Нийгмийн

П.Товуудорж: Хэмнэж хэрэглэвэл эрчим хүч ашигласны төлбөр бага л гарна

 “Тог-оо тохируулъя 17-22” аяны хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Товуудоржтой ярилцлаа.

-Аяны талаарх мэдээллийг уншигчдад хуваалцана уу?

-Эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний хэмнэлтийн хууль, төрийн бодлогын чиг үүргийг  хэрэгжүүлдэг байгууллага. Эрчим хүчний хэмнэлтийн хууль 2015 онд батлагдсанаас хойш тодорхой ажлуудыг хийгээд явж байна. Сүүлийн жилүүдэд төвийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал, хэрэглээ блансынхаа дээд цэгт тулаад байгаа. Ялангуяа өвлийн ачааллын үед импортын эрчим хүч огцом нэмэгддэг. Бүх дулааны цахилгаан станцууд маань суурилагдсан хүчин чадлаа 100 хувь ашиглаж ажиллаж байна.

Ийм үед 24 цаг тасралтгүй ажилладаг тоног төхөөрөмж эвдрэл гэмтэл, техникийн саатал тохиолдохыг үгүйсгэхгүй. Саатал гарсан тохиолдолд хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүснэ. Тийм учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны арваннэгдүгээр сарын 26-нд эрчим хүчний хэмнэлтийн улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан.

Нэг меговат эрчим хүч үйлдвэрлэх зардал болоод нэг меговат эрчим хүч хэмнэх зардал цаг хугацаа, хөрөнгө оруулалтын үнийн хувьд асар их зөрүүтэй, нэг меговатыг хэмнэх нь эдийн засгийн хувьд маш их үр өгөөжтэй гэж үздэг. Нэг меговат эрчим хүч хэмнэх нь нэг меговат эрчим хүч үйлдвэрлэхтэй чанарын хувьд тэнцдэг. Ийм учраас өнгөрсөн жилийн зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаад Эрчим хүчний сайдын зөвлөлийн хурлаар танилцуулаад энэ оны хоёрдугаар сард сайдын тушаалаар гурван ажлын хэсэг байгуулагдсан.

-Ямар чиг үүрэгтэй ажлын хэсгүүд байгуулсан тухайгаа тодруулаад өгөөч?

-Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг нь эрчим хүчний хэмнэлтийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон дүрэм, журам стандартыг шинэчлэх сайжруулах чиг үүрэгтэй. Энэ ажлын хэсгийн удирдлага дор хоёр дэд ажлын хэсэг байгаа. Нэг нь ерөнхий диспетчер Баатараар ахлуулсан ажлын хэсэг.Тус ажлын хэсэг нь үүрэг хүлээсэн томоохон хэрэглэгчид болох аж ахуйн нэгжүүдийг өвлийн ид ачааллын үед тодорхой хэмжээгээр ачааллыг хөнгөвчлөх боломжийг диспитчерийн зохицуулалтаар хийж гүйцэтгэнэ. Эрчим хүчний зохицуулах хороо, зохицуулагч миний биеэр ахлуулсан ажлын хэсэг олон нийтийг эрчим хүчний хэмнэх дадал зуршилд уриалъя, эрчим хүчийг хэмнэх нь ямар хэрэгтэй юм бэ гэдэг ойлголт өгөх замаар мэдлэгжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм.

-Энэ дундаас таны ахалж байгаа ажлын хэсгийн хийж буй ажлыг дурдвал?

-Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хуралдаж төлөвлөгөө гаргалаа. Ажлын төлөвлөгөөнд тусгасан ёсоор иргэн, айл өрхүүдээс судалгаа авсан. Судалгаагаар, Нэгдүгээрт эрчим хүчний талаар, эрчим хүчний зөв хэрэглээний талаар олон нийтийн мэдлэг ойлгоц тун тааруухан байлаа. Утаа, түгжрэл гэх мэт хурц асуудлуудтай харьцуулахад, Эрчим хүчний асуудал өөрөө нийгмийн анхаарлыг татахуйц сэдэв биш байна. Судалгаанд оролцсон 100 гаруй өрхийн 70 гаруй хувь нь гэр хороолол, үлдсэн нь орон сууцны хэрэглэгчид байсан. Эдгээр иргэд эрчим хүчний хангамж хүртээмж болон үнэ тарифд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Гэр хорооллын алслагдсан хэсгүүдэд хүчдэлийн уналт зэрэг чанарын доголдол гардаг асуудлуудыг эс тооцвол.

