Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Тэмүүжин: Авлигын шүүх байгуулах нь “Ах аа намайг бодоорой” гээд Ерөнхийлөгчид хонгил бэлэглэхтэй ижил

Хууль зүйн сайд асан, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжинтэй Авлигын дагнасан шүүх байгуулах асуудлаар ярилцлаа.

Видео шууд үзэх:

-Өөрсдийнх нь хэлэх дуртай “ул”-ны гэх хэмжүүрт орохуйц улсуудад авлигын дагнасан шүүхтэй-

-Авлигын дагнасан шүүх байгуулах санаачилгыг Засгийн газар гаргаж, энэ долоо хоногт хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр шуурхайлах нь. Авлига, албан тушаалын хэргийг анхан шатны шүүхээр шүүхгүй. Шууд давж заалдах шат, УДШ-ээр оруулах зохицуулалт оруулж ирэх гэж байгаа асуудлыг хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготойгоор Авлигын дагнасан шүүх байгуулах санаачилга гаргасан байна лээ.

Гэхдээ энэхүү санаачилгаа “авлигын дагнасан шүүх байгуултал түр зуурын арга хэмжээ” нэрийн дор Эрүүгийн анхан шатны шүүхийн эрх хэмжээг давж заалдах шатны шүүх руу булаан авч, хэрэгжүүлэх байдлаар “авлигын хэргийг давж заалдах шатны шүүх, анхан шатны журмаар шийднэ, УДШ давж заалдах шатны журмаар хэлэлцэнэ. УДШ-ийн хэлэлцсэн байдал эцсийнх байна” гэх агуулгатай хуулийн төсөл боловсруулжээ. Хэд хэдэн ноцтой асуудал байна.

-Тухайлбал?

-Дэлхийн улс орнуудад авлигын дагнасан хэлбэрийн шүүх байх нь ч байдаг. 20 гаруй улсад хэрэгжүүлж байна. Гэхдээ ямар улс орнуудад байгаа вэ гэдгийг бид бодох ёстой. Хүний эрхийн мэдрэмжтэй, ардчилал хөгжчихсөн, хууль засагладаг үлгэр авахуйц улс орнуудад ийм шүүх байдаггүй. Харин эсрэгээрээ эрх баригчдын өөрсдийнх нь хэлэх дуртай “ул”-ны гэх хэмжүүрт орохуйц улсуудад ийм шүүх бий. Тодруулбал, эдийн засгийн хувьд сул дорой, хүний эрхийн мэдрэмж ойлголтгүй, ардчилсан засаглалгүй, хууль гэхээсээ илүү хувь хүн, гэр бүл, хэсэг бүлэг засагладаг улс орнууд ийм шүүхтэй байдаг.

Яагаад “ул”-ны улс орнуудад ажилладаг шүүхийг Монгол Улсад байгуулах санаачилгыг гаргах болов гэдэг асуултад эхлээд хариулах ёстой.

-Ардчилал, хүний эрхийн мэдрэмжгүй 26 улсын түвшний зүйл манайд яригдаж байгаа байх нь?

-Нэгт, өнөөдрийн эрх баригчид улс орноо ийм хэмжээнд унагасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг гэж бодож байна. Авлига бүх цусаар нь нэвччихсэн.

Хоёрт, авлигын дагнасан шүүх авлигатай тэмцэхээс илүү, эрх барьж буй хүмүүсийнхээ улстөрийн насыг уртасгахад тусалдаг. Өрсөлдөгчийг нь цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Өөрийг нь шүүмжилдэг, өөр дуу хоолойтой, хулгайн бригадад нь ороогүй хэсгийг шийтгэхэд, өрсөлдөөнөөс гаргахад, хувийн цээрлэлээ ногдуулахад тусалдаг хэрэгсэл болчихсон.

