Израил: Баасан гарагаас өмнө байлдааныг зогсоож, барьцааны хүмүүсийг солилцохгүй

Катар улсын Израил болон Хамасын хооронд зуучилсан тохиролцооны дагуу барьцаанд буй хүмүүсийг хоригдлоор сольж, байлдааныг зогсоохыг баасан гарагаас өмнө эхлүүлэхгүй гэж Израил мэдэгджээ.
Лхагва гарагийн /2023.11.22/ орой Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Цачи Ханегби “Хоригдол суллах ажил хоёр талын анх тохиролцсоны дагуу явагдана. Гэхдээ баасан гарагаас өмнө эхлэхгүй” гэсэн байна.
Кан нэртэй Израил телевиз албаны хүнийг иш татан мэдээлэхдээ Хамас болон Катар тохиролцоонд гарын үсэг зураагүй учир хойшлогдсон гэжээ.

Израил болон Хамасын албан тушаалтнууд лхагва гарагт тохиролцоонд хүрч байлдааныг хамгийн багадаа дөрвөн өдөр зогсоон, барьцаанд буй хүмүүсийг хоригдлуудаар солих болсон.
Тодруулбал Хамас барьцаанд буй 50 хүүхэд, эмэгтэйчүүдийг суллана, харин Израил шоронд хорьж буй 150 Палестин хүмүүсийг суллаж байлдааныг хамгийн багадаа дөрвөн өдөр зогсоох юм. Мөн өдөрт 10 барьцаанд буй хүмүүсийг суллавал байлдааныг зогсоох хугацааг 24 цагаар нэмнэ гэдгээ Израил мэдэгдсэн билээ.
Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас Израил руу гэнэтийн дайралт хийж 240 гаруй хүнийг барьцаалж авсан. Хоёр тал тохиролцоонд хүрсэн нь дайныг зогсоох анхны алхам гэж хүмүүс баярласан юм. Тэгвэл Нетаньяху “Би үүнийг л тодруулаад хэлье. Дайн үргэлжилж байгаа. Бид зорилгодоо хүрэх хүртлээ үргэлжлүүлнэ” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.