Хоёрдугаарт 17-22 цагийн оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ хэрхэн хэлбэлзэж, ОХУ-аас авах эрчим хүч ямар хэмжээгээр нэмэгдэж, яагаад хязгаарлах нөхцөл байдал гардаг, ер нь эрчим хүчний хэрэглээний өсөлт, оргил ачааллын талаар иргэд олон нийт ойлголт тун бага байгаа юм байна гэдэг дүгнэлт гарсан.

-Судалгааны үр дүн тааруухан гарсан юм байж. Тэгэхээр нийгэмд эрчим хүчний зөв хэрэглээний талаар ойлголт өгөх ямар ажил хийж эхлэх вэ?

-Шийдэл ярихгүйгээр олон нийтийг айлгаж цочирдуулахаас илүү тодорхой гарц гаргалгааг нь зааж өгье. Тухайн иргэн, айл өрх цахилгаан эрчим хүчээ хэмнэе гэж байвч аргаа олохгүй байж болох шүү дээ. Тэгэхээр тодорхой зан үйлийг хэвшүүлэх, дадалд сургахад үлгэр үзүүлэх байдлаар эрчим хүчний хэрэглээний соёл хэв маягийг сурталчилъя. Сурталчлаад зогсохгүй иргэд, аж ахуйн нэгжийг оргил ачааллын үеэр эрчим хүчний зөв хэрэглээнд дадах зуршлыг уриалъя. Энэ уриалга маань эрчим хүчний өвлийн цагийн хуваарийн оргил ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байгаа. Энэ ажлын хүрээнд бид “Тог-оо тохируулъя 17-22 цаг” гэдэг уриалга гаргаад, эрчим хүч хэмнэх энгийн аргуудын талаар ойлголт, мэдлэг өгсөн цуврал контент бэлтгэж олон нийтэд хүргэж байна. Ингэснээр иргэд юуны өмнө тогийг яаж хэмнэлттэй хэрэглэх боломж байна вэ гэдэг мэдлэг, ойлголттой болно. Тог-оо тохируулъя гэсэн нь системийн оргил ачаалалын үед тог-оо тохируулж, яг тэр цагт заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ унтрааж, бүрэн салгаж  зүй зохистой хэрэглэе гэдгийг уриалж байгаа юм.

-Эрчим хүчний хэмнэлт, зөв хэрэглээ гэдэг юм өөр улс оронд байдаг зүйл үү, манайх л ингэж хомсдолд ороод байдаг хэрэг үү? 

-Эрчим хүчний хэмнэлт гэдэг зүйл 1970-аад онд дэлхий дахинд нүүрлэсэн газрын тосны хямралаас үүдэлтэйгээр бий болсон байдаг. Хямралаас үүдэлтэйгээр улс орнууд “Эрчим хүчний хэмнэлтийн хууль гэдгийг баталж эхэлсэн. Эрчим хүчний өсөлт, хэрэглээ төдийгөөс өдий хүртэл тодорхой цаг хугацаанд сорилтуудтай тулгарч ирсэн түүх бий. Хамгийн сүүлд гэхэд л ОХУ-Украины дайнаас үүдэлтэй түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой хямралд европ тив бүхлээрээ шахуу өртөөд байгааг бид харж байна. Европын холбооны улсууд эрчим хүчний бага зарцуулалт дээр анхаарлаа хандуулж арга хэмжээ авч байна. Эрчим хүчний хамгийн бага зарцуулалтыг стандартчилж өглөө.

-Тэгвэл бид эрчим хүчний хэмнэлтийг хэрэглэгчдэд дадуулах өөр ямар арга замууд байна?