Гуравт нь, улс нь нэгэнт “ул”-ных болчихсон учир эрх баригчид “эдийн засгаа ингэж босгоё” гэж амлалт өгч чадахаа байчихсан. “Та нарын эрх, эрх чөлөөг ингэж хамгаалъя” гэж яриад ч утга учиргүй болчихсон.

Тэгэхээр товчхондоо хууран мэхлэх замаар популизм хийж байж эрх мэдэлдээ үлддэг арга юм. Энэ арга л манай улсад бодит байдлаар давтагдах нь гэж харж байна.

-“Ах аа намайг бодоорой” гээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хонгил бэлэглэх гэж байна-

-Таныхаар авлигатай тэмцэх бодит сонирхол харагдахгүй байгаа юм байна, тийм үү?

-Энэ Засгийн газрын зорилго авлигатай тэмцэх, авлигын дагнасан шүүх байгуулах биш. Гоё популист уриа, тунхаг ярих явцдаа шүүхийн процессыг л тастаж хялбаршуулах. Анхан шатны шүүхийн эрх мэдлийг алга болгох байдлаар давж заалдах шатны шүүх дээр эрх мэдлийг төвлөрүүлэх хэлбэр рүү шилжинэ. Өөрөөр хэлбэл анхан шатны 30-40 шүүгчийн шийдвэрлэдэг асуудлыг давж заалдах шатны долоо, наймхан шүүгчийн дунд өгч, тэдний гурвыг нь л атгаж байх механизм. Өөрсдийнх нь захиа даалгаврыг гүйцэтгэх шүүхийн системийг л ажиллуулах нь. Өөрсдийнх хүслийг биелүүлэхгүй бол прокурор ганц эсэргүүцэл бичихэд УДШ дээр очиж, хаашаа ч хөдлөх аргагүй улстөрийн захиалга биелүүлэх боломж бий болгох гэж байна.

-Авлигын шүүхийн хонгил. Хэний хонгил вэ?

-Энэ жижигхэн хонгил бол Засгийн газрынх биш. Энэ бол Ерөнхийлөгчийн хонгил болно.

-Яагаад. Засгийн газрын өргөн барьсан хууль шүү дээ?

-Засгийн газар ийм санаачилга гаргасан ч шүүгч нарыг өөрчилж чадахгүй. Эцсийн дүндээ “Ах аа намайг бодоорой” гээд хамгийн том ахдаа хадган дээр тавиад өгч буй бэлэг. Иймэрхүү санаачилгыг ардын намынхан гурав дахиа хийж байна. Өөрийнхөө намын Ерөнхийлөгч, том ахдаа эрх мэдэлд очсон даруйд нь эрх мэдлээр бэлэг барьдаг. “Та намайг бодоорой” гэж хэлээд сүүдэр дор нь хулгай хийх гэдэг арчаагүй арга барил.

Эхнийх нь Намбарын Энхбаярыг Ерөнхийлөгч болоход нь гарсан үзэгдэл. Н.Энхбаяр намын дарга байх үед МАХН нэртэй байсан намынхан нь Төрийн албаны зөвлөлийг байгуулж, томилгооны эрх мэдлийг өгч байлаа. Төрд байгаа бүх хүнийг айлгах эрх мэдэл хэрэгтэй гээд АТГ-ыг байгуулж, даргыг нь өгч байсан. Ойгүй их эрх мэдлийг дөнгөж атгаад байтал сонгууль болж, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болчихсон. Ардын намынхан бүгд толгой руугаа шаасан. “Ц.Элбэгдоржийн эрх мэдлийг яаж танах вэ” гэцгээж байсан хүмүүс 2016 оны сонгуулийн дараа “Манай намын М.Энхболд ерөнхийлөгч болох гэж байна” гээд ерөнхийлөгчийн эрх мэдлийг дахин нэмж эхэлсэн.

