НҮБ: Газын зурвас хүүхэд байх хамгийн аюултай газар

НҮБ-ын Хүүхдийн сан бямба гарагт /2023.12.02/ Газын зурвасыг хүүхэд амьдрах хамгийн аюултай газар гэжээ. Израил, Хамас бүлгийн гал зогсоох тохиролцоо дуусаж, хоёр тал байлдаж эхэлсний дараа тус сан мөргөлдөөнийг нэн яаралтай зогсоохыг уриалсан юм.
Тус сангийн хэвлэлийн төлөөлөгч Жеймс Элдер “Гал зогсоох тохиролцоог заавал хийх хэрэгтэй. Нэгэн Палестин хүний надад гал зогсоохгүй л бол тэнд хар дарсан зүүд мэт нөхцөл байдалтай байгаа гэж хэлсэн. Арга хэмжээ авахгүй байна аа гэдэг нь мөн чанартаа хүүхдүүдийг хөнөөхийг зөвшөөрч байна гэсэн үг” хэмээжээ.
ДЭМБ Газын эрүүл мэндийн яамны мэдэгдлээс иш татан Газад нас барсан хүмүүсийн 41 хувь нь хүүхдүүд гэж мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден аравдугаар сард Газын зурвасын эрүүл мэндийн албанаас гаргаж буй тоо баримт итгэхэд хэцүү хэмээсэн. Гэхдээ Палестинд үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн байгууллагууд нас барагсдын тоо үнэн зөв, найдвартай гэж мэдээлсэн юм.
Дайн эхэлснээс хойш Газын зурвас дахь 36 эмнэлгийн 18 нь л үйл ажиллагаагаа хэсэгчлэн явуулж байгаа аж. Дайны улмаас бэртсэн хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн тулд дор хаяж 5 мянган ор хэрэгтэй гэж Газын албан тушаалтнууд тооцоолсон байна. Гэвч Газын эмнэлгүүд дэх орны тоо 3,500-гаас 1562 болж буурчээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.