-Эрчим хүчний хэмнэлтийг, хэрэглээ талд удирддаг хоёр төрлийн арга байдаг юм. Нэгдүгээрт (Demand side management) эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих арга байгаа. Энэ нь эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмждэг, тог цахилгаан бага хэрэглэдэг тоног төхөөрөмж сонгох г.м. Хоёрдугаарт (Demand response) хэрэгцээг удирдах. Хэрэгцээг удирдах гэдэг нь нөөцийн хомсдол арилгах, системийн найдвартай байдлыг хангахын зорилгоор эцсийн хэрэглэгчдийн хэрэглээг бууруулж хамтран ажиллах зарчим гэж ойлгож болно.

Хэрэглэгчид шаардлагагүй хэрэгцээгээ хязгаарлахыг санал болгоно гэсэн үг. Шаардлагагүй хэрэглээ гэдэг нь хүнгүй өрөөний гэрэлтүүлгийг унтраах, ханын разетка-аас цэнэглэгч, цахилгаан хэрэгсэлийг салгаж бүрэн унтраах зэрэг наад захын соёл багтана. Үүнээс гадна өндөр ачааллын үед буюу 17-22 цагийн үед цахилгааны өндөр хэрэглээтэй тоног төхөөрөмжийг ахуйн хэрэглээндээ ашиглахгүй байхыг санал болгох юм. Дэлхий нийт ч ийм хоёр аргаар зохицуулалт хийгээд явдаг.

- Дэлхийд ийм улс ингэж зохицуулалт хийгээд явдаг гэж жишээ дурдвал, хамгийн ойр байгаагаас нь ?

-Саяхан 2011онд Японд болсон цунамигаас үүдэлтэй Фүкүшима цөмийн цахилгаан станцын ослыг бид мэдэж байгаа. Ослын дараа цөмийн станцыг зогсоосон. Цөмийн станц нь нийт суурилагдсан эрчим хүчний хүчин чадлын 4/1 хувийг эзэлж байлаа. Станцийн үйл ажиллагааг зогсоосны улмаас бий болсон цахилгаан, эрчим хүчний хямралыг давахын тулд Японы засгийн газар ийм зохицуулалтыг хийсэн. Жишээлбэл: Ачааллыг шилжүүлэх, хязгаарлах, дутагдалтай газруудад явуулын эх үүсвэр ашиглах зэргээр маш олон арга хэмжээг засгийн газар ард иргэд, эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч компаниудтайгаа хамтарч хийж хэрэгжүүлснээр 3-4 жилийн хооронд эрчим хүчний хямралаа давсан байдаг.

Харин манай урд хөрш БНХАУ арай өөр хэлбэрээр буюу тодорхой хууль тогтоомжоор хэмнэлтийг хуульчилж хэрэглээг удирдах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг орон. Канад зэрэг зарим улс орон оргил ачааллыг эдийн засгийн аргаар буюу оргил цагийн тарифыг өсгөх замаар бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлдэг ийм жишээнүүд байна. Манай улсад ахуйн хэрэглээний оргил ачааллын үеийн тариф гэж байдаггүй. Бид энэ тарифыг бий болгохоор судлаад явж байгаа.

-Тэгэхээр хоёулаа эргээд нөлөөллийн аяны талаарх яриандаа оръё. Аяны хүрээнд хийх өөр бусад ямар арга хэмжээнүүд төлөвлөж, хийж хэрэгжүүлж байгаа вэ?

-Эрчим хүч бидний амьдралыг тав тухтай болгож нийгмийн идэвхтэй, ажил үүргийн бүтээмж өндөртэй байхад нөлөөлдөг чухал үнэ цэнэтэй бүтээгдэхүүн юм. Гэхдээ энэ үнэ цэнэтэй бүтээгдэхүүн маань нөөц, хүчин чадал хязгаартай гэдгийг ухуулан сэнхрүүлэхийн тулд “Тог-оо тохируулъя 17-22” аяны хүрээнд бид 10 ажил хийхээр төлөвлөж байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо төрийн бодлогын чиг үүргийг “Эрчим хүчний хэмнэлтийн хууль” бусад хууль тогтоомжийн дагуу хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллагын хувьд Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газартай санамж бичиг байгуулсан.