Хувь заяаны шоглоомоор, Х.Баттулга гэдэг хүн ерөнхийлөгч болчихсон. Хоёр дахиа толгойгоо шааж, үсээ зулгаагаад “Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах ёстой” гэсэн пропагонда явуулсан. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж, танасан.

Одоо өөрийн намын Ерөнхийлөгчдөө эрх мэдлийг овоолох гээд гүйцгээж байна. Ардын намынханд нэг зовлон бий. Нийгмийн асуудлыг гаргаж ирүүтээ “надад эрх мэдэл, мөнгө өг” гэж нэхдэг. Энэ нь эцсийн дүндээ төрийг данхайлгадаг. Төрд их хэмжээний сул мөнгө авч ирж байна. Эрх мэдэл төвлөрнө гэдэг авлига цэцэглэнэ, хулгай явагдана гэсэн үг. Ярьж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь зөрөөд байна. Тэгэхээр авлига дагнасан шүүх, шүүх доторх эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, тусгай зориулалтын шүүх байгуулж байгаа мэт аяглаж байгаа нь өөрөө гурав дахь удаагаа үсээ зулгаахын цондон.

Өнөөдөр хэт олуулаа, хэтэрхий ихээр хулгайлж буй хүмүүс хайчилж танасан, асар хурдтай ажилладаг хонгилоороо 2024 оны сонгуулийн дараа өөрсдөө чирэгдэхийн цагт “бид юу хийчихэв ээ, үүнийгээ зогсооё” гэж тахилд өргөсөн ямаа шиг л чарлах байх гэж бодож байна.

-Үндсэндээ сонгуулиас өмнө “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй 49 хувийнхнаас эхлээд энэ шүүхээр оруулж, “намнах” ажиллагаа явагдах гээд байгаа юм биш үү гэсэн хардлага бий?

-Энэ хонгилоор хэн орох нь сонин биш. Хонгил нэгэнт ажиллаад эхэлсний дараа санаачилсан хүмүүс ч орно. Тодорхой санаж байна. Хуулиас гадуур, шударга бусаар хэн нэгнийг шийтгэхдээ алга ташиж байсан хүмүүс өөрсдөө хуульд дуудагдаж, шүүхийн өмнө ирэхээрээ ямаа шиг орилоод “хэлмэгдэх гээд байна, туслаач авраач” гэж жүжиг тоглохыг харлаа. Их олон хүнээс шүү. Тэгэхээр өнөөдөр алга ташаад магтан дуулж буй хүмүүс маргааш энэ хонгилоороо чирэгдээд ирэхийн цагт хэлэх үггүй болно. Энэ түүх давтагдана. Яагаад гэвэл би нэг бус түүхийн гэрч болоод байна.

Эрх баригчдын зүгээс хоёр гурван зүйл хэлж байна лээ. “Бид маш сайн ажиллаж, авлигатай тэмцээд байгаа. Илрүүлж байгаа. Шүүхээр шийдвэрлүүлэх гэхээр хойшлох, гацах эсвэл багахан хэмжээгээр торгуулах зэргээр толгойг нь илдэг болчихлоо” гэж байна лээ.

-Засгийн газрын байгууллагуудынхаа арчаагүй байдлыг шүүх рүү нялзайж болохгүй-

-Нэг талаараа үнэн биш юм уу?

-Зарим талаараа үнэн байж магад. Гэхдээ үүний буруутан нь хэн юм бэ. Нэг бүрчлэн ярих учиртай. Түүнээс биш бүгдийг нь нэг уутанд хийчхээд гаднаас нь нүдээд байж болохгүй. Авлига авсан нэр бүхий албан тушаалтнууд эсхүл хахууль авсан хүмүүс торгуулаад өнгөрчхөж байна. Шүүх хууль л хэрэглэж байгаа шүү дээ. 2016 оноос хоёр парламент дамнаж 60-аас дээш суудал авсан энэ нам өөрөө хуулиа өөрчлөөгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй баталсан хуулийн бурууг яагаад шүүгч нар хүлээх ёстой гэж. Шүүгч нар та нарын баталсан хуулийг нь хэрэглэж байгаа шүү дээ. Гэтэл хуулиа сайжруулах тал дээр эрх баригчид хэр ажилсан юм бэ.

