ОХУ-д энэ жил өндөгний үнэ 42 хувиар өсжээ
ОХУ-д инфляц өссөний улмаас өндөг үнэд орж, ширхэглэн зарж эхэлсэн байна. Сирена нэртэй Телеграм хуудас дээр мэдээлснээр Новосибирск, Оренбург, Москва болон Крымын дэлгүүрүүд нэг өндгийг 9-өөс 20 рублиэр (300-аас 663 төгрөг) ширхэглэн зарж эхэлжээ.
Крымд дэлгүүр ажиллуулдаг хүн “Арван хэдэн өндөг авахын тулд 200 гаруй рубль төлнө гэвэл худалдан авагчид цочирдоно” гэж хэлснийг Сирена мэдээлсэн байна. ОХУ-ын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээг харвал өндөгний үнэ аравдугаар сард 13 хувиар, арван нэгдүгээр сард 15 хувиар нэмэгдсэн аж.
Харин энэ онд нийтдээ 42 хувиар өссөн байна. Оросын хэвлэлүүд өндөгний эрэлт нэмэгдсэн талаар мэдээлэхдээ ачааны машинаас зарж буй хямд өндгийг авахаар урт дараалал үүсгэсэн хүмүүсийг харуулсан юм.
Кремль үнийн өсөлтөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг буруутган, шуугиан дэгдээсэн тул өндөг нөөцлөх асуудал үүссэн гэж мэдэгдсэн байна. Харин эдийн засагчид үүнийг Украины дайнтай холбоотой гэж үзэж буй. Энэ талаар Их Британийн “Telegraph” сонин мэдээлэхдээ ЗХУ-ын үед дэлгүүрүүдийн тавиурууд хоосорсон явдлын бурууг капиталист үзэлтнүүдэд шахсантай ижил зүйл болж байна гэжээ.
“Invest Foresight” сайт үнийн өсөлтийн талаар мэдээлэхдээ “Үнэ үргэлжлүүлэн өснө. Хүнсний бүтээгдэхүүнүүдээс авхуулаад цахилгаан бараа, машин зэрэг өргөн хүрээний бараануудын үнэ нэмэгдэнэ” гэсэн юм.
Эх сурвалж: Telegraph
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.