-Сурагчдад тог хэмнэх дадлыг бий болгохын ер нь хэрхэх ёстой вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд гэр бүлд эрчим хүчний хэмнэлт хийх дадал зуршлыг бий болгоход насанд хүрэгчдээс илүү үүргээ ухамсарлаж, сурч дадахад амархан гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Бид хүүхдүүдэд хандсан дүр бүтээж, видео хэлбэрээр сошиал платформуудаар түгээх ажлыг хийнэ. Фото зургаар эрчим хүчний хэмнэлттэй холбоотой архив үүсгэж нийгэмд эрчим хүчний үнэ цэнийг ойлгуулж мэдээлэл өгнө. Бидний хийж хэрэгжүүлэх ажлыг олон нийт, нийгэмд түгээх ажлыг мэдээж сэтгүүлчид гардан гүйцэтгэнэ.

Тэгэхээр сэтгүүлчдийнхээ эрчим хүч түүний хэмнэлтийн талаарх ойлголтыг дээшлүүлэх сэтгүүлчдэд хандсан дөрвөн удаагийн сургалт зохион байгуулах гэж байна. Эрчим хүч, уур амьсгалын чиглэлээр дагнасан нийгмийн нөлөөлөгчдийг бий болгох зорилгоор эрчим хүчний салбарын экспертүүдтэй хамтарсан 1:1 гэдэг баг үүсгэж сургалт зохион байгуулна. Энэ сургалтад эрчим хүч, эдийн засаг, уур амьсгалын сэдвээр дагнаж бичих хүсэлтэй залуу сэтгүүлчид хамтарч ажиллахад нээлттэй. Эрчим хүч, дулааны оргил ачааллын үеийн хэмнэлт, зохистой хэрэглээний дадалд уриалсан бүтээлч постер, видеонууд гаргана. Энэ ажил маань эхнээсээ хийгдээд явж байна.

-Аян байгууллагууд руу чиглэх үү?

Тийм ээ. Системийн ачааллын 3/2 нь аж ахуйн нэгж байдаг. Аж ахуйн нэгжүүд дотор үүрэг хүлээсэн хэрэглэгчид байгаа. Тэдгээр хэрэглэгчдийг оргил ачааллын үеэр ээлжээ зохион байгуулах, засвар үйлчилгээгээ хийх, шаардлагагүй тоног төхөөрөмжөө унтраах зохицуулалтын ажлыг диспетчерийн үндэсний төвийн ерөнхий диспетчер Б.Баатараар ахлуулсан ажлын хэсэг хийж гүйцэтгэнэ. Энэ ажилд ч зохицуулах хорооны ажлын хэсэг нөлөөллийн ажлуудаа эдгээр байгууллагууд руу мөн чиглүүлнэ. Эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, ахуйн цахилгаан хэрэгслүүд, эрчим хүч хэмнэх арга аргачлал, танин мэдэхүйг багтаасан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж хэрэглэгчдэд таниулж мэдүүлье. Жишээ нь цагийн тохируулагатай тоног төхөөрөмж, гэр ахуй цахилгаан бараа байж болно. Үзэсгэлэн худалдааг он гараад зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

-Түрүүн та хүүхдүүдэд хандсан ажил нэлээдийг хийнэ гэж байсан. Видео контент бүтээгээд зогсчихгүй байх гэж бодогдоод байх юм?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхдүүдэд зориулсан “Зөв хэрэглэж зөндөө хэмнэе” аяныг зохион байгуулж эрчим хүчний зөв хэрэглээ, зөв дадалд суралцуулах уралдааныг сургуулиудын дунд зохион байгуулах, ахлах ангийн сурагчдын дунд эрчим хүчний оргил ачааллын үеийн хэмнэлт, зөв хэрэглээ дадалд уриалсан мэтгэлцээн, уралдаан тэмцээн зохион байгуулж хүүхдүүдийг идэвхжүүлье. Олон нийтийг эрчим хүчний салбарын өнөөгийн тулгамдсан асуудлууд, нөхцөл байдлын мэдээллээр хангая. Иргэд олон нийт мэдээлэлтэй байвал бидний ажлыг дэмжиж, хамтран ажиллана. Илүү хүнд байдалд орохоос хамтдаа урьдчилан сэргийлж чадна.

-Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-8 хувь өсөж байдаг гэж сонсож байсан. “Тог-оо тохируулъя 17-22” нөлөөллийн аянаар жил бүр өсөж байдаг хэрэглээний энэ өсөлтийг хэдэн хувь болгож бууруулж чадах бол гэж бодогдоод болдоггүй?

- Хэдхэн жилийн өмнө дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр эрчим хүчний үнийг төрөөс даасан. Эрчим хүчний үнийг төрөөс даана гэдэг тогтоол 2020 оны 12 дугаар сарын 13-нд гарсан. Тогтоол гарсан өдөр эрчим хүчний урд өдрийн хэрэглээнээс даруй 100 мегаваттаар нэмэгдсэн. Хэдийгээр гадна агаарын хэмтэй эрчим хүчний хэрэглээ шууд хамааралтай байдаг ч тэр өдөр гадна агаарын хэм огцом өөрчлөлтгүй байсан.

-Яг хэрхэн хөнгөлнө гэсэн үг үү?

-Тухайн үед бий болсон нөхцөл байдлыг засгийн газарт танилцуулж 12 дугаар сарын 15-ны өдөр эрчим хүчний сайдын “Эрчим хүчний хөнгөлөлтийг тухайн өрхийн урьд жилийнх нь мөн үеийн хээрэглээтэй харьцуулсан дүнг хөнгөлнө. Харьцуулалтаас илүү гарсан үнийн дүнг хэрэглэгч өөрөө төлнө” гэдэг утгатай тушаал гарахад эрчим хүчний хэрэглээ даруй 80-90 меговатаар буурч байсан. Энэ нь хэрэглэгчдийг  эдийн засгийн хөшүүргээр удирдаж, хэрэглээний зөв зүйтэй арга зам руу оруулах нэг аргачлал байгаа юм гэдгийг харуулсан.

Оргил ачааллын үнэ тарифыг үе шаттайгаар бий болгох ёстой. Дээр миний ярьдаг хэрэгцээг удирдах, хэрэглээг үр ашигтай болгох хоёр арга замаар 15 орчим хувь буюу энергийн хэмжээгээр 200-300 сая.киловатт цагийг хэмнэх боломж харагдаж байгаа юм. Энэ хэмнэж болох 200-300 сая киловат.цаг эрчим хүч баруун гурван аймгийн бүтэн жилийн хэрэгцээ гэж ойлгож болно. Энэ боломжийг бий болгоход хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Тэгэхээр бид 50-80 меговат хэрэглээг бууруулчих боломж байна. Тэгвэл бид дараагийн шинэ эх үүсвэр ортол хязгаарлалт, хөнгөлөлт хийхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

-Танд дэлгэрүүлж ярих агуулга үлдэв үү?

-Товчхондоо дүгнээд хэлэхэд “Тог-оо тохируулъя 17-22” нөлөөллийн аяны зорилго маань олон нийтийг соён гэгээрүүлэх, эрчим хүчний салбарынхаа нөхцөл байдлыг ойлгуулах, хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлтийн арга аргачлалыг зааж дадал зуршлыг суулгах юм. Эцэст нь хэн хожих вэ гэхээр хэрэглэгч ч хожно, эрчим хүчний салбар ч хожно. Хэмнэж хэрэглэвэл хэрэглэгчийн эрчим хүч ашигласны төлбөр бага гарна шүү дээ. Бүр том утгаараа Монгол улс эрчим хүчний хомсдолд орж, тэр чигээрээ харанхуй болох эрсдлээс хамтын хүчээр зайлж болох юм. Мөн Монгол улс олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудын өмнө хүлэмжийн хийг бууруулах тодорхой үүрэг хүлээсэн байгаа. Эдгээр зорилтыг биелүүлэхэд эрчим хүчний хэмнэлт тодорхой хувь нэмрээ оруулах юм аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2023-12-19 11:50

ямар мундаг нээлт вэ ? Нобелийн шагн�##� өгмөөр.

Болд
Болд
2023-12-19 20:53

Нохойн баас

Холбоотой мэдээ

Back to top button