2016 оны сонгуулийн дараа би зөндөө хэлсэн. “Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг оролдож болохгүй шүү. Наадах чинь авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлыг шийдэхийн тулд хөөн хэлэлцэх хугацаагаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах учиртай” гэж. Тэр хүмүүс өнөөдөр бантан хутгаж байна. Түүгээр бүх авлигачид нь гоожоод алга болчихсон шүү дээ. Авлигын хэргийн 22.2-ийг хэн хүчингүй болголоо. Авлигатай холбоотой заалтыг эд нар өөрсдөө ийш тийш нь тонгочуулж, авлигачдад боломж олгочхоод шүүх рүү чихэж болохгүй.

“Анхан шатны шүүх хэргийг бодитой шийдэж, ур чадвартай шүүж чадахгүй байна” гээд байгаа. Шүүгч нарын томилгоо шүүхийн шаардлагууд, хуулийн орон зай ярьсаар байгаад 2019 онд Үндсэн хуульд хийж аваа биз дээ. Тэрнээс хойш хэдэн жил өнгөрөв. Дөрвөн жил болж байхад энэ ажлаа хийгээгүй байж одоо анхан шатны шүүхэд ямар хүмүүс томилогдоод байгаа юм бэ. Та нар одоо болил доо. Хэнтийнх гэхээр л хуулийн байгууллагын толгойд очдог. Ашиг сонирхлын зөрчилтэй, авлигажсан томилгоо хийсээр. Түүнийхээ үр дүнг буруутгаад шүүгээд сууж байж болохгүй шүү дээ. Өөрсдийнхөө ашиг сонирхлын зөрчилтэй томилгоог нүдээ аниад явуулчхаад “энэ хүмүүс ажил хийж чадахгүй байна” гэх нь толинд хараад өөрөө өөрийгөө шүүмжлэхтэй адил.

-Авлигын асуудлыг мөрдөн шалгаж буй болон прокурорын байгууллагын чанар чадварын тухайд?

-Авлигын дагнасан шүүх байгуулахтай холбоотой ярьж буй нэг том алдаа бий. Та нар авлигын хэргийг шалгаж байгаа байгууллагуудынхаа ур чадварыг, хууль зүйн орчинг, нотлох онол аргачлалыг өөрчлөхгүйгээр яаж авлигын хэргийг үр дүнтэй шийдэх юм бэ. Наадуул чинь дандаа социалист аргаар, хууль зөрчиж, өөрсдөө гэмт хэрэг хийх шахуу болж байна. Сүүлдээ ажлаа хийж чадахаа больчихсон. Хэвлэлээр гүтгээд харлуулаад алаад өгч буй мэт боловч шүүх дээр очоод жонхуу. Хэргийн холбогдогч шүүх хурал дээрээ прокурор, мөрдөгч нарт хичээл зааж байна шүү дээ. Яллагдагчаар татагдсан хүмүүсээсээ долоон дор хуулийн мэдлэгтэй хүмүүсээр дүүрсэн байгууллагаа өөрчлөхгүй юм уу. Дандаа Засгийн газрын байгууллагууд шүү дээ. Гар доорх байгууллагуудынхаа арчаагүй байдлыг шүүх рүү нялзайж болохгүй.

-Энэ сард авлигын хэрэгт холбогдсон хоёр ч хүн 27 сая төгрөгөөр торгуулаад өнгөрлөө. “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр нар. Анхан шатны шүүх дээр 27 сая төгрөгөөр торгоод, толгойг нь илээд байгаа 22.5 заалтыг хэрхэн яаж өөрчлөх учиртай юм бэ?

