Мьянмарт зэвсэгт хүчний засаглал ганхаж эхлэв үү

2021 оны хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарын зэвсэгт хүчин төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авсан. Тэгвэл төрийн эргэлт болсноос хойш үзэгдээгүй хүчтэй байлдаан зэвсэгт хүчин болон ардчиллыг дэмжигч бүлгүүдийн хооронд үүсээд байгаа талаар НҮБ мэдээлжээ.
Аравдугаар сарын сүүлээр үүссэн мөргөлдөөн төрийн эргэлт болсноос хойш газарзүйн хувьд хамгийн өргөн хүрээтэй, том байлдаан болж хувирсан байна.
Төрийн эргэлт хийсэн цагаасаа хойш зэвсэгт хүчин засаглалыг нь эсэргүүцэж буй бүлгүүдийг хяналтдаа авч чадахгүй байсаар ирсэн. Тэгвэл тус улсын Шань мужид шинээр үүссэн бүлэг зэвсэгт хүчний эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлжээ.
“Ахан дүүсийн холбоо” нэртэй тус бүлэг аравдугаар сарын 27-ны өдөр байлдаж эхлэн, БНХАУ-ын хилтэй ойролцоох хэд хэдэн тосгон болон заставыг эзлэн авсан байна.

Зэвсэгт хүчнээс Мьянмарын ерөнхийлөгч болгон томилсон Миинт Све улс задрах эрсдэлтэй байгаа учир энэ асуудлыг болгоомжтойгоор хяналтдаа оруулах хэрэгтэй гэж хэлжээ.
Мьянмарын бусад мужуудад буй эсэргүүцлийн бүлгүүд энэ боломжийг ашиглахаар завдаж буй. Баруун хэсэгт оршдог Ракхайн мужид Араканы арми энэ сарын 13-ны өдөр зэвсэгт хүчний эсрэг шинэ фронт үүсгэн тулалдаж байна.
Үүнээс гадна Сагаинг, Чин, Кайя мужуудад сөрөг хүчний бүлгүүд байлдаж байгаа аж. Гэхдээ мэргэжилтнүүд эзэлсэн газруудаа удирдлага дороо байлгаж чадах эсэх дээр эргэлзэж байгаа юм.
Зэвсэгт хүчин болон эсэргүүцлийн бүлгүүдийн хооронд мөргөлдөөн хурцадсаны улмаас Мьянмарт 286 мянган хүн байлдаанаас зугтан нүүн суурьшсан байна. НҮБ-ын мэдээлснээр 187 энгийн иргэн нас барж, 246 хүн гэмтжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.