ЕВРО-2024 тэмцээний салхийг Герман, Шотландын баг хагална

Ирэх онд Германд болох Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /ЕВРО-2024/ эцсийн шатны сугалаа бямба гарагт Хамбург хотноо явагдаж, оноолт гарлаа.
2024 оны зургаадугаар сарын 14-нд эхэлж, нэг сарын турш үргэлжлэх тэмцээний салхийг Европын гурван удаагийн аварга Германы баг хагална. Шотландын багтай хийх уг тоглолт Мюнхен хотын "Allianz Arena" цэнгэлдэх хүрээлэнд болно.
Шувтаргын тоглолт долоодугаар сарын 14-ний ням гарагт Берлинд болно.
ЕВРО-2024 тэмцээн Германы Берлин, Кёльн, Дортмунд, Дюссельдорф, Франкфурт, Гельзенкирхен, Хамбург, Лейпциг, Мюнхен, Штутгарт гэсэн 10 хотод болно. Тэмцээнд 24 баг зургаан хэсэгт хуваагдан оролцох бөгөөд ирэх оны гуравдугаар сард болох плей-оффын тоглолтоор эцсийн гурван баг тодрох юм.
А хэсэг: Герман, Шотланд, Унгар, Швейцар
В хэсэг: Испани, Хорват, Итали, Албани
С хэсэг: Словени, Дани, Серби, Англи
D хэсэг: Плэй-оффын А хэсгийн ялагч, Нидерланд, Австри, Франц,
Е хэсэг: Бельги, Словак, Румын, плэй-оффын В хэсгийн ялагч
F хэсэг: Турк, плэй-оффын С хэсгийн ялагч, Португал, Чех багууд тус тус оноолт тааржээ.
Евро 2024-тэй холбоотой сонирхолтой баримтыг танд хүргэж байна
ДАШТ-ын дараах ЕАШТ
Герман улс ЕВРО-2024 тэмцээнийг зохион байгуулна. Тус улс XXI зуунд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хэдийн зохион байгуулсан бөгөөд 2006 оноос хойш 18 жилийн дараа Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Франц улс мөн ийм хугацааны дараа буюу 1998 онд ДАШТ, 2016 онд ЕАШТ-ийг зохион байгуулсан нь сонирхолтой. Тэгэхээр цаг хугацаа өнгөрөх тусам геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Орос улс 2036 онд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авна гэж хүлээх үлдлээ.
Югославын бүрэлдэхүүнд байсан гурван улсын баг Евро-д оролцоно
Серби, Хорват, Словенийн хөлбөмбөгчид тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байгаа. Мөн Босни-Херцеговины багийн хувьд дөрөв дэх эрхийг авах боломж бий. Босничууд Украины багтай тоглох бөгөөд хожсон тохиолдолд Израиль-Исландын аль ялсантай нь ЕВРО-2024-т оролцох эрхийн төлөө өрсөлдөнө. Өмнө нь түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй билээ. 2004, 2008, 2012, 2016 онуудад зөвхөн Хорватын баг ЕАШТ-ний шувтаргын шатанд оролцох эрхээ авч байсан бол ЕВРО-2020 тэмцээнд Хорват, Хойд Македон хоёр хамтдаа оролцож байв.
2008 оноос хойш анх удаа Скандинавын ганцхан баг Евро-д оролцоно
Скандинавын орнуудын дотроос Данийн баг шувтаргын шатанд оролцох эрхээ аваад байна. Тивийн аваргад байнга оролцдог Швед, мөн Норвегийн баг шувтаргын тоглолтод шалгарч чадсангүй. Одоо зөвхөн исландчууд л хасагдах шатны тоглолтоос шувтаргын тоглолтонд шалгарах боломжоо хадгалж үлджээ. Хэрвээ тэд Израилийн багийг хожвол Украин, Босни-Херцеговины аль хожсонтой нь тоглох юм. Хамгийн сүүлд 2008 онд Скандинавын ганцхан баг ЕАШТ-ний шувтаргын шатанд оролцож байсан нь Шведийн баг байлаа. 2012 онд Швед, Дани, 2016 онд Швед, Исланд, 2020 онд Швед, Данийн хөлбөмбөгчид ЕАШТ-ний төгсгөлийн шатанд оролцож байжээ.
2000 оноос хойш анх удаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын баг шалгарахгүй байж магадгүй
Одоогийн байдлаар хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын багуудаас нэг нь ч ЕАШТ-ний шувтаргын шатанд оролцох эрхээ авч чадаагүй байна. Оросын хөлбөмбөгчид олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулж сонгон шалгаруулах шатны тэмцээнд оролцоогүй бол Беларусь, Армени, Азербайжан, Литва, Латви, Эстони, Молдова улсууд шувтаргын шатанд шалгарч чадсангүй. Украин, Гүрж, Казахстаны хувьд плей-оффт шалгарах боломж бий. Гэхдээ Гүрж, Казахстаны багууд хасагдах шатны эхний тойрогт өрсөлдөгчдөө хожсон тохиолдолд хоорондоо учраа таарна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.