-Авлигачдад өндөр хариуцлага тооцъё л гэж байгаа бол Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулна биз дээ. Ийм боломж найман жилийн өмнө байсан шүү дээ. Гэтэл сонгууль болоход найман сар ч хүрэхгүй хугацаа үлчихсэн байхад “бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг л зүйл болж байна. Бодлого, урт хугацааны алсын хараа огт алга. Би юу хийх ёстой вэ гэж бодохоосоо урьтаад би энэ сандал, ширээн дээр суух ёстой гэдэг явган амбицаар үсэрч ирцгээдэг. Тийм учраас “борооны дараа цув нөмөрнө” гэдэг шиг сонгууль дөхсөн тул юу ч хамаагүй барьж аваад хийсэн болж харагдъя л гэдэг жүжиг л тавьж байна шүү дээ.

-“Авлигачдыг торгоод өнгөрдөг сул дорой шүүхтэй болчихсон тул дагнасан шүүх байгуулах шаардлага үүсчихлээ” гэдэг пиар шидээд байгаа нь анзаарагдсан?

-Сошиалд “хиамчид” гэж хэлэгддэг болчихсон бүлгүүд байна л даа. Эзнийхээ юу дугар гэснийг дуугардаг, муу байсан ч нүдээ аньж байгаад “сайн” гэж хашхирч чаддаг бүлэг хүмүүс байна. Гурав дөрөвхөн хоногийн өмнө жиргээнүүд явж эхэллээ. Хуучны машины цуглуулга тавьж байгаад “ийм авлигачид хүртэл ял завшаад яваад байна” гэсэн байсан. Тэр нь УЕП асан Д.Дорлигжавынх. Түүгээр далимдуулан “АН-ынхан авлигын дагнасан шүүх байгуулахыг гацааж, зогсоох гэж байна” гэсэн утгатай зүйлс хөвөрнө лээ.

Өнгөрсөн найман жил АН гудамжинд байлаа. МАН парламентад 65 суудалтай, хэнээс ч гуйхгүй шийдвэр гаргах эрх мэдлийг атгасан байна. Засгийн газрыг бүтэн найман жил авч явлаа. Сүүлийн гурван жил Ерөнхийлөгчтэй боллоо. Ийм байж Д.Дорлигжав гэдэг хүнийг яагаад мөрдөн шалгахгүй байгаа юм бэ. Яагаад хэргийг нь прокурорын шат руу аваачихгүй байгаа юм бэ. Шүүхийн шат руу огт очоогүй байгаа биз дээ. Үүнийг хэн хийх ёстой юм. Энэ Засгийн газар өөрсдийн хийгээгүй ажлаа “АН-аас боллоо” гэж ярьж болохгүй биз дээ. Шүүх рүү ирэхгүй бол “энэ хэргийг аваад ир” гэж захиалдаггүй субъект.

-Авлигын дагнасан шүүх байгуулах гэж зүтгэвэл эхлээд Үндсэн хуулийн маргаан дагуулж, нийгмийн эсэргүүцэлтэй тулна-

-Үндсэн хуулийн 48-р зүйлд шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулж болно гэх заалт бий. Шүүн таслах ажиллагааны төрлөөр авлигын шүүх байгуулах нь нэн түрүүнд Үндсэн хуулиа зөрчих асуудал гарна. Эрх баригчид үүнийг яаж аргалана гэж байгаа гэж бодож байна?

-Аргалахгүй л дээ. Сонгууль хүртэл авлигын дагнасан шүүх байгуулах сонирхол эрх баригчдад байхгүй. Хэрэв байгуулах гэж зүтгэвэл эхлээд Үндсэн хуулийн маргаан дагуулах байх. Нийгмийн эсэргүүцэлтэй тулах байх. Тиймээс “Авлигын эсрэг дагнасан шүүх байгуулмаар байна. Үүнд АН-ынхан садаа болоод байна” гэх хуурмаг тайлбар хийнэ. Гол зорилго нь анхан шатны шүүхийн эрх мэдлийг давж заалдах шат руу татаж, дээд шүүхэд төвлөрүүлэх гэсэн оролдлого. Үүнийгээ л батлуулах гэж байгаа юм. Сонгууль хүртэл энэ аргаар явах байх.

