид маш цоглог, биесээ сайн ойлгож, дутуугаа нөхөж чаддаг. Бараг л нэг хүн шиг харцаараа ойлголцдог болсон. Энэ бол багийн спортод маш чухал үнэт зүйл. Мөн дүү нар маань миний үгийг сайн сонсож, ойлголцож чаддгаг тул хамтарч тоглоход урамтай байдаг

-Тамирчдын цалин хөлсний тухай та юу хэлэх вэ?

-Өмнө жилүүдийг бодвол хөгжлөө дагаад сайжирч байгаа. "Хөвсгөл-Эрчим" клубын тамирчид сар бүр тогтмол цалин авдаг. Өөрөөр хэлбэл, бүтэн жилийн турш тогтмол цалинтай гэсэн үг. Харин анх "Эрчим" клубт тоглодог байхад одоогийнхоос бага байсан. Гэхдээ тухайн үедээ манай тамирчид сайн цалинтайд тооцогддог байв. "Эрчим"-ийн хувьд зарим тамирчдаа байгууллагадаа ажилд авдаг зэрэг давуу талууд байсан. Дараа нь "Энагурэ" клубт байхад мөн л хангамж сайн байлаа. Бид бараг долоон жил нэг байранд хамт амьдарсан гээд сайн жишээ олон бий. Ер нь жилийн жилд тамирчдыг үнэлэх үнэлэмж, боломж нөхцөл сайжирч байгаад баяртай байдаг.

Манай баг Хөвсгөл Рашаант “Долоо Од” клубээс шууд хамааралтай, н.Амарсанаа эзэнтэй. Энэхүү клуб маань биднийг бүх талаар дэмждэг гэсэн үг.

-Лигийн аваргын төлөө дахин шалгарлаа гэж төсөөлбөл танайхтай цомын төлөө тоглох багийг ямар баг байна байх гэж бодож байна?

-"Хилчин", "Энагурэ", "Тэнүүн Огоо", "Улаанбаатар Финикс" гээд ихэнх багууд маш жигд өрсөлдөөнийг үзүүлж байгаа. Эдгээр багуудын аль нь ч байж болох учраас бид хожлын үзүүлэлтээ хадгалсаар байхыг хичээж байна. Хоёрдугаар тойргоос багуудын хүч улам нэмэгдэж лигонер тамирчид ч ирж байгаа тул аль ч баг аварга авах боломжтой дүр зураг бий. Тиймээс бид ч мөн адил маш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх шаардлага үүсэж байгаа юм. Ямартай ч зүтгэнэ ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнхзул
Мөнхзул
11 сар 23, 2023 10:37

Үнэхээр сайн багш шүү. Бэлтгэл гэж чухам ямар байдгийг Цэцэгээ багшийн бэлтгэлээс мэдэрсэн. Улам их амжилтыг хүсэн ерөөе.

Зочин
Зочин
11 сар 23, 2023 10:48

Энэ хэдэн настай вэ

Зочин
Зочин
11 сар 23, 2023 14:47
Reply to  Зочин

35

Зочин
Зочин
11 сар 24, 2023 08:18

Сайхан бүсгүй, сайн ч тамирчин юм аа, санаагаар болдог бол Содном арслантай гэр бүл болсон бол мөн ч сайхан нуруулаг спортлог тамирчидтай болохгүй юу, ккккк. Мөрөөдөл шүү.

fan
fan
11 сар 24, 2023 17:23

10 aad jiliin omno sain nuruulag toglogchid baisan . odoo ene tsetsegjargaliin uyiihen . dahin leagued togloosoi

Зочин
Зочин
11 сар 24, 2023 17:24

mundag sain bn amjilt husey

Холбоотой мэдээ

Back to top button