Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо Украиныг элсүүлэх хэлэлцээ эхлүүлэхийг зөвшөөрлөө

Европын холбооны орнууд пүрэв гарагт /2023.12.14/ Брюссель хотод чуулж Украиныг тус холбоонд элсүүлэх асуудлын талаар санал хураасан байна. Тэгвэл олон улсыг гайхшируулсан үйл явдал болж Украиныг Европын холбоонд элсүүлэх хэлэлцээг гишүүн орнууд зөвшөөрчээ.

Украиныг Европын холбоонд элсүүлэх хэлэлцээд саад хийгээд байсан Унгар улс хориглох бус түдгэлзсэн санал өгсөн тул гишүүнчлэл олгох хэлэлцээг эхлүүлэх болов. Европын холбооны дипломатуудын хэлснээр Унгарын ерөнхийлөгч Виктор Орбан санал хураах танхимаас гарсан аж.

Санал хураасны дараа Орбан түдгэлзэж буйгаа мэдэгдэн “Энэ бол буруу шийдвэр” гэж хэлжээ. Европын холбооны чуулганаар гишүүн орон түдгэлзсэн учраас, тэр тусмаа гишүүнчлэлийн хэлэлцээний талаарх өндөр ач холбогдол бүхий зүйл ийм аргаар батлагдсан нь хачирхалтай гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна.

Уг мэдээг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский баяртайгаар хүлээн авч “Энэ бол Украины хувьд ялалт. Бүх Европын ялалт. Урам зоригоор хангаж, хүч нэмсэн ялалт боллоо” гэж хэлсэн юм.

Дайн хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж буй энэ үед барууны орнуудын тусламж Украинд юу юунаас илүү хэрэгтэй байгаа. Зун эхлүүлсэн сөрөг довтолгоо нь амжил олоогүй, мөн АНУ-ын Конгресс Байдены санал болгосон 60 тэрбум ам.долларын нэмэлт тусламжийг батлахгүй царцаасан.

Ийм учраас Европын холбоонд элсүүлэх хэлэлцээг эхлүүлнэ гэдэг нь том амжилт юм. Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен үүнийг “Стратегийн ач холбогдолтой шийдвэр. Энэ өдөр манай холбооны түүхэнд бичигдэн үлдэх болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button