-ҮХЦ дээр очиж маргаан үүсэх тул, авлигын шүүх байгуултал гэдэг үг ашиглаж авлигын хэргүүдийг давж заалдах шатны шүүхээр машиндах гээд байгаа?

-Хүсэж байгаа зүйл нь юу гээч. Сонгуулиас наана хариуцлага хүлээлгэсэн дүр эсгэж хэдэн хүнийг дүүжилж, олон нийтэд харуулах. Гэхдээ түр зуурын хууль гэж байхгүй. Энэ хууль батлагдвал 2024 оны сонгуулийн дараа үйлчилнэ. Үзүүлэн харуулах гэж байсан хууль чинь эргээд өөрсдийг нь ачиж магадгүй дээ.

-Авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа УДШ дээр төвлөрүүлэх гэж байгаа бол УДШ-ийнхэн үе үеийн Ерөнхийлөгчдийн томилгооноос бүрдсэн байдаг биз дээ.

-УДШ-д давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийг аваачна гэдэг нь УДШ-ийн Эрүүгийн танхимын есөн шүүгч, прокурор эсэргүүцэл бичхэд л авлигын бүх хэргийг эцэслэн шийднэ гэсэн үг.

-Танай намынхныг эхлээд машиндах гээд байгаа тул АН-ынхан энэ хууль дээр бойкот хийгээд байна гэдэг шүүмжлэл явж эхэлсэн. Бойкот хийж дийлэх үү?

-Бойкот гэдэг үг хэр оновчтой эсэхийг мэдэхгүй байна. Ардчилсан нам түүхэн сургамжийг байнга санадаг. Ногоон малгайтнуудын тусгай комисс маягийн тогтолцоог шүүх дотор эсвэл гадна угсрах байдлаар 30 мянган хүнийг хэлмэгдүүлсэн түүхийг бид мартаагүй. Мөн гурав, дөрөвхөн жилийн өмнө Ерөнхий сайд байсан хүнийг Монгол Улсад тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх санаачилга гаргасан хүмүүсийг шүүхээр ялласан. Энэ түүхийн бичсэн бэх, дарсан тамга хатаж амжаагүй.

Ардчиллын инститүцүүдийг дарангуйлагчид өш хонзонгоо авах эсвэл өөрийнхөө эрх мэдлийг баталгаажуулах хэрэгсэл болгох гэж байгааг эсэргүүцнэ. Ардын намынхны мангас бүтээх гэж байгаа, хэн нэгнийг диктатур хэлбэрээр босгож ирэх гэж байгаа санаачилгыг л сануулж хэлээд байна. Мангас бүтээж болно. Мангас махчлахдаа хажуу хавиргаасаа эхэлдэг шүү. Наад махныхаа машинд эхлээд та нар өөрсдөө орно гэдгээ сайн бодоорой. Мангас хэзээ ч өөрөө өөрийгөө машиндахгүй. Хамгийн түрүүнд иргэдийг, өрсөлдөгчөө, үзэл бодол нийлэхгүй байгаа хүмүүсээ, хамгийн их бялдуучлагчдаа машиндана.

70 жил дарангуйлал бүтээсэн зуршлаасаа салахгүй юм уу. Энэ улс чинь 30 жил ардчиллын замаар явах гэж оролдож байна шүү дээ. Гэтэл харамсалтай нь санаачилгууд нь дандаа түүхийг эргүүлэх гэж оролддог. Эрх мэдлийг нэг хүн дээр овоолох гэж үздэг. Мангас бүтээх гэж зүтгэдэг заваан аргаасаа хэзээ салах юм бэ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.


Энэ талаар өмнө нь хүргэсэн Хуулийн тайлбар: 2025 он хүртэл авлигын хэргийг хоёр шаттай шүүхээр тусгажээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Энэ талаарх Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ төслийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-28 09:03

Энэ хүний ярьсан хэлсэн нь үндэслэл гарга лгаа их сайтай, маш нягт нямбай логиктой тэр ч чанараараа гүн бат үнэмшилтэй санагддаг. ХЗДХ-ийн сайд байхдаа оновчтой шинэчлэлүүдийг эхлүүлсэн боловч Цагдаагийн хөрөнгөлөг, хуучинсаг хурандаа нар Баттулгын удирдлага дор бүлэглэн эсэргүүцээд будаа болгосон доо ! Хэрэв тэр цагт, тэдгээр шинэчлэлийг хэрэгжүүлсэнсэн бол энэ их хулгай луйвар гарахгүй байсан байх шүү !
Монгол Улсын төр, засаг өнөөдөр хулгайч луйварчид тайгаа л тэмцэх гэж үйлээ үзэж бна даа !

Дорж Зочин
Дорж Зочин
2023-11-28 10:02
Reply to  Зочин

Энэ нөхөр ингэж Авилгачидыг өиөөрч байхаар иэр амраг охиноо тэврээд хэвтэж байв�##� таарна

Зочин
Зочин
2023-11-28 10:00

Элбэгдорж, М.Энхболд нар хонгил байгуулахад Тэмүүжин их тусaлсан. Тэр хонгилоор Чимгээ гэх эмэгтэйг чирч, эрүүдэн шүүсэн байдаг. Мөн хар тамхи хэрэглэж, Хууль зүйн сайдын хувьд Сарангэрэл гэх бүсгүйг бэлгийн дарамтад оруулж байсан. Ийм хүн одоо шударга ёс яриад хэрэггүй.

Нэр цэцэг
Нэр цэцэг
2023-11-28 10:15
Reply to  Зочин

Тэмүжин чи дут та нарын б�##�аг багадаагүй шүү

Зочин
Зочин
2023-11-28 10:54

Энэ эсрэг коммент бичээд байгаа ноход бол цөм цагдаа, хуулийн ялзарсан, хуучинсаг этгээдүүд шүү дээ !

Зочин
Зочин
2023-11-28 11:03

1937 оны онц комисс байгуулах гэж байна. Эсрэг намын хүмүүсээ барьж хорих арга

Зочин
Зочин
2023-11-28 13:20

МАН АН ын өлөн хулгайч луйварчин новшнууд ямбыг нь эдэлсэн хойно ялаа үүрэх нь шудрага бус уу

Tsog
Tsog
2023-11-28 15:15

yooo bolioosoo ene MAN

Зочин
Зочин
2023-11-28 15:22

Ямар их айдастай байнаа.холбоо сүлбээ нь ил гарв�##� ч.цус харвах нь.авилгын шүүхээс айж байв�##� аминд чинь өлзийтэй.одоо цахимжиж шилэн болж байгаа.
..хэлмэгдэнэ гэж бүү ай.өнгөрсөндөө нүгэл хийгээгүй бол битгий ай.авилгачидтай засгийн газрын хийж байгаа тэмцлийг дэмжицгээж байна.

Зочин
Зочин
2023-11-28 15:29

Эрүүлжүүлэх эмнэлгээ ялгааг мэддэггүй хүн шив дээ.шүүхүүдээ ялгахгүй нь аргагүй.авилгачдаа сайн х�##�амжилжилж байна.

ЗочинЗочин
ЗочинЗочин
2023-11-29 05:56

АНус нам авилгатай тэмцэхгүй, Монголыг луйвардсан нам бол АН буюу Монголчуудын хэлдэгээр АНус нам юм чинь

Холбоотой мэдээ